Categories
мэдээ улс-төр

Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр 3 сая ам.долларын төсөл хэрэгжинэ

ЗурагАзийн хөгжлийн банкны дэргэдэх Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжих хүнсний ногооны тариалалт, үйлдвэрлэлийн үнэ цэнийн сүлжээг бий болгох замаар тариалан эрхлэгчдийн амьжиргааг дээшлүүлэх 3 сая ам.долларын төсөл Монгол Улсад хэрэгжинэ.

Монгол Улсын Сангийн яаманд Япон улсын Засгийн газраас санхүүжүүлдэг Азийн хөгжлийн банкны дэргэдэх Ядуурлыг бууруулах Япон сангийн хөрөнгөөр хэрэгжих “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааг дээшлүүлэх төсөл”-ийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн гарын үзэг зурж, уг арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Хироши Фүкасава оролцов. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар уг төслөөс эхлэн өнөөг хүртэл Азийн хөгжлийн банкаар дамжуулан дэмжлэг үзүүлж ирсэн Япон улсын Засгийн газар болон Японы ард түмэнд талархлаа илэрхийллээ.

Тус төслөөр Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон хүнсний ногоо тариалах техник, технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ тариалалтаас зах зээлд нэвтрэх хүртэлх бараа бүтээгдэхүүний тогтолцоог бүрдүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон нэмүү өртгийг нэмэгдүүлж, тухайн бүс нутгийн тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилттой юм.

Төслийн танилцуулга

Төслийн нэр: Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааг дээшлүүлэх төсөл
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Төслийн өртөг: 3 сая ам.доллар
Төслийн агуулга: Тус төсөл 4 газар (Төв аймгийн Борнуур сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Увс аймгийн Улаангом, Сэлэнгэ аймгийн Ерөө сум)-т хэрэгжих бөгөөд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон хүнсний ногоо тариалахын зэрэгцээ тариалтаас зах зээлд нэвтрэх хүртэлх бараа бүтээгдэхүүний тогтолцоог бүрдүүлж, үнэ цэнийн сүлжээг бий болгож, үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлж, улмаар тухайн бүс нутгийн газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байна.

Ядуурлыг бууруулах Япон сангийн талаар (JFPR: Japan Fund for Poverty Reduction )

Ядуурлыг бууруулах Япон сан нь Азийн хөгжлийн банкны холбоонд багтах хөгжиж буй орон, ялангуяа ядуурал тулгамдсан асуудал болж буй улсад урт хугацаанд нийгэм, эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэхэд дэмжлэх үзүүлэх зорилгоор 2000 оны 5 сард Япон улсын Засгийн газрын хөрөнгөөр Азийн хөгжлийн банкны харъяанд байгуулагдсан сан юм. 2002 онд тус сангийн анхны төсөл Монгол Улсад хэрэгжиж эхэлж, түүнээс хойш нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Өнөөг хүртэл нийт 50 гаруй төсөлд 80 сая ам.долларын дэмжлэг үзүүлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *