Categories
мэдээ улс-төр

Я.Содбаатар: Хуулийн этгээд улстөрийн намд 27 сая, иргэн 6 сая төгрөг хандивлах боломжтой DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд тус хуулийн төслийг оруулж ирсэн нь цаг үеэ олсон явдал боллоо гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж, зарчмын хувьд дэмжиж буйгаа хэлж байв. Ингээд гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараас хуулийн зохицуулалтын талаар тодруулж байв. Тэрбээр тэдгээр асуултад “Хуулийн төсөлд улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлогын институт болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох, тэгш оролцоог хангах, дотоод ардчиллыг нь бэхжүүлэхэд чиглэсэн онцлох зохицуулалтуудыг тусгайлан багтаасан. Өнөөгийн улстөрийн намууд хурлаа ч хийдэггүй явж ирсэн байх жишээтэй. Өнөөдөр Дээд шүүхэд 35-36 нам бүртгэлтэй ч өнгөрсөн хугацаанд нэг л нам хурлаа хийж ирсэн байна. Улстөрийн намууд хуульд заасны дагуу хурлаа хийдэггүй, тайлангаа хүргүүлдэггүй, сонгуульд оролцохгүй бол идэвхгүй хэлбэрт шилжүүлэх, цаашлаад татан буулгах хүртэлх арга хэмжээг авдаг болно. Өөрөөр хэлбэл, энэхүү хууль хэрэгжсэнээр улстөрийн намуудад тавигдах хариуцлагын түвшин нэмэгдсэнээр Дээд шүүхэд бүртгэлтэй намуудын тоо эрс цөөрнө.

Гишүүнчлэлийн тухайд намын, сонгуульт, дэмжигч гишүүн гэж байж болохоор тусгасан. Намын гишүүн нь намын зорилго, үзэл баримтлал, хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, татвараа төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг хэлнэ. Дэмжигч гишүүн нь намын зорилго, үзэл баримтлалыг сайн дурын үндсэн дээр дэмжин, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог иргэнийг, сонгуульт гишүүн нь намаас төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвшин сонгогдсон болон намын бүх шатны удирдах, төлөөллийн, гүйцэтгэх байгууллага, удирдах албан тушаалд сонгогдсон хүнийг хэлнэ.

Түүнчлэн улс төр дэх мөнгөний нөлөөллийг бууруулахад бид анхаарах цаг нь болсон. Тиймээс улс төр руу орж ирж буй хандив, түүний хэмжээг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, хуулийн этгээд эцсийн өмчлөгчөөрөө жилийн хугацаанд нэг улстөрийн намд одоогийн ханшаар 27 сая төгрөг, иргэн жилд нэг намд 6 сая төгрөг хандивлах боломжтой. Ийм байдлаар тодорхой зааж өгөөгүйгээс мөнгөний захиалга өгдөг, авлига, хээл хахуулийн үндэс болж байгаа учир ийнхүү зааж өгсөн. Мөн зарцуулалтын хувьд 15 хувийг нь судалгаанд, 15 хувийг нь иргэдийг соён гэгээрүүлэхэд, 20 хувийг нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлэгт зарцуулна гэхчлэн тусгасан” гэсэн тайлбарыг өгч байлаа.

Тус хэлэлцүүлэг чуулганы үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *