Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Яараад яахав дээ

“Зөв тусгал”-аас энэ бүхэн эхэлсэн юм. Эцэг эх, асран хамгаалагчдад хандсан, уриалсан энэ аян цагдаагийнхны хамгийн их үр дүн өгсөн бодит ажлын эхлэл. Өглөөнөөс үдэш хүртэл ажил гэсээр гэртээ зориулах хомсхон цагтаа гар утас, телевизээ ширтээд суучихдаг шинэ эриний эцэг, эхчүүд үр хүүхдэдээ бага цаг зориулах болж. Үр хүүхдээ хэн хүнгүй л хайрладаг. Хайрласан ч тэр бүр илэрхийлээд байдаггүй. Мөн тэднийг болохгүй юм хийчих вий, осолдчих вий, буруу зуршилтай болчих вий гэж санаа зовно. Гэхдээ санаа зовохоос хэтрэхгүй, анзаарахгүй өнгөрөх нь олонтаа. Өөрөө сайнаар үлгэрлэхгүй л бол нэг л мэдэхэд хаанаас ч юм хачин үг сонсчихсон, тэрийгээ буруу хазгай шулганаад эсвэл буруу зуршил сурчихсан байх нь бий. “Гарцаар л гардаг юм шүү, ногоон гэрлээр л явдаг юм шүү” гэх хэрнээ хүүхдээ хөтлөөд л гарцгүй газраар жирийлгэнэ. Үг, үйлдэл хоёр ингэж зөрөөд байхаар хүүхэд хар аяндаа л “Аав, ээж гарцгүй газраар гараад болдог юм чинь” гээд л эхэлнэ. Энэ мэтчилэн олон зүйлд хүүхдэдээ эцэг, эхчүүд нь зөв тусгал болох санаачилгыг цагдаагийнхан эхлүүлж. Үүнийгээ сошиал, хэвлэл мэдээллээр сайтар сурталчлав. Сүхбаатарын талбайд сүртэй гэгч нь нээлт, хаалт хийлээ. Хүмүүс дуртай байна аа. Хүн хэлэхээс нааш гэдэг дээ. Мэдсээр байж алдаа гаргахыг алийг тэр гэхэв. Зөв тусгалыг сонсоод “Нээрээ тийм шүү” гэлцэв. Үр хүүхдэдээ цаг зав гаргах, тэдэндээ зөв үлгэрлэх, ойлголцох, ойлгох ёстойг санууллаа. Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба, Хэвлэл мэдээллийн төв нь энэ санаачилгад оройлон ажиллалаа. Үүний дараа тэд “Unfriend” аянг өрнүүллээ. Нийгмийн сүлжээ хэмээх нэгэн шинэ ертөнц бидний амьдралд нэвтрээд нэлээд жилийг үдэж. Зэрэгцээд л кибер гэмт хэргүүд гарч эхэлсэн. Фэйсбүүкээр танихгүй хүмүүсийн найзын хүсэлтийг хүлээн авч, нэр нүүрээ нуусан тэдгээр хүмүүст өөрийн тухай хамаг мэдээллээ алдаад сууж байдгийг, тэдний сөрөг муухайд уриалсанд болон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс өөрийгөө, үр хүүхдээ хамгаалахыг анхааруулсан чухал акц болов. Үүнийгээ ч өргөн түмэнд хүргэхэд ихэд анхааран ажиллав. Хэвлэлийнхнийг, урлаг, соёлынхныг, олны танил эрхмүүдийг татан оролцууллаа. Өндөгнөөс өө олж харж, шүүмжилж дөнгөх монголчууд цагдаагийнхны зөв зүйтэй санаачилгуудыг ёстой нэг хир халдаахгүй уухайлан дэмжиж хүлээж авлаа.

Ингээд “Нэг хором” аян эхлүүллээ. Нэг хором уур хилэнгээ барих, замын хөдөлгөөнд орохдоо нэг хором тэвчих, ойлголцох нэг хором, тэвчих нэг хором гээд хормын хооронд болдог олон муу зүйлээс амь бие, эрүүл мэндээ хамгаалж болохыг анхааруулав. Нэг хором зарласнаас хойш танхайн гэмт хэрэг хорин хувь буурчээ. Залуус хэрхэн нэг хором тэвчсэнээ сошиалд бичиж, тэр нь үнэхээр үлгэр авахаар байлаа. Хоёр хүн муудалцаад барьцалдахын даваан дээр цаана суусан улсууд “Нэг хором, нэг хором” гэсээр эвлэрүүлсэн тухай сонссон л биз.

“Нэг хором”-ыг хөгшин, залуугүй, алдартай, алдаргүй бүгд уухайлан дэмжив. Өдөр тутмын ярианд ч нэг хормыг сануулсан хэлц үгүүд нэмэгдэв. Нэг хором тэвчиж, уур бухимдлаа дарвал гэмт хэргээс урьдчилан сэргийлж болох тухай санаачлагчид UB palace-т залуусыг урьж ярилцлаа. Дуулиант шоу болж байгаа аятай л заал пиг дүүрч. Шинэ цагийнхны нийгмийн оролцоо, идэвх санаачилга, хандлага өөр болжээ. Сошиал орчинд болон хэвлэл мэдээллээр тасралтгүй мэдээллээ. Алга ташин хүлээж авлаа.

Хэдэн жилийн өмнө “Өдрийн сонин”, “Нэг машин өнгөрүүлбэл нэг ажил бүтнэ” хэмээх аян өрнүүлж байсан билээ. Уншигчид ихэд талархан хүлээж авсан юмдаг.

Энэ удаа цагдаагийнхан “Яараад яахав дээ”. Үр дүн нь гэвэл өнгөрсөн оныхтой харьцуулахад тавин хувиар нийт осол буурчээ. Нас баралт 11.7 хувиар, гэмтэл бэртэл 49.7 хувиар буурчээ. Хичнээн хүний амь нас, эрүүл мэндийг аварсан байх нь вэ. Зуны дэлгэр цагт бүгд л амралт зугаалгаар алс холыг, тэр дундаа хөдөөгийн сайхан байгаль руу зорьдог. Яг энэ үед “Яараад яахав дээ”-г сануулсан нь цагаа олсон, амь нас, эрүүл мэндээ хамгаалахад нь тус нэмэр болсон сайхан санаачилга боллоо. Замд гараад явахад хамгийн түрүүнд “Яараад яахав дээ” гэсэн томоос том самбар байршуулжээ. Цааш хэсэг явахад өнгөрсөн онд зам тээврийн ослын статистикийг томоос том хадчихаж. Тийм юм харсан хүн яаж яарах билээ. Өөрийн эрхгүй хурдаа сааруулж байдаг шүү. Толгой руу нэг юм ток хийтэл орноо доо. Өмнө нь ингэж соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг ийм бодитой үр дүнтэй хийж байсангүй. Хүмүүс цагдаагийнхны энэ санаачилгад үнэхээр ам сайтай байна. “Яараад яахав дээ” маань сүүлдээ хэрэлдээд яахав дээ, уурлаад яахав дээ гэж хүмүүсийн амнаас ам дамжин анхааруулга болоод явж байна.

Манай цагдаагийнхан гэмт хэрэг гарсан хойно л хэрэгтэнг барилаа, сэжигтэнг оллоо гэдэг байсан бол одоо тэр бүхнээс урьдчилан сэргийлж чадаж байна.

Булганы цагдаагийнхан дэлгүүрт зарагдаж байгаа бүтээгдэхүүн дээр “Яараад яахав дээ” анхааруулгаа наачихсан нь соньхон л харагдаж байна лээ.

Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг цагдаа алдаа гаргавал салбараар нь шүүмжлээд явчихдаг. Үнэн хэрэгтээ хэцүү үе тохиолдоход эмч, цагдааг л хамгийн түрүүнд боддог. Наадмаар уралдаанч хүүхэд мориноосоо унахад хамгийн түрүүнд цагдаа л очиж хүүг өргөн моринд нь мордуулж байна лээ. Баян-Өлгийд хүний амь аварч яваад цагдаа амь эрсэдлээ л гэнэ. Академич Р.Барсболдынд дээрэмчид орсныг дор нь барьчихлаа гэж дуулдана лээ. Хамгийн сүүлийн өдрүүдэд гарч байгаа мэдээлэл ийм л байна. Бусдын амь насны төлөө, амгалан тайвны төлөө тэдний сайн үйлс үргэлж ундарч байдаг. Манай нийтлэлч П.Хашчулуун “Нүдэнд дулаахан харагдах цагдаа” гэж бичиж байлаа. Та бүхний санаачилга амьдралд ойрхон, цагдаа та нар нүдэнд улам дулаахан харагдаж байна шүү. Ийм санал санаачилгаа цааш нь тасралтгүй үргэлжлүүлээсэй. Хоосон уриа лоозон биш бодит ажил болж чадлаа. Гэмт хэрэг, замын ослоос анхааруулах төдийгүй цаашлаад маш олон хүний, олон айлын хувь заяаны асуудал юм. Болж өнгөрсөн хойно нь хашгирснаас урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх нь илүү үр өгөөжтэйг бид сая харлаа. Халуунд халж, хүйтэнд хөрч явдаг цагдаа нартаа баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *