Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихаар болсноо Засгийн газар мэдэгдлээ. Уг төмөр зам ашиглалтад орсноороо ямар ач холбогдолтой вэ?
-2010 онд УИХ Төмөр замын талаар төрөөс баримтлах баримт бичгийг баталсан. Энэ бодлогын баримт бичгийн хэрэгжилт янз бүрийн шалтгаанаас үүдэн удаашралтай байгаа. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал биднийг хүссэн ч, эс хүссэн ч дөрвөн чиглэлийн замаа яаралтай барих эдийн засаг, цаг хугацааны шахалтад оруулж байна. Миний хувьд эхний ээлжинд дөрвөн чиглэлийн замаа яаралтай барих ёстой гэж хардаг. Нэн тэргүүнд Зүүнбаян Хангийн чиглэлийн замыг баримаар байна. Мөн Таван толгой-Гашуунсухайт, Гашуун сухайт-Зүүнбаян чиглэлийг барих хэрэгтэй. 46 км ч гэсэн Шивээ хүрэн-Нарийн сухайтын чиглэлийг замыг баримаар байгаа юм. Энэ чиглэлүүдийн замын ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэх асуудлаар Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хуралдаж шийдэл гаргалаа гэж үзэж байна. Таван толгой-Зүүнбаянгийн чиглэлийг олон жил ярьсан. Дотогшоо чиглэсэн урсгал учраас гадныхан хөрөнгө оруулах сонирхол харьцангуй бага. Гэхдээ энэ чиглэлийн замыг барих үндсэн гурван шалтгаан бий гэж миний хувьд хардаг.
-Ямар шалтгаан бий гэж харж байна вэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүний гол бүс нутгаас төвийн бүс рүүгээ түүхий эдээ авчрах хэрэгтэй. Түүнийгээ дагуулаад өнгөт металлын үйлдвэр байгуулах нөхцөл боломж, дэд бүтэц нь бүрдэнэ гэж харж байгаа. Дархан, Сэлэнгийн районоос Хятад руу явж байгаа төмрийн хүдрийг Өмнөговийн кокс нүүрстэйгээ нийлүүлээд гангийн үйлдвэр барьж болно. Мөн Өмнөговиос зэсийн баяжмалаа устай газар луугаа татан улмаар төв транс дээрээ авчирч зэс хайлуулах үйлдвэр байгуулах ч гэдэг юм уу. Нэг ёсондоо бид Өмнөговьд байгаа түүхий эдээ ганц гарцтай байлгах бус үндэсний үйлдвэрлэл рүүгээ, дотоод руугаа оруулж ирэх, төв транстайгаа холбох урсгал нь зөв юм гэж харж байгаа. Энэ бол эхний шалтгаан. Хоёрдугаарт, өнөөдөр Өмнөговьд байгаа түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүнүүд нэг гарцтай байгаа. Ганцхан Хятадыг чиглэсэн гарцтай байгаа гэсэн үг. Бид бусад гарцыг нээхийн тулд зайлшгүй төв транс руугаа шугам татах хэрэгтэй байгаа юм. Чадвал цаашлаад Дорнодоор дамжуулаад алс дорнодын боомтууд руу хүргэх нь чухал. Бид ОХУ-тай олон жил ярьсны эцэст Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд 40 жилийн хугацаанд 70-аад хувийн тээврийн тарифын хөнгөлөлт эдлэхээр болсон. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. Үүнийг ашигласнаар бид алс дорнод дээр өмнөхөө бодвол арай хямд өртгөөр түүхий эдээ хүргэх боломж бүрдэнэ. Ингэснээр Хятад, Хятад дотроо ганцхан Баяннуур аймаг руу чиглэх бус бусад гарцаа нээх боломжтой болно.
Гуравдугаарт, энэ удаагийн Засгийн газрын шийдвэр бол үндэсний бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд чиглэж байгаа. Бид өнгөрсөн жил туршиж үзсэн. Сайншандаас Алтанширээ буюу газрын тосны үйлдвэр хүртэл нийтдээ 20 км-т барилгын цэргийн анги, үндэсний компаниудыг ашиглаад төмөр зам тавьж үзсэн. Нэг км төмөр зам ойролцоогоор нэг сая гаруй ам.доллараар босч байгаа. Гэтэл гадны компаниуд нэг км төмөр замыг хамгийн багадаа 2-3 сая ам.доллараар барьдаг.
-Тэгэхээр цэргүүдээр бариулж буй гол шалтгаан нь хямд өртгөөр төмөр замаа барих явдал гэж ойлгож болох уу?
-Цэргүүдээр бариулж, дотоодын эх үүсвэрээ ашиглаж байгаа учраас үндсэндээ 2-3 дахин хямд өртгөөр төмөр зам босох боломж байгаа юм. Энэ нь үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжих, иргэдээ ажлын байраар хангах, цэргээр дамжуулж мэргэжлийн чиг баримжаа олгох, цэрэгт алба хаах үедээ тодорхой хөрөнгийн хуримтлалтай болох зэрэг олон давуу талтай.
Тиймдээ ч дотогшоогоо чиглэсэн төмөр замыг дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлж, эхлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
-Цариг нь өөр гэх асуудал яригдаж байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Ер нь бол төв транстайгаа холбогдож байгаа шугамууд бүгд өргөн царигаар, харин экспорт луу чиглэж байгаа шугамуудын нарийн, өргөн царигтай байх эсэхийг тухайн үед нь УИХ шийдээд явах ёстой.
-Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг нэг мөсөн дуусгачихаж болоогүй юм уу гэх шүүмжлэл байна?
-Гашуунсухайтыг барих ёстой. Би бол ажил зэрэг явах ёстой гэж бодож байна. Учир нь өнөөдөр эдийн засгийн хувьд хамгийн ашигтай шугам бол Таван толгой-Гашуунсухайт юм. Энэ шугамын нийт өртөг нь техник эдийн засгийн үндэслэлээрээ 1.1 тэрбум ам.доллар. Түүнээс 280 гаруй сая ам.долларын ажлыг хийчихсэн. Нийтдээ газар шорооны ажил нь 204 км-т очоод дууссан. Одоо 70 км-ийн газар шорооны ажил бий. Дараа нь холбоо дохиолол, өртөө зөрлөг, зам дэвсэх зэрэг ажлууд үргэлжилнэ. Энэ ажлуудад 800-аад сая ам.доллар хэрэгтэй. Гэхдээ миний хувьд энэ шугамыг хамт эхлүүлээсэй гэж хүсч байгаа. Эхлэх байх ч гэж бодож байна. Учир нь энэ шугамыг барихад Засгийн газрын шийдвэрийн дагуу 49 хувь дээр нь гадны хөрөнгө оруулагчид орж ирэх юм. Гадны хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулаад тодорхой хугацаанд ашигласныхаа дараа эргээд улсад хүлээлгэж өгөх ийм ашигтай шугам юм. Тийм учраас дотоодын эх үүсвэр гэхээсээ илүү гадаад эх үүсвэрээ татан төвлөрүүлж ажиллах нь зүйтэй. Энэ шугамыг ашигласнаараа манай улсын экспортод гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний өртөг буурах, ашиг нэмэгдэх боломжтой. Энэхүү бүтээн байгуулалтыг энэ хаврын улирлыг алдахгүй хийх ёстой. Миний хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байх үедээ төслийн компанийг нь байгуулчихсан. “Эрдэнэс Таван толгой”, “Монголын төмөр зам” компаниудын 51 хувийн эзэмшлийг нь тодорхой болгочихсон. Одоо 49 хувь дээр гадны ямар компани орох эсэхийг шийдээд энэ бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой гэж харж байгаа.
-Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замын ажлыг хэдийгээр эхлүүлэх бол?
-Дараагийн чухал зам бол Зүүнбаян-Хангийн чиглэлийн зам юм. Энэхүү замын ажлыг мөн энэ хавар эхлүүлэх ёстой гэж харж байгаа. Учир нь өнөөдөр Улаанбаатар төмөр зам, төв трансын хамгийн их ачаалал авч байгаа цэг бол Сайншандаас Замын-Үүд чиглэл. Гэтэл Замын-Үүд дээр ачаа хязгаарлагдмал байдлаар бууж байгаа. Цаашдаа нурмаг ачаа буюу уул уурхайн чиглэлийн ачаанууд тэнд улам хязгаарлалтад орно. Учир нь БНХАУ-д өвлийн олимп болно. Үүнтэй холбоотойгоор Эрээний бүс нутаг экологийн бүсд орсон. Тиймдээ ч уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх нь улам хүндрэлтэй болох юм. Манай ачаа Сайншандаас Замын-Үүд рүү, Замын-Үүдээсээ Бугат руу ирж байгаа. Хятад дотроо нэлээн тээвэрлэлт хийж байгаа гэсэн үг. Тэгэхгүйгээр Зүүнбаянгаас Ханги руу, Хангиасаа Бугат орвол 300-400 км товчилно, Хятадын тавьж буй экологийн бүсд ч хамрагдахгүй. Энэ утгаараа ойрын үед босгох ашигтай шугам нь Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр зам юм. Энэ нь Улаанбаатар төмөр замын цаашдын хөгжилд ч том түлхэц болохуйц салбарын хувьд хүлээлт үүсгээд буй төмөр зам юм.
-Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгох Засгийн газрын шийдвэр гарсан. Шийдвэрээр бол энэ сард багтаан ажил эхлэх ёстой байх аа?
-Дарханы чиглэлийн замын ажлыг эхлүүлэхээр тендер нь зарлагдаад явж байгаа. МАН 2000 оны эхээр Засгийн эрх барьж байх үедээ “Мянганы зам” гэсэн том хөтөлбөр хэ-рэгжүүлсэн. Мянганы замаар Улаанбаатар хотыг 21 аймгийнхаа төвтэй хоёр эгнээ авто засмал замаар холбох зорилго дэвшүүлсэн. Тэрхүү зорилго өнөөдөр үндсэндээ биелж байна. Одоо Говь-Алтай, Баянхонгорын дунд байгаа 100 гаруй км, Завхан аймгийн Улиастай хотын хойгуур нь явж буй шугамтай 67 км замыг холбох ажил явж байна. Энэ хоёр зам ашиглалтад орчих юм бол 21 аймаг Улаанбаатар хоттойгоо хоёр эгнээ авто засмал замаар холбогдох боломж бүрдэнэ. Харин энэ салбарын хөгжлийн хоёр дахь шат бол хамгийн сүүлийн үеийн техник технологи бүхий дөрвөн эгнээ замаар 21 аймгаа холбох зорилт тавих явдал юм. Үүний эхлэл нь Улаанбаатар-Налайхын чиглэл юм. Мөн Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг дөрвөн эгнээгээр хоттой холбох ёстой. Дараа нь Лүн, Дундговь гээд 10-аад жилийн дараа гэхэд бүх суурин газруудаа дөрвөн эгнээ хагас хурдны олон улсын зэрэглэлийн замаар нийслэлтэйгээ холбочих боломжтой гэж харж байгаа. Энэ бол бодлогын чанартай эхлүүлж байгаа ажил. Эхний ээлжинд Азийн хөгжлийн банкны 84 сая ам.доллараар одоо байгаа хоёр шугамаа янзлах ёстой. Европын сэргээн босголтын банкны 144 сая ам.доллараар шинээр хоёр шугам тавих хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар тус банктай гэрээгээ хийсэн. Одоо санхүүжилт нь шийдэгдээд явах ёстой. Ингэж чадвал бид гол суурьшлын төдийгүй үйлдвэржилт, эдийн засгийн гол цикль болж байгаа Дархан, Сэлэнгийн районоо Улаанбаатар хоттой хамгийн сүүлийн үеийн хагас хурдны замаар холбох боломжтой.
-Энэ хаврын чуулганд багтаан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?
-УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохдоо МАН ард түмэндээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийнэ гэж амласан. Энэ бол сонгуулийн мөрийн хөтөлбөрт байгаа зүйл. Тиймдээ ч МАН-ын ард түмнээс итгэл аван сонгогдсон 64 гишүүн дэмжих учиртай. Ер нь манай улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн давтамж нь 20, 30 жилийн хугацаатай байдаг. Нийгэм эдийн засгийн байдлаа дүгнэж үзээд нэмэлт, өөрчлөлт оруулаад явдаг жишиг байдаг гэж хэлж болно. Энэ жишгээр аваад үзэх юм бол 1992 оны Үндсэн хуульд тодорхой хэмжээний засвар хийх цаг үеийн шаардлага гарч байгаа. 1992 оны Үндсэн хууль муу хууль биш. Тиймдээ ч Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлыг 20 гаруй жил зохицуулаад явж байна. Цаашдаа ч зохицуулах учраас бид нэмэлт, өөрчлөлтийн түвшинд ярьж байгаа юм.
2016 оны арванхоёрдугаар сард Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг, Засгийн газар дээр эрдэмтдээр ахлуулсан ажлын хэсэг гараад ажилласан. Түүнээс хойш бид багагүй ажил хийлээ. Зөвлөлдөх санал асуулгын хууль баталж, зөвлөлдөх санал асуулга явууллаа. Иргэдээс санал авах ажлын хэсэг гарч, нийтдээ 354 мянган иргэнээс урьдчилсан байдлаар санал авсан. Таван сая нэгж санал ирснийг нэгтгээд дууссан. ШУА, бусад мэргэжлийн байгууллага, эрдэмтдийг оролцуулсан маш олон хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ бүгдийг нэгтгэж үзээд дөрвөн багц асуудлаар, нарийвчилбал 20 гаруй зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулж болох юм гэдэг дээр гишүүдийн олонх санал нэгдэж байгаа. МАН-ын бүлэг дээр танилцуулагдсан. Цаашдаа хаврын чуулганаар хэлэлцэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Яг ямар өөрчлөлтүүд орох вэ?
-Дөрвөн өөрчлөлт орж байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, парламентын засаг-лалаа төгөлдөржүүлэх асуудал. Бид засаглалын хэлбэр пар-ламентаараа байх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас сонгодог парламент руугаа ахин нэг алхъя гэж байгаа юм. Иймд парламентын эрх мэдлийг тодорхой болгох, дордохын долоон өөрчлөлтийн нэг заалтаас бусдыг нь үндсэндээ дахиж авч үзэх юм. Тухайлбал, хуралдаанд ирсэн гишүүдийн олонхоор хууль баталдаг. Одоо 40 гишүүн хуралдаанд байлаа гэхэд 20 гаруй нь дэмжихэд л хууль баталж байна. Шинэ төсөлд гишүүдийн олонхоор хууль батална. Гэх мэтчилэн парламентын эрх үүргийг хариуцлагажуулж, тодорхой болгосон заалтууд яригдана. Хоёрдугаарт, гүйцэтгэх эрх мэдлийн эрх үүргийг нэмэгдүүлж, Ерөнхий сайд төвтэй тогтолцоо руу оръё гэж байгаа. Ерөнхийлөгчийн зарим эрх үүргийг хязгаарлах, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, мөн хариуцлагаа ч үүрдэг болгох юм. Нэг ёсондоо хариуцлагыг тодорхой болгож, буух эзэн буцах хаягтай болгож байгаа хэрэг. Энэ чиглэлээр хэд хэдэн заалтууд орно. Мөн сая Төрийн албаны тухай хууль орсонтой холбоотойгоор төрийн албаны шатлан дэвших зарчмыг Үндсэн хуулийн хэмжээнд томьёолж оруулж ирэх асуудал ч байгаа.
Гуравдугаарт, шүүх эрх мэдлийн томилгоотой холбоотой олон жил ужгирсан зүйлүүд ил болж ард түмнээс шүүмжлэл хүлээж байна. Үүнтэй холбоотойгоор шүүхийн хараат бус байх боломжийг бүрдүүлэхийн тулд ямар нэгэн албан тушаалтан, улс төрийн томилгоогоор бус шүүх байгууллага өөрөө, өөрийгөө томилдог байдлыг бий болгохыг зорьсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх мэдлийг тодорхой болгож, үе үеийн Ерөнхийлөгчийн институт энэ томилгоонд түлхүү ордгийг хязгаарлаж өгнө. Дөрөвдүгээрт, орон нутгийн эрх мэдлийг хуваарилалтыг дахин авч үзэх юм. Төсөлд Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг томилдог, сум, дүүргийнхийг ард иргэд нь сонгож, сонгогдсон сум, дүүргийн Засаг дарга нь багийн даргаа томилдог байх, хотын статусыг тодорхой болгох гэх мэтчилэн зохицуулалтууд орсон. Нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний эрх мэдлийн хуваарилалтыг ингэж авч үзэхгүй бол хэтэрхий их улстөржилт явагдаад байгаа юм. Сум, дүүрэг анхан шатны нэгж дээр улс төрийн намуудын оролцоог хязгаарлаж өгч байгаа хэрэг. Үндсэн хуулийн Цэц, улс төрийн намуудтай холбоотой ганц, хоёр заалтууд нэмэгдэж байгаа. Ерөнхийдөө ийм хүрээнд гишүүдийн олонх дэмжиж эхэлж байна. Хэлэлцүүлгийн явцад нэмэгдэж, хасагдаад явна байх. Ард түмэн итгэл хүлээлгэн дийлэнх олонхын суудал өгсөн энэ үед зориглоод Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зүйтэй.
-Стандарт банкны өрийг Эрдэнэт үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-аас төлсөн талаар Засгийн газраас мэдэгдсэн. Эрдэнэт үйлдвэрт “Эрсдэлийн сан” байсан эсэхт эргэлзэж байгаа хүмүүс цөөнгүй байна л даа. Ер нь энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа бол?
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор ард нь санхүү эдийн засгийн маш том схем явсан. Энэ нь өөрөө хуулийн зөрчилтэй, шалгаж тогтоох зүйлүүдтэй үйл явц өрнөсөн. Үүнийг дагасан улс төр ч өрнөсөн. 49 хувьд хамрагдсан АН-ын гаралтай улстөрчид тэргүүлээд “Бид 49 хувийг идэж уусан. Харин 51 хувийг МАН авчихжээ” гэдэг тархи угаалт хийх гэж хоёр жил шахам ноцолдлоо. 51 юм уу, 49 хувиараа хуваагдаад авчихсан юм байхгүй. Эрдэнэт үйлдвэртэй хамтарч ажиллаж байсан аж ахуйн нэгж нь буюу “Жаст” компани нэрийг нь барьж гадаадаас их хэмжээний зээл авсан. Зээлийнхээ үлдэгдэл 51 сая ам.долларыг төлж чадахгүйээс шалтгаалж олон улсын Арбитрын шүүхэд очсон. Арбитрын шийдвэр нь 2017 оны есдүгээр сард эцэслэгдэн гарч, Монгол Улс тэр өрийг төлөхөөр болсон. Энэ асуудлын үед “Жаст” компанийн удирдлагууд шалгагдаж, барьж хоригдсон. Энэ өрийн хүү нь өдрөөс өдөрт гүйж байсан л даа. 100 гаруй сая ам.долларыг авахаар шийдвэртэй байв. Үүнийг Засгийн газар хэлэлцэж үзээд дундын зуучлагч оруулаад 40 сая ам.доллар дээр тохирохоор болсон. Улсын ч бай, хувийн ч бай манай улсаас гарч байгаа ам.доллар учраас эхний удаадаа хаачихъя гэж үзсэн.
-Хэн нэгний буруутай үйлдлээс болж тавьсан өрийг улс төлчихөж болох уу. Энэхүү 40 сая ам.долларыг гэм буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлыг хэрхэн шийдэх вэ. Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэсэн үү?
-Мэдээж энэ 40 сая ам.долларыг буруутай этгээдүүдээр нь төлүүлэх ёстой. “Жаст” компани, иргэн Г.Батхүүтэй холбогдох хөрөнгө их байгаа. Тэр хүн бүх аймагт сүлжээ махны үйлдвэр, нефть түгээх станцтай байсан. Банкны хувьцаа, цөөнгүй алтны ордууд эзэмшиж байсан. Тэр бүгд буруу, зөв гараар явчихсан. Заримыг нь банкинд хууль хүчний байгууллагаас битүүмжилчихсэн байна. Хууль хүчний шийдвэр гараад гэм буруутай этгээдүүд нь тодроод ирэхээр дотооддоо энэ асуудлаа ярина. Дээрх зүйлүүдийг борлуулаад нөхөн төлүүлэх үйл ажиллагаа явагдана гэж бодож байгаа. Ингэж явагдах ч ёстой. Тэгэхгүйгээр Монголын ард түмний хөрөнгийг хэсэг хүмүүсийн буруутай үйл ажиллагаанд зориулж болохгүй. Үүн дээр парламент ч анхааралтай ажиллаж байна. Ажлын хэсэг гарчихсан. Миний бие ч тэрхүү ажлын хэсэгт ажиллаж байгаа.