Оросын эрдэмтэд Якутын газар нутгаас маш сайн хадгалагдаж үлдсэн эртний агуйн арслангийн гүег олсноо зарлажээ.
28,000 орчим жилийн өмнө амьдарч байсан арслангийн зулзагын биеийг 2018 онд Семюелях голын сав газраас анх илрүүлж байсан юм байна. Олдворын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэ долоо хоногийн Quaternary шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.
Эм гүегт эрдэмтэд Спарта гэсэн нэрийг өгсөн байна. Уг олдвороос жилийн өмнө мөн газраас эр арслангийн гүегийн биеийн үлдэгдэл олдсоныг Борис хэмээн нэрлэж байжээ. Хоёр олдворыг хоорондоо 15 метр зайтай газруудаас илрүүлсэн ч амьдарч байсан цаг хугацаа нь олон мянган жилийн зөрүүтэй байсан юм. Борис 43,000 гаруй жилийн өмнө амьдарч байсныг эрдэмтэд тогтоож байв.
Арслангийн гүегүүд нэгээс хоёр сарын настай байсан гэж дүгнэжээ. Тэднийг арслан зааны соёо хайж явсан хүмүүс олсон байна. Агуйн арслангууд олон мянган жилийн өмнө устаж алга болсон юм. Спарта гүегийн бие цэвдэгт маш сайн хадгалагдаж үлдсэнээрээ онцлог ажээ. Түүний арьс, яс, дотор эрхтнүүд нь бараг хөндөгдөөгүй байгаа гэнэ. Тэр ч байтугай эхийнх нь сүүний үлдэгдэл илэрчээ. Үүнийг нь ашиглан арслангуудын хоол тэжээлийн бүтэц ямар байсныг судлах боломжтой талаар судалгааг ахалсан эрдэмтэн Валерий Плотников ярьж байна. Дэлхийн уур амьсгал дулаарч байгаатай холбоотой сүүлийн жилүүдэд Сибирийн мөнх цэвдэг хайлж, эртний амьтдын үлдэгдэл олноороо илрэх болсон юм.