Аугаа их Эх орны дайны Ялалтын 76 жилийн ой өнөөдөр (2021.5.9) тохиож байна. ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Удэ хотын төв талбайд аугаа их Ялалтын баярын парад сүр жавхлантайгаар эхэллээ.
Ялалтын парадын ОХУ-ын төрийн далбаа болон байлдааны тугийн салааны араас, бүх жагсаалын тэргүүнд эгнээнд монгол цэргүүд алхлаа. Түүхт ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 75 алба хаагч өчигдрөөс Улаан-Удэ хотод нэгдсэн бэлтгэлдээ ороод байсан юм.
Баярын цэргийн парадад Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хууль сахиулах байгууллагууд, цэрэг-эх орончдын хөдөлгөөнүүдийн 1500 гаруй хүн, 50 гаруй нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцож байгаа аж. Парад олон зориулалттай Су-30СМ сөнөөгч онгоцууд болон Су-25 “Грач” дайрагч онгоцуудын үзүүлэх нислэгээр өндөрлөх юм.