БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шинэ гүүрийн зорчих хэсгийг нээж, өнөөдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.
Уг төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийн сэргээн засварлах, налуу гүүрэн гарц барих, хойд хэсэгт жаазан гүүр, тулгуур хана барих зэрэг ажлууд хийгдэж байна. Ингэснээр Хөшигтийн хөндий болон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачаалал буурах боломжтой юм.
Төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын “Төмөр замын 20 дугаар товчоо групп” корпораци ажиллаж байна. Мөн хяналтын зөвлөх үйлчилгээг “Эс Ар Ди инженер консалтинг Монголиа” ХХК гүйцэтгэж байна. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ярихдаа “Өнөөдөр зөвхөн хөдөлгөөнийг нээж байна. Ашиглалтад орох болоогүй. Энэ гүүр нь гол, төмөр зам, гүүрэн гарц гээд бүгдийг холбосон томоохон бүтээн байгуулалт. Ашиглалтын хугацаа 60 жил. Стандартаас давсан сайн гүйцэтгэлтэй бүтээн байгуулалт болж байгаа юм” гэлээ.
Шинэ гүүр нь 250.2 метр урт, 20.5 метр өргөн, дөрвөн эгнээтэй. Хуучин гүүртэйгээ зургаан эгнээ байх юм. Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10 метрийн жаазан гүүр байна. В, С рамп зам нь асфалт бетон хучилттай байх юм. Урд эргийн шинэ барих D рамп-д 9х30 метрийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах юм. Нийслэлийн авто зам хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Нийслэлийн авто замыг бүтээн байгуулалтын ажил Сонсголон, Баянзүрх, Замын цагдаа болон Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтаар үргэлжилж байна. Яармагийн шинэ гүүр ашиглалтад орсноор Нисэх, Яармаг чиглэлийн авто замын ачааллыг гурав дахин бууруулна. Гүүрийн ажлууд өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн. Бүх ажлууд товлосон хугацааны дагуу явж байгаа. Ирэх жилийн аравдугаар сар гэхэд ажлаа дуусгаад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа. Өдөртөө 35-45 мянган авто машин зорчино гэсэн тооцоог гаргасан” гэв.
Өнөөдөр шинэ гүүрийг нээж, хуучин гүүрийг хааж байна. Хуучин гүүрийн засварын ажил маргаашнаас эхлэх юм. Засварын ажлын хүрээнд гүүрийн ховхорсон ригель болон бетон хучилтыг засаж нөхөх, завсрын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдэлд орсон даацын тулгууруудыг бэхжүүлэх, явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх ажлуудыг хийнэ.