Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ядуу амьдралыг сурталчлах хэрэггүй

ядуу амьдрал зурган илэрцүүд

Сүүлийн үед цахим хэрэгслээр олны өрөвч сэтгэлийг хөндсөн зураг их тавих болж. Гурван сартай охинтойгоо таксинд явж буй аав, эсхүл хүүхдээ усны тэргэн дээр түрээд сургуульд нь хүргэж өгч буй ээжийн зургийг тайлбар сэлттэй нийтлэх юм.

Зарим нь бүр орон гэргүй яваа, эсхүл нөхөр хүүхдээ тэжээхийн тулд хүнд хэцүүг туулж буй зургаа тавьдаг. Тавьдаг ч гэж дээ, өөрийн хуудсандаа лайк цуглуулах донтой хэсэг нөхөд хүний өмнөөс зургийг нь нийтлээд байна. Иймэрхүү зургийн тайлбар нь “Энэ хүн ингэж амьдарч байна. Тусалъя” гэх утгатай. Доор нь яаж холбоо барьж хэрхэн туслах вэ гэх зэргийн коммент хөвөрнө. Энэ бол туйлын буруу сурталчилгаа. Сурталчилгаа гэсний учир нь орчин цагт цахим орчинд өсвөр насныхан үй түмээрээ байгаа.

Ер нь фэйсбүүк ашигладаггүй сурагч, оюутан байхгүй болоо биз. Ийм байхад ядуу амьдралыг сурталчлах хэрэггүй юм. Ядуу байгаа нь зөв ч юм шиг, тийм байвал хүмүүс өрөвдөж энэрээд тусалдаг юм байна гэх сэтгэхүйг бид өөрсдөө ч анзааралгүй хойч үедээ суулгаад байгаа ч юм бил үү. Бие биедээ туслах нинжин сэтгэлийг буруушаах гэсэнгүй. Гэлээ ч үр хойчдоо зөв зүйл үлгэрлэж баймаар байна шүү дээ. Нэг л их зовсон, ядарсан мэдээлэл оруулахын оронд шударга улстөрч, амжилттай яваа бизнесмэн, ажилдаа эзэн болсон мэргэжилтэн, техник технологийг хаанчилж буй инженерүүдийг сурталчилж байя. Тэрийг харсан хүүхдэд “Би яг энэ хүн шиг болно” гэх даль жигүүр ургаж юуны магад.

Ер нь хүүхдийн хүмүүжилд орчин маш ихээр нөлөөлдөг. Нэг л их өвчин зовлонтой, ядарч доройтсон нийтлэл нүдэнд нь байнга өртөөд байвал бид ингэж амьдрах ёстой юм байна гэх ойлголттой болж мэднэ. Тиймээс нэгэнт цахим ертөнцтэй нэгдсэн гэж хэлж болохоор өнөө цагт бие биедээ зөв мэдээлэл дамжуулж байя.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *