Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Ил тод, үр ашигтай байх, төсвийн зарлагын реформд ахиц гарсан төсөв өргөн баригдлаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Мэдээж 2019 оны Улсын төсвийг хэлэлцэнэ. Төсвөөс гадна зайлшгүй хэлэлцэх шаардлагатай зүйлс гэвэл та юуг онцлох вэ?

-УИХ дөрвөн жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд найман удаагийн чуулган хуралдах ёстой байдгаас өнөөдөр (өчигдөр) тав дахь удаагийн чуулган нээлтээ хийлээ. Ингэснээр УИХ-ын бүрэн эрх талдаа орж байна гэсэн үг. Миний хувьд гурван зүйл дээр онцгой анхаарах ёстой гэж бодож байгаа. Нэгдүгээрт, 2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо ард түмэндээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сонгогдсон. Ялангуяа 2019 он бол мөрийн хөтөлбөрийн голыг нь нугалах үе гэж ойлгож болно. Тиймээс мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ирэх оны төсөвтэй уялдуулан явуулах ёстой. Улс төржилт багатай, асуудал шийдсэн төсөв батлагдах учиртай юм. Хоёрдугаарт, ард түмэн МАН-д 65 суудал өгсөн. Парламентын дийлэнх олонхыг бүрдүүлж байгаа энэ үедээ олон жил хуримтлагдсан томоохон асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ хүлээлтийг зайлшгүй биелүүлэх нь бидний үүрэг болчихож байгаа юм. Эхний ээлжид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг шийдэх нь зөв. Цаашлаад Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль гэх мэтчилэн олон жил яригдсан тогтолцоотой холбоотой шинэчлэлийг намрын чуулганаар батлах шаардлагатай.

Ирэх хаврын чуулганаас эхлээд сонгуулийн уур амьсгал орчихно. Зарим зүйл нь сонгуулиас болж хязгаарлагдаад эхэлнэ. Тэр утгаараа улстөржилт хол байгаа үед нь томоохон тогтолцооны шинэчлэл хийж болохуйц хуулиудаа зайлшгүй явуулах ёстой. Гуравдугаарт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр том хүлээлт бий болсон. Үүнд чиглэсэн эрх зүйн зохицуулалтуудыг хийх асуудал яригдаж таарна. Энэ утгаараа намрын чуулган ачаалал ихтэй, үр дүнтэй чуулган болох учиртай. Түүнчлэн татварын багц хуулиуд төсвөө дагаад орж ирэх ёстой юм. Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль гээд хэлэлцэх ёстой хуулийн төслүүд шат дараалан бий.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яг хэлэлцэх үү. Хэд хэдэн парламент дамжин яригдсан шүү дээ. МАН үнэмлэхүй олонх байхдаа хүч түрэн явуулах гэж байна гэж бусад намуудын зүгээс мэдэгдээд байгаа?

-Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх нийгмийн захиалга, шаардлага байна. МАН 2016 оны сонгуульд орохдоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруул-на гэсэн зорилго дэвшүүлсэн. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч намрын чуулганы нээлт дээр МАН-ын бодлогыг дэмжиж үг хэллээ. Ерөнхийлөгч системийн шинэчлэл хийе, тогтолцоондоо асуудал байгаа юм байна гэсэн. Үүнээс үзэхэд Төрийн тэргүүн хийгээд МАН-ын онош нэг байгаа. Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулж байж олон зангилааны учиг тайлагдана. Том ахиц дэвшил авч ирнэ. Сүүлийн гурван парламент дамжигдан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хүчтэй яригдсан. Өнгөрсөн парламент хамгийн олон намын төлөөлөлтэй байлаа. Гурван ч бүлэгтэйгээр парламентын үйл ажиллагаа явагдсан. Тэр үед УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч парламентад суудалтай намууд төлөөллөө багтаасан том ажлын хэсэг гарч ажилласан. Тухайн үеийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өнөөдрийн МАН эрх барьж байгаа үеийн төслүүд үндсэндээ яг адилхан. Тэр үед олон намын төлөөлөл багтаж ярьсан онош, гарц нэг байгаа. Улс төрийн шалтгаантай, эсхүл хувь хүний жижиг амбицаар шүүмжлээд байгаа болохоос өргөн барьсан төслийг нь үг үсгээр нь харах юм бол шүүмжлэх зүйл байхгүй. Тухайн үед ярьж байсан зүйлсийг өнөөдөр хийе гэж байгаа юм. Нэг нам дийлэнх олонх байхдаа биш, хэн асуудлыг шийдэж чадаж байна вэ гэдэгтээ тулгуурлан шийдэх ёстой. Тиймээс энэ цаг үед шийдэх нь хамгийн зохимжтой байгаа юм байна гэж ойлгож байгаа. Арваннэгдүгээр сарын 15-нд УИХ ирэх оны төсвөө баталж дуусаад салбарын хоёр гурван том хуулиа оруулаад арванхоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ажиллах хэрэгтэй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа үед бусад хуулийг хэлэлцэх боломжгүй болдог. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сүүлийн хоёр жил нэлээд сайн ажиллалаа шүү дээ. Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг эцсийн кнопыг УИХ-ын гишүүд олонхоороо дарах ёстой. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох ёстой гэж харж байгаа.

-Тэгээд ямар өөрчлөлт орох ёстой гэж?

-Миний хувьд гурван зүйлийг нуруугаа болгож явах ёстой гэсэн байр суурьтай байна. Нэгдүгээрт, төрийн тогтолцоогоо зөв болгох, төрийн тогтолцоо нь өөрөө нийгмийн хөгжлийн харилцаа, эдийн засаг, хүний хөгжлийн харилцаандаа чөдөр болдоггүй, түүнийгээ дэмждэг механизм байх ёстой. Одоо хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын тогтолцоо нь эдийн засгийнхаа хурдыг гүйцэхгүй манлайлж явах ёстой функц нь чагталж зогсоох, асуудал шийддэггүй байх үүд хаалга болчихоод байна л даа. Тийм учраас асуудал шийддэг, ил тод байдаг иргэдийн оролцоог хангадаг тогтолцоо руу юуны өмнө шилжих хэрэгтэй. Хувь гишүүний хувьд сонгодог парламентын тогтолцоо руу явах ёстой гэж харж байгаа.

Хоёрдугаарт, хариуцлагыг хэрхэн шийдвэрлэх вэ. Тухайлбал, шүүгч нарыг хэн, хаанаас томилох юм. Яаж хараат бусаар иргэний төлөө ажилладаг хуулийн байгууллагатай болох юм. Мөн төрийн засаг захиргааны байгууллагын хэн нь ямар хариуцлага хүлээх вэ. Сум, баг, аймгийн Засаг дарга гэж хэнийг хэлэх вэ. Хаанаас яаж сонгогддог байх юм гээд маш ойлгомжтой томьёолж өгснөөрөө хариуцлага ойлгомж-той болно. Хүчтэй Ерөнхий сайдын засаглал руугаа шилжсэнээр эргээд хариуцлага нь тодорхой, иргэд эргээд тухайн хүндээ хариуцлагаа тооцож чаддаг тэр тогтолцоо руу явах нь зөв.

Гуравдугаарт, улстөржилт хэрээс хэтэрлээ гэдгийг бүх шатандаа ярьж байна. Ялангуяа анхан, дунд шатандаа хэрээс хэтэрч ангийн хоёр хүүхэд муудалцдаг, ах дүү нар хоорондоо хэрэлддэг. Магадгүй улс төрийн намын үйл ажиллагааг зарим түвшинд хязгаарлах ёстой. Үүнийгээ дагаад улс төрийн нам төлөвших хөрс суурийг бий болгох шаардлагатай. Улс төрийн нам нь манлайлдаг, бодлого тодорхойлдог нийгмийн хүчин. Ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд улс төрийн хүчнүүдийн оролцоог тодорхой болгож өгөх байх. Бүгдээрээ хэлэлцээд шийдье гэвэл гарц гаргалгаа бий.

-Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонссон хүмүүс нэг хүний засаглалыг бий болгох гэж байна хэмээн ярьж байна л даа…

-Өнөөдөр гурван сонголтын талаар л ярьж байгаа. Эхнийх нь сонгодог парламентын засаглал. Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог. Парламентаа дагаад хүчтэй Ерөнхий сайдын засаглал бий болдог. Манай улсын хувьд газар зүй геополитик хийгээд өмнөх түүхээ харахад Монгол Улсад сонгодог парламент зохицох байх. Ялангуяа посткоммунист орнуудаас Ерөнхийлөгчийн засаглал руу шилжсэн байдлыг харахад ардчилал тогтож чадаагүй, нийгэм эдийн засгийн байдал сайн түвшинд хүрч чадаагүй гашуун түүхүүд бий. Бид тэр хүмүүсийн алдааг давтах шаардлагагүй.

Дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том гүрний дунд байгаа улсын хувьд нэг хүний засаглал буюу Ерөнхийлөгчийн засаглал руу орох нь хэр зохимжтой вэ. Монголчууд хэзээний эрх чөлөөнд дуртай ард түмэн. Энэ байж болох хувилбарын нэг ч сайтар ярилцах нь чухал.

-2019 оны төсвийг хэлэлцэх гэж байна. Төсвийн төсөл хэр эрүүл байна вэ?

-Төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүд нэлээд ярилцаж байна. Энэ удаагийн төсөв хоёр онцлогтой байна гэж харж байгаа. МАН Засгийн эрх барьж байх хугацаандаа төсөв, мөнгөний бодлогоо хэр явуулсан бэ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хэр хийсэн бэ гэдэг дүнгээ тавиулах хугацаа ойртож байна. Тиймээс хүссэн ч, эс хүссэн ч намын мөрийн хөтөлбөртэй энэ төсөв уялдаж гарч таарна. Хоёрдугаарт, 2016 онд Монгол Улсын эдийн засаг сэхээнд байхад нь бид хүлээж авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл өссөн өсөлтийг цаашид яаж хадгалах вэ гэдэг асуулдал бий. Нийгмийн зүгээс эдийн засаг өсч байгаа бол цалингаа нэмээч гэсэн шаардлага гарч ирсэн. Нөгөө талд нь эдийн засгаа аль болох урт хугацаандаа тогтвортой өсөлтөөр хангах зорилт бий. Энэ хоёрын торгон уулзвар дээр төсвөө батлан гаргах зайлшгүй шаардлагатай. Хүмүүсийн хүсэн хүлээж байгаа шиг тийм их хэмжээний мөнгө хуримтлагдаж чадаагүй. Гэхдээ тэр хүмүүсийн шахалтад ороод их хэмжээний мөнгө хаячихвал эргээд эдийн засаг хямрах магадлалтай. Ил тод, үр ашигтай байх, төсвийн зарлагын реформд ахиц гарсан төсөв өргөн баригдлаа гэж бодож байна. Ялангуяа төсвийн сахилга батыг чангатгах, төрийн үргүй зардлыг багасгах, төрийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр өрийн дарамтыг бууруулах чиглэлд Засгийн газар идэвхтэй ажилласан. Эхнээсээ үр дүн нь гарч байгаа. Ганц жилийн дотор таван их наяд 700 тэрбум төгрөгийн өрийг дарсан. 2012-2016 оны хооронд тийм их өр тавиагүй сэн бол энэ их мөнгөөр иргэдийн хүсэн хүлээсэн цалин, тэтгэврийг хэд дахин ч нэмэгдүүлэх боломж байсан гэсэн үг. ОУВС-тай тохирсон ойлголцлын хүрээнд ирэх жилээс нийгмийн асуудлыг нэлээд өргөн хүрээнд авч үзнэ. Цалин, тэтгэврийг энэ жилээс нэмж эхэлсэн. Ирэх жилд ч мөн инфляцитай уялдуулаад нэмнэ. Төсвийн өгөөж, үр дүнг зөв тооцмоор байна. Энэ бүгдийгээ авч үзэж байж төсвөө батлах болов уу. 2016 онд бид төсвийн тодотгол хийх гэж байхад Монгол Улсын төсвийн алдагдал 10 гаруй хувьтай байсан. Таван төсөвтэй байсныг нэгтгээд үзэхэд төсвийн алдагдал 20 хувьд хүрч байсан шүү дээ. Өнөөдөр төсвийн алдагдал 5.4 хувиас хэтрүүлэхгүй байхаар оруулж ирж байгаа. Цаашид бид төсвийг алдагдалгүй батлах тал дээр анхаарч төсвөө явуулж байх хэрэгтэй. Тэгж чадвал хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг байдал арилна. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн барометрүүдийг УИХ-ын гишүүд маань өөрчлөхгүй байгаасай гэж хүсч байна. Тэгэхгүй бол гишүүн бүр тойрогтоо ийм юм тавина гээд унадаг. Энэ нь өөрөө төсвөө унагачих вий дээ. Гишүүд тойрогтоо хэтэрхий их хайр зарласнаас болж улс орноо хохироож болохгүй.

-Ноднин төсөв хэлэлцэж байхдаа ам.долларын ханшийг 2500 төгрөгөөр тооцсон. Өнөөдөр 2560 төгрөг давсан байна. Ханшийн алдагдлыг яаж нөхөх вэ. Мөн бензин шатахууны үнэ өссөн. Цаашид ч өснө гээд байдаг. Их л ярвигтай төсөв юм биш үү?

-Төсвийг бодитой батлах ёстой. Сүүлийн 6-7 жилийн хугацаанд анх удаа төсөвт тодотгол хийлгүй төсвийн жилийг дуусгах гэж байна. Өмнө нь жилдээ хоёр, зарим тохиолдолд дөрвөн удаа төсвийн тодотгол, зохицуулалт хийж ирсэн. Үүнийг дагаад төсвийн сахилга бат сулардаг. Үүнийгээ дагаад дотоодын банкуудад бонд гаргах замаар нөхдөг байсан. Энэ нь эргээд эдийн засгаа хумьдаг. Сүүлдээ арилжааны банкууд нь аж ахуйн нэгжүүдэд зээл гаргахаас илүү бонд дээр ажилладаг болсон. Тиймээс төсвөө бодитой батлах нь маш чухал. Бидний тооцоогүй илүүдэл гарсан. Төсөв давж биелж байгаа. Давсан орлогоо дараа жил нь зарцуулаад явдаг соёлд суралцах зайлшгүй шаардлага байна. Тэгэхгүйгээр төсвөө хуваарилчихдаг, эсхүл төсөв дутсан нэрээр төсвийн сахилга бат алдсан хүмүүсийг өөгшүүлдэг байдлаа болих хэрэгтэй. Төсвөө бид мөнгөний бодлоготойгоо хэр уялдуулах юм. Валютын ханш, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн индекстэй уялдуулахад хамгийн их анхаарах ёстой. Өнөөдөр ам.долларын ханшийн асуудал хамгийн их санаа зовоож байна. Дэлхийн томоохон гүрнүүдийн хооронд худалдааны дайн эхэлсэн. Үүнээс болж долларын юаньтай, долларын евротой, долларын иентэй харьцаж байгаа харьцаанд доллар үргэлж чангарч байгаа. Энэ нөлөөлөл манайд орж ирж байгаа юм. Харин бид үүнийг дотооддоо хэрхэн шингээх вэ гэдгээ төсвөө ярихдаа тойрч ярилцаж, төсвөө мөнгөний бодлоготойгоо уялдуулах зайлшгүй шаардлага байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *