Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал өнөөдөр 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт Авлигатай тэмцэх газрын шалгалтын ажлын удирдамжийг гардууллаа. Уг арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нар оролцов.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал хэлсэн үгэндээ “Манай байгууллага 2016 оны 9 дүгээр сараас төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих бодлогыг боловсруулж, улмаар УИХ-аар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталсны үр дүнд Иргэдийн хяналтын зөвлөлийг ажиллуулж эхлээд байна. Авлигатай тэмцэх ажилд иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхээр заасан хуулийг хэрэгжүүлэхийн тулд зохион байгуулж буй ажил юм” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Засгийн газар 2018 оны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд төрийн бүх байгууллагын албан тушаалтнуудад сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байгаа. Авлигын индекс буурсан гол шалтгаан нь шүүх засаглал хараат, мөн газрын алба, гааль, татварын байгууллагуудад авлигын эрсдэл өндөр байгаатай холбоотой гэж Транспэрэнси Интернэшнл байгууллагаас дүгнэсэн тул Засгийн газраас цахим засаглалыг бэхжүүлэх чиглэлээр мэдээллийн технологийн иж бүрэн бодлогын зөвлөл байгуулан ажиллаж байна. Ингэснээр иргэд асуудал, хүсэлтээ гар утсаараа өгч, шийдүүлэх боломжтой болно. Төрийн албаны хариуцлагын тухай хуульд хэвтээ ба босоо хариуцлагын тогтолцоог бий болгож, иргэд олон нийтийн хяналтын тогтолцоог шинэ шатанд гаргах болно. Мөн босоо хариуцлагын тогтолцоог олон салаа мөчиртэй болгоно. Төрийн байгууллагын бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлж шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө тал бүрээс хүчээ нэгтгэе” гэж хэллээ. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “УИХ-аар батлагдсан Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж нийт 43 эрх зүйн акт шинээр боловсруулна. Маш хатуу заалтуудтай хууль батлагдсан. Хууль зөрчсөн, авлига хээл хахууль, хүнд суртал гаргасан албан хаагчийг төрийн албанаас бүрмөсөн халах, төрийн албанд 3-5 жил, түүнээс доошгүй хугацаагаар эргэж авахгүй байхаар хуульчилсан” гэж хэлэв. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хэлэхдээ “Аудитын байгууллага, Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт гэлгүй төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нар төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлж, байгууллага дахь дотоодын хяналт, аудитаа сайжруулах шаардлагатай. Ингэвэл төсвийн үрэлгэн байдал, цаашилбал гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх боломжтой” гэлээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Авлигатай тэмцэх газар яам, агентлаг, нийслэл дүүрэг, аймаг сум, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гээд төрийн бүхий л шатны байгууллагуудад Авлигатай тэмцэх газрын 7 ажлын хэсэг өнгөрсөн онд очиж ажиллан, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан юм. Ингэснээр төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хүнд суртал, хууль бус төлбөр хураамж бий болгодог, хясан боогдуулдаг, худалдан авах ажиллагааны хууль зөрчин шударга бусаар, албан тушаалтнуудын үзэмжээр тендер сонгон шалгаруулалт зохион байгуулдаг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, хувьдаа завшдаг гэх мэт нөхцөл байдал тогтоогдсон билээ. Авлигатай тэмцэх газраас шалгалтын дүнг Үндэсний Аудитын газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэлэлцүүлсэн бөгөөд шалгалтын дүнгээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулан Монгол Улсын Сайд нарт хүргүүлсэн юм.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд Засгийн газарт болон бүх яамдын сайд нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, авлигын эрсдлийг бууруулах чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцахаар 2018 оны 3 дугаар сараас дахин төрийн байгууллагуудад ажиллана. Энэхүү шалгалтын удирдамжийг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт гардуулж танилцууллаа.
Авлигатай тэмцэх газрын зүгээс өнгөрсөн онд 13 яам, 26 агентлаг, 21 аймаг, 98 сум, 99 төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллах үеэрээ “Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна” гэж дүгнэсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрын энэхүү дүгнэлтийг Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын авлигын төсөөллийн индексийн дүн баталж байгаа юм.