Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ядаж охиддоо тамхи зарахаас татгалзъя

Саяхны нэг өглөө орон сууцны цахилгаан шатанд явж байгаад тамхины утаанд золтой л угаартаад уначихсангүй. Доошоо буухаар зогсч байсан охин хамт лифтэнд оронгуутаа шуудхан тамхиа асаачихав. Ахлах ангийн сурагч бололтой цэцэг цэврүү шиг дэгжин тэр охин сандчин цүнхээ онгойлгоод нарийхан янжуур гаргаж амандаа зуугаад баагиуллаа. Жийрхэж эвгүйцэх шинж алга аа. Нэг давхар руу буух зуур тамхиа хэд, хэдэн удаа хүчтэй сороод утаат хөшиг татуулав. Тэнд нялх нойтон хүүхэдтэй хүн явааг огтхон ч тоосонгүй. “Миний дүү энэ хар хогоор яана вэ” гэхэд өөдөөс их л зэвүүцсэн харцаар ширтсэнээ “Миний амаар орж байгаа хор танд ямар хамаа байна вэ” гээд ширэв татах нь тэр. Түүний уушгинд орсон хор өөрийг нь болоод өрөөлийг хордуулдаг гэдгийг мэдэхийг ч хүссэнгүй. Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулагддаг гэсэн. Өдөрт бүтэн хайрцаг тамхи татах нь сэтгэлийн байнгын түгшүүр бий болгодгийг судлаачид тогтоожээ. Энэ мэт аюулын харанга дэлдэх аймшигт тоон үзүүлэлтүүдийг дурдвал тоймгүй.

Эцэг, эхчүүдээ таны танхил охид орцны үүдэнд, хонгилд, сургууль, байшингийн буланд хоёр, гурваараа нийлэн зогсч тамхи байнга татаж байгааг та мэдэж байгаа юу. Тэд биесээ дуурайн чамирхсанаас энэ хоронд донтон автаж байна цаана чинь. Аав, ээжүүд охид, хөвгүүдийнхээ ийм байдалд хяналт тавьж чадахгүй байгаа бол ядаж дэлгүүрийн худалдагч та бүхэн тэдэнд тамхи зарахаас татгалзаарай.Тэгээд ч орчин цагийн эрчүүд үнсний сав тэвэрч унтмааргүй байна гэдэг болсон байна лээ шүү охид, бүсгүйчүүд минь.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *