УИХ–ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
–Ээлжит бус чуулганыг зарлаад ирц бүрдээгүйгээс хуралдаж чадсангүй. УИХ дахь МАН–ын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганд оролцсонгүй. Энэ нь ямар шалтгаантай байсан бэ?
-УИХ-ын ээлжит бус чуулган, ээлжит чуулганаар хэлэлцдэг асуудлуудын дэг, шаардлага, үндэслэл байдаг л даа. Энэ удаагийн парламентын хугацаанд ээлжит бус чуулганыг дандаа эрх баригч хүчний өөрсдийн зорилгод нийцүүлэхээр ашиглаж байна. Заавал ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагагүй асуудлуудыг оруулж ирж шахаж байгаа нь парламентад суудалтай бусад улс төрийн хүчнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Өнгөрсөн 2015 онд ээлжит бус чуулганыг хоёр удаа зарлан хуралдуулахдаа Өршөөлийн тухай хуулийг баталъя авлига хээл хахууль, төрийн хөрөнгө мөнгөтэй холбогдсон нөхдүүдийг өршөөе гэдэг асуудал оруулж ирж намаржин сунжирсан. Нэг үгээр зөвхөн эрх баригч хүчний эрх ашигт нийцүүлсэн хуулийг оруулж ирж хууль бус байдлаар батлуулах оролдлого хийж байгаа нь ээлжит бус чуулганыг эсэргүүцэх үндэслэл болж байгаа юм.
–Өнгөрсөн ээлжит бус чуулганаар цөмийн энергийн тухай дөрвөн конвенцид нэгдэн орох талаар хэлэлцэх байсан. Танай намын Их хурлын гишүүд оролцоогүйг АН–ын зүгээс “Дагалдан оруулсан Монгол Улсын хилээр цөмийн хаягдал оруулахгүй гэсэн хуулийг батлахгүй гэж байна. Цөмийн хаягдал булшлахыг дэмжиж байгаа үйлдэл” гэж байлаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Яг цөмийн энергийн ашиглалт, цөмийн хаягдалтай холбоотой асуудлуудыг ээлжит бус чуулганыг хуралдуулж яаран сандран батлах шаардлага байсан уу гэдэг асуудал бий. Энэ конвенцуудад нэгдэж орж болно. Монгол Улсад цөмийн хаягдал булшлахыг УИХ дахь Ардын намын бүлэг эсэргүүцэж байгаа. Гэхдээ цөмийн хаягдал булшлах үндэслэл манай улсад байхгүй. Одоогоор бид ямар нэгэн уран олборлох, үйлдвэрлэл явуулж байгаа юм алга. Тийм учраас бид конвенцид яаран сандран элсэх шаардлага харагдахгүй байна. Ээлжит бус чуулганы эхний хоёр өдөр ирц бүрдэхгүй болохоор хагас өдрийн дотор хууль өргөн барьж байна шүү дээ. Тэгээд шийдүүлэх гэж шахаж байна. Үндсэндээ албан ёсны ээлжит чуулган хуралдах гэж байхад яаран сандран ээлжит бус чуулган зарлав гэдгээс эхлээд асуудал их байгаа.
–Вашингтон хотод болох цөмийн энергийн дээд хэмжээний уулзалтад оролцохоос өмнө бичиг баримтаа бүрэн болгох шаардлага байсан юм биш үү?
-Монголын хууль тогтоомжийг аль нэгэн гадаад байгууллагын захиалгаар хийж болдоггүй. Монгол Улсын өөрсдийн нийтлэг эрх ашигт нийцүүлж хуулиа гаргах ёстой. Мөн үүний цаана ямар нэгэн амлалт, барьцаа ялангуяа зээл авах, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал байгаа юм биш биз дээ гэсэн сэжиг, эмзэглэл байгаа. Тийм учраас олон талаас мэргэжлийн хүмүүсийнх нь дуу хоолойг сонсмоор байгаа юм. Монгол Улсад ямар ашигтай, алдагдалтай болон олон улсад үүрэг хүлээснээр бид юу хожих юм гээд асуултын хариултууд тодорхойгүй байна. Тийм учраас зөвхөн УИХ дахь МАН-ын бүлэг ч төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл “Энэ асуудлаар нухацтай бодож үзээч, яаран үүнийг хэрэгжүүлэх шаардлага байна уу. Харин үүнийхээ оронд улстөрчдөд хариуцлага тооцдог , төрийн албыг илүү боловсронгуй болгох чиглэлийн бусад хууль тогтоомжийг хэлэлцэж болдоггүй юм уу” гэдэг саналаа хүртэл хэлж байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн МАН-ын бүлгийн гишүүд улс төрийн зорилгоор энэ асуудалд хойрго хандаад байгаа юм биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн аливаа нэг дарга цэргийн асуудлаар томилгоо хийх болохоор эрх баригч АН-ын бүлэг заал дүүргэчихдэг шүү дээ. Үнэхээр хэрэгтэй асуудал байгаа юм бол манай 26 гишүүнээс гадна цаана нь 50 хүн байгаа. Яагаад 39 гишүүн ирцээ бүрдүүлж чаддаггүй юм. Тэгэхээр энэ эрх баригч хүчний өөрсдийнх нь хариуцлага, оролцооны асуудал.
-“Жудагт Монгол” хөдөлгөөнөөс Ялалтын талбай дээр цугларалт зохион байгуулахад Монголын ардчилсан холбоо хамтарч оролцсон. Энэ үеэр сонгож болохгүй хүмүүсийн нэрсийг хэлж байна лээ. Түүн дотор таны нэр байсан?
-Сонгууль ойртчихсон байна. Тийм учраас улс төрд явж байгаа тодорхой рейтинг өндөр байгаа улстөрчид рүү чиглэсэн хар РR-ийн технологи хэрэглэх, нэр төрд нь халдаж байгаа үйл явц бараг өдөр бүхэн гарч байна шүү дээ. Үүнийг сонгуулийн ажил эхэлсний том илрэл гэж харж байгаа. Тэр сонгох сонгогдохгүй гэдэг асуудал бол нэг хүний хэлснээр биш иргэдийн мэдэх хэрэг шүү дээ. Сонгогчдын саналаар, тэдний итгэлээр сонгогдоно. Тийм учраас төр засгийнхаа эрх мэдлийг хэнээр удирдуулах вэ гэдэг сонгогчдоос шалтгаална. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хөгжлийг гацааж байгаа. Монголын эдийн засгийг гол нуруун дээрээ үүрч байгаа баялаг бүтээгчдийг өдөр болгон үг болон үйлдлээрээ гацааж байгаа цөөн бүлэг хүмүүс байгаа.
Үнэхээр өнөөгийн нийгэмд ард иргэдийн амьдрал хүнд байна шүү дээ. Компани аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа үндсэндээ царцанги, зогсонги байдалтай байна. Монголын ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа. Монголын эдийн засаг агшаад өнөөдөр граммын эдийн засаг гэдэг нэр авах хүртлээ жижгэрч маш хүнд байдалд байна. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхамшиг гэгдэж байсан. Ойрын жилүүдэд хамгийн ирээдүйтэй, их өсөлттэй эдийн засагтай орон болно гэж олон улсад таамаглаж байсан орныг өрийн дарамтад орсон, дотооддоо болон гадаадад итгэл алдарсан ийм улс болгосны хариуцлагыг тодорхой хүмүүс хүлээх ёстой. Тиймээс хэвлэл мэдээллээр дамжуулж, хөрөнгө мөнгөөрөө далайлгаж янз бүрийн гоё нэртэй байгууллагуудын нэрийн өмнөөс яаж ч PR, яаж ч янз бүрийн халхавчлах арга хэмжээ хийгээд тэд нарын хийсэн ажлын үр дүн бол явуулж байгаа үйл ажиллагаа олон түмэнд ил байгаа учраас иргэд ухаарч ойлгож байгаа байх.
Харин Монголын ардчилсан холбоо бол Монголд ардчиллыг авчрахад, энэ шинэ цагийн өнгийг тодорхойлоход гол оролцсон үнэхээр гайхамшигтай том байгууллага. Харамсалтай нь энэ түүхэн үйл явдлыг оройлон манлайлж явсан сайн байгууллагыг цөөн хүмүүс сүүлийн үед гутааж байгаа. Түүнийгээ ч гэсэн дотроо ярих биз дээ. Бид энэ асуудлыг иймэрхүү өнцгөөс нь л харж байгаа.
–Сонгууль дөхөөд өдөр бүр л янз бүрийн зүйл гарч байгаа гэлээ. Гэвч “Нүүрсчдийн нам” гэсэн нэр томьёо гарчихлаа. Түүнд нь нам намын хүмүүс л байх юм. Та энэ талаар юу хэлэх вэ. Үнэхээр ашиг сонирхол нэгтэй нам дамжсан хүмүүс байна уу?
-Миний хувьд геологи, уул уурхайн салбарт нэлээд олон жил ажилласан. Энэ чиглэлээр бас эрдмийн ажил хийж байгаа. Мэргэжлийн салбарт ажиллаж байсан хүний хувьд бол УИХ дээр гарч байгаа аливаа шийдвэрт салбарынхныхаа байр суурийг баримталж, мэргэжилтнүүдийнхээ дуу хоолойг хүргэж байгаа. Тэр нь зарим хүнд таалагдахгүй байгаа нь үнэн. Геологи уул уурхай гэдэг өөрөө шинжлэх ухаан байхгүй юу. Тэр шинжлэх ухааныхаа дагуу, салбарынхаа онцлогийнхоо дагуу л хөгжинө. Бизнес нь явдаг өөрийн гэсэн хууль дүрэмтэй. Түүнээс биш энэ салбарыг яаж хөгждөгийг нэг зурагчин ч юм уу, микробиологич хүн мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор мэддэг мэддэг юмаа л ярих нь зүйтэй.
Ардчилсан нам дотоодынхоо зодоонд Ардын намыг ч татан оролцуулаад хэрэггүй. Ард түмнийг ч татан оролцуулаад бас хэрэггүй. Тэдний дотроо байгаа эдийн засаг, улс төрийн олон жилийн угшилтай тэр зодоон нь нам дотроо л байх хэрэгтэй. Ардчилсан нам засгийн эрхэнд гарснаараа доторх фракцуудад нь байсан эдийн засаг, улс төрийн бүлэглэл дамжсан зодоон нь Монголын төр лүү үсэрсэн. Ингээд Монголын төр муухай харагдаж байгаа. Монголын төрийн дархлааг сулруулж байна. Өмнө нь сөрөг хүчин байх үед тэр нь мэдэгддэггүй байсан. Байсхийгээд л намынхаа даргыг огцруулдаг. Хэд хуваагдчихдаг. Асуудал ярихдаа дандаа бүлэг фракцаараа квот аваад тавьдаг. Ерөөсөө л 1996-2000 онд засгийн эрх барихдаа тэр нь бидэнд нэг ил харагдсан. Дөрвөн Засгийн газраа огцруулсан. Тэр үед Ардын намынхан огцруулаагүй шүү дээ. Парламент чинь олонхоороо л огцруулж байгаа шүү дээ. Ардын нам 25 суудалтай л байсан. Яаж ч бид огцруулъя гээд огцруулж чадахгүй шүү дээ. Өнөөдөр ч гэсэн бид Засгийн газрыг огцруулж байгаа юм байхгүй шүү дээ. Тэгэхээр эрх баригч хүчин болоод ирэхээрээ Ардчилсан намын дотроо байдаг дотоодын эв нэгдэлгүй зодоон нь Монголын төрд орж ирээд төрийг самраад төрийг тогтворгүй болгоод байдаг. Дахиад хэлэхэд Ардчилсан нам дотоодынхоо зодоонд Ардын намыг ч татан оролцуулаад хэрэггүй. Ард түмнийг ч татан оролцуулаад бас хэрэггүй. Тийм учраас нам дотроо тэр асуудлаа ярих хэрэгтэй. Манай намын зүгээс дотроо тийм ийм гэж хуваагдаж хагардаг зүйл байдаггүй. Энэ улс орны нийтлэг эрх ашиг, хаана асуудлыг зөв талаас нь шийдэх үү, яаж зөв шийдэх вэ гэдэг гарцыг эрэлхийлж төрд зүтгэж байгаа шүү дээ.
Ж.БАЯРСАЙХАН