ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ…
“Silkroad” рестораны захирал Я.Энхээтэй ярилцлаа. “TV9” телевизийн “Хоолондоо” шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдгээр нь түүнийг хүмүүс сайн таних биз ээ.
-Таныг тогоочоос өөр мэргэжилтэй гэж сонссон юм байна?
-Би металлургийн инженер хүн шүү дээ. Металл судлалын инженер гэсэн үг. 1989 онд Украинд энэ мэргэжлээр сургууль төгссөн. Уг нь энэ мэргэжил улс оронд их хэрэгтэй. Тэгээд ч нэлээд давгүй инженер шүү, би. Сургуулиа ч их гайгүй төгсч байлаа. Даанч хувь заяаны эрхээр өөр зүйл хийж явсаар байгаад өдгөө ресторан ажиллуулдаг болчихлоо.
-Мэргэжлээрээ огт ажиллааг үй юм уу?
-Нэг жил ажилласан. Гэвч жинхэнэ сурсан мэдсэнээ ашиглаж чадахгүй байсан юм. Зүгээр нэг байгууллагад лаборант хийж байлаа. Манайх дөнгөж зах зээлд шилжиж байсан үе болохоор юун хүнд үйлдвэр хөгжүүлэх манатай. Лангуугаа яаж хоосруулчихгүй байя даа гэж бодоцгоож байсан үе шүү дээ. Тухайн үед хүмүүс бүгд ганзагын наймаанд явж байлаа. Гэхдээ би наймаа хийгээгүй. Өөр журмаар Герман руу гарсан.
-Хоолны бизнесийг хэдийнээс хийх болсон бэ. Яаж хөл дээрээ босч байв?
-Германд очоод Америкийн нэг компанид удирдах албан тушаал хашиж байлаа. Тэнд их ч юм сурсан. Бизнесийг яаж зөв явуулдаг, хүмүүсийг яаж удирдаж, сургадаг, тэдэнтэй яаж харьцдаг гэдгийг дөрвөн жил ажиллахдаа суралцсан юм. Би тэр компанийн хоёр ч салбарыг хариуцаж явлаа. Тэр үед итали ресторанд таван жил ажилласан миний нэг дүү надад хуурай хоолны бизнес хийх санал тавьсан. Тэр маань “Энхээ ахаа хоёулаа пицца хийе” гэсэн. Ингээд л түүний мэдлэг дээр миний жаахан туршлага нэмэгдсэн хэрэг. Мөнгө төгрөг ч овоо цуглуулсан байлаа. Тэгээд бид Монголд ирээд хоолны бизнес эрхэлсэн. Тэр үед өөр сонголт байгаагүй л дээ.
-Ирэнгүүтээ ресторан байгуулсан юм уу. Тухайн үед гадуур хооллодог хүн хэр олон байв?
-Шууд ресторан байгуулааг үй юм аа. Одоо ч бий дээ. Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойно нэг жижигхэн павильон байдаг даа. Тэнд бизнесээ эхэлж анх пицца хийдэг байсан. Жижигхэн павильонд минь пиг дүүрэн хүн ирж пицца иддэг байв. Заримдаа тэндээ бүр шоу зохиодог байсан юм шүү. Тухайн үед Монголд гадуур хооллодог хүн ховор байсан л даа. Харин Монголд суугаа Элчин сайдын яамны хүмүүст хоол идчих газар олддоггүй байсан юм билээ. Тиймээс ихэвчлэн гадныхан манай павильонд ирж хоол иднэ. Хаанахын ч билээ нэг улсын Элчин сайд тэнд төрсөн өдрөө ч тэмдэглэж байв. Цагдаа нар ирээд архи дарс ууж байна уу гээд л шалгана. Тэгээд баахан шар толгойтой гадны нөхдүүд байхыг хараад юм хэлэхгүй буцаад гардаг байж билээ. Ингээд л жижигхэн павильоноо өргөжүүлээд ресторан байгуулсан даа. Нэг үе дөрвөн ресторан зэрэг ч ажиллуулж байлаа. Энэтхэг, мексик, итали хоолны ресторанууд нээж байсан. Тэд маань одоо ч ажиллаж байдаг юм билээ. Харин 2003 онд ”Silkroad” рестораныг байгуулсан. Ер нь ресторан ажиллуулаад арав гаруй жил болж байна. Саяхан энэ рестораныхаа салбарыг шинээр нээчихлээ.
-Танайх олон үндэстний хоол хийдэг байх. Рестораныхаа хоолыг бүгдийг нь та өөрөө хийдэг юм уу?
-”Silkroad” гэдэг чинь торгоны зам гэсэн утгатай шүү дээ. Энэ бол зүгээр нэг тэмээн жин явдаг зам биш. Мэдээлэл харилцаа, цэрэг улс төрийн солилцоо явагддаг Азиас Европ хүрдэг зам байсан. Үүнийг бэлгэдэн ресторандаа ийм нэр өгсөн. Тийм болохоор янз бүрийн орны хоол хийдэг. Сонгодог хоол ч бий. Гадаадын айлд очиж хийж сурсан зарим хоолоо ч хийдэг. Ном жор судалсны үндсэн дээр Монголдоо байгаа хоолны материалд тохируулан хийнэ. Би хоолоо өөрөө хийх үедээ хийнэ. Гэхдээ гол нь тогооч нараа сургаж бэлтгэхэд их анхаардаг.
-Хоолныхоо материалыг Монголоос авч байгаа юу?
-Монголчууд хямдыг нь хараад чанар муутай материал оруулж ирээд байна. Тийм болохоор би хоолныхоо материалыг аль болох гаднаас авдаг. Гэхдээ голдуу амтлагчуудаа гаднаас авдаг даа.
-Та ер нь хаана ингэж хоол сайн хийж сурав аа?
-Монгол хүмүүс чинь бүгд гэртээ хоол хийдэг биз дээ. Аав, ээж маань улсын хариуцлагатай ажил хийдэг болохоор гурван дүүдээ багаасаа хоол хийж өгч байсан. Хоол хийх гараагаа ингэж эхэлсэн гэх үү дээ.
-”Хоолондоо” шоуг хийх санаа хэзээ төрсөн бэ. Телевизээр хэзээнээс цацаж эхэлсэн билээ?
-Ер нь нэвтрүүлэг хийх санаа 2002 оноос эхэлсэн юм. Телевизээр цацдаггүй л байсан болохоос биш аялж явахдаа хоол хийгээд бичлэг хийдэг байлаа. Эднийгээ CD-нд бичүүлчихсэн байсныг манай нэг найз санамсарг үй хүнд үзүүлчихсэн юм билээ. Түүнээс хойш зурагтаар гаргах болсон юм.
-Тогооч гэхээр цагаан малгай, хормогчтой хүн л гэж төсөөлдөг. Харин таны нэвтр үүлгийг үзэхэд чөлөөтэй хувцасласан жирийн хүн хоол хийж харагддаг. Энэ нь энгийн санагддаг учраас хүмүүст илүү хүрдэг байх?
-Тогооч бол ерөнхийдөө цагаан малгай, хормогчтой байх ёстой. Нийтэд үйлчилж байгаа мэргэжлийн тогооч учраас эрүүл ахуйн талаасаа заавал тийм хувцастай байдаг. Шоу гэдэг бол танин мэдэхүйн талдаа учраас өөр л дөө. Миний нэвтрүүлэг бол хоол хийхийг заахаасаа илүү хоолыг ингэж хийж болдог юм гэдэг санаа сэдлийг хүмүүст өгч байгаа юм. Хоол хийхээс битгий айцгаа, хүн жаахан сэтгэх л юм бол ямар ч амттай хоолыг хийгээд сурчихна. Энэ ерөөсөө хэц үү юм биш. Гэр орон найз нөхдийнх өө хүрээнд хөнгөхөн ямар хоол хийж болох вэ гэдэг санааг өгч байгаа юм. Хүмүүс намайг хоол хийхийг зааж өгч байна гэж ойлгоод байдаг. Тэгээд утасдаад тэр хоолныхоо жорыг хэлээд өгөөч гэдэг. Харин би хийсэн хоолныхоо жорыг дараа нь мартчихдаг.
-Жороо тэмдэглэж авдаггүй юм уу?
-Хоол хийх тэр үедээ л яаж сэтгэнэ. Түүгээрээ зохиогоод хийчихдэг. Түүнээс биш жор хараад, түүнийгээ тэмдэглээд байдаггүй. Ресторанд бол өөр шүү дээ. Шоунд тийм зүйл байхгүй. Би хэлсэн шүү дээ. Ерөөсөө хүнд хоол хийх санаа өгөх зорилготой гэж. Нэг жишээ хэлье. Шоугаараа би нэг удаа салад хийж л дээ. Цагаан гоймонгоор тайланд маягийн салат хийсэн байгаа юм. Түүнийг манай нэг эгч үзчихээд ах нарыгаа дуудан “Энхээгийн заасан хоолыг хийж өгнө” гэж. Тэгээд цагаан будааны гоймонг нь гүзээ гэж ойлгоод өнөө салатаа гүзээгээр хийж л дээ. Тэгсэн тэр нь үнэхээр сайхан амттай салат болсон гэнэ лээ. Хоёр ах нь одоо хүртэл тэр салатыг хийлгэж идэх дуртай болсон гэдэг юм. Тэгэхээр миний салат хийсэн жороор яваагүй байгаа биз. Зүгээр л санаа аваад хийтэл тийм гоё амттай хоол болсон байхгүй юу. Манай шоуны зорилго ердөө л энэ. Хоол хийхэд жоронд баригдах шаардлагагүй, сэтгэхэд л болно.
-Гадаадын орнуудаар явж “Хоолондоо” шоуг бэлтгэдэг байх аа. Хамгийн сонин хоолтой үндэстэн хаана байв?
-Бүх улсын үндэсний хоол сонин шүү дээ. Монголын хоолнууд гадныханд бас сонин. Жишээ нь хорхог, лавшааг гадныхан идээд “Ямар сонин юм бэ” гэцгээдэг. Харин хоолыг урлаг болгосон орон их л дээ. Манайд энэ л жаахан дутаад байгаа юм. Гадаадад очоод хоол хийгээд явахаар их зүйл сурч мэддэг. Нөгөө талаар тэндхийн хүмүүс бас надаас суралцдаг юм. Тэгэхээр аль аль талдаа ашигтай байдаг гэх үү дээ. Монголчууд өөх тостой хоол их иддэг. Мах, гурил, давснаас өөр бараг хольц хэрэглэдэггүй. Харин гадныхан мах өөхнөөс гадна ногоо хольц амтлагч их хэрэглэдэг. Энэ нь эд эрхтэндээ ачаалал өгөхгүйн тулд шүү дээ. Үүгээрээ л ялгаатай юм даа.
-Манай бантанг алтан медальтай хоол гэдэг биз дээ?
-Хоолны яармаг болж байсан тухай би сонсч байгаагүй. Манайхан бантангаараа бахархаж хийсвэр яриа гаргасан байлгүй.
-Та хичнээн орноор явчихаад байна вэ? -Олон орноор явсан даа. Сайн санахгүй байна. Сая 45 хоног автомашин түрээслээд Европын хойд хэсгээс бусдаар нь яваад ирлээ. Ер нь аялах дуртай. Би 18 настайгаасаа хойш гадаадад амьдарсан даа. Украин, Финланд, Германд байлаа.
-Аялж явах зардал мөнгийг өөрөөсөө л гаргах уу?
-Хувийн аяллаар л явдаг.
-Та гадаадад очоод хоол хийдэг айлуудаа яаж олдог юм бэ?
-Очсон газар найз нөхөд олон бий. Нэг газар яваад очихоор манайд ир гэж урина. Тэгээд өнөө айлдаа очоод уригдсан хүн чинь нэг мэдэхэд л хоол хийчихсэн зогсч байдаг. Бас байнга камертай явдаг юм хойно тэгээд давхар зургаа авчихна. Гадаадад очоод хоол хийлгээд байгаа айлууд бүгд миний танил байдаг.
-Та мэргэжлийн тогооч биз дээ?
-Би нэг хэсэг Монголын итали тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгч хийж байв шүү. Тэр шугамаар тогоочийн курс хичээллүүлж байсан. Түүндээ өөрөө суугаад нэг үнэмлэх авч байлаа. Гадаадад олон жил ажилласан тогооч нар манайд их ирж байгаа. Тэдэнд тогоочийн үнэмлэх гэж байхгүй шүү дээ. Гэхдээ тэд хамгийн сайн нь байдаг. Тогооч бэлтгэдэг зарим сургуулийн шалгалтад би хааяа очдог. Тэр хүүхдүүд сургуулиа төгсөөд мэргэжлийн тогооч гэсэн үнэмлэх диплом авдаг. Гэтэл манай ресторанд ирээд гологдох жишээтэй. Тэгэхээр Монголоос үнэмлэх авах шаардлага байгаа ч юм уу, үгүй юу мэдэхгүй. Тогоочийн үнэмлэх бий юу гэвэл надад байгаа. Үнэмлэх шаардлагатай гэхээр нь авчихсан.
-Ер нь тогоочийн ур чадвар юунд байдаг вэ. Хоол амттай болох нь тогоочийн ур чадвараас шалтгаалах нь мэдээж. Гэхдээ хоолны жор материал сайн байх нь чухал юм шиг ээ?
-Хоол хийдэг шоу нэвтр үүлэг их гарч байгаа болохоор тогоочийн мэргэжил их амархан мэт хүмүүст ойлгогддог болжээ. Үнэхээр гоё мэргэжил. Гэхдээ маш их хариуцлага, сахилга баттай байх ёстой. Мөн хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайн сахих хэрэгтэй. Ажиллаад долоо, найман жил болсны дараа тогоочийн ур чадвар гэдэг зүйл эндээс л харагдана. Түүнээс биш хурдтай байх нь гол биш. Хэдэн жор цээжилснээрээ ур чадвартай байгаа юм биш л дээ. Хоол амттай болохын хувьд хийсвэр утгаар нь хэлбэл хүнд сэтгэл байвал ямар ч хоол амттай санагдана. Ерөнхийдөө техникийн үүднээс нь ярих юм бол сайн хоол хийхийн тулд сайн материал байх хэрэгтэй. Сайн материал байвал тогоочийн ур чадвар гэлтгүйгээр амттай хоол хийчихэж болно. Тогооч жаахан сэтгэхэд л хангалттай.
-Та гадны сайн тогооч нартай уралдаанд оролцож байв уу?
-Үгүй. Харин хамт хоол хийж үзсэн. (инээв) Тухайлбал, ноднин зун дэлхийд хэдхэн байдаг рестораны сүлжээний Хонконг дахь салбарын нэртэй тогооч Фредерик манайд ирсэн. Түүнтэй хамт хоол хийж үзсэн. Ялгаа асар их юм билээ. Ур чадвартай тогооч гэж түүнийг л хэлэх байх. Яасан гэхээр Монголд байдаг хоолны материалаар жуулчдад зориулсан дээд зэргийн хоол хийх болзолтой байлаа. Ингээд хоёулаа “үзэж тарсан”. Манайхан бол барууны маягаар хоол хийчих гээд янз бүрийн материал хайгаад байдаг. Гэтэл тэр тогооч гарч гүйгээд царван, агь түүгээд л гурван өдрийн дотор гайгүй сайн хоол хийчихэж байгаа юм л даа. Мөн Флоридад явж байгаад тэндхийн нэлээд алдартай латин тогоочтой хамт хоол хийж байлаа. Түүнээс биш уралдаанд оролцож байсангүй. Тэр миний зорилго биш.
-Тогооч нар махлаг байдаг гэсэн ойлголт бий. Энэ хэр үнэний ортой бол?
-Эрүүл хүнс идээд зөв хоолловол хүн ер нь таргалахгүй шүү дээ. Тогооч нар тарган байдаг гэдэг худлаа байх аа. Миний бодлоор дээхнэ үед нийтийн хоолны газар ажилладаг эмэгтэй тогооч нар тарган байсан байх. Эмэгтэй хүн чинь хурдан таргалдаг шүү дээ. Үүнээс үүдэн ийм ойлголт бий болсон байж мэднэ. Манайд ажилладаг тогооч залуус бол булчин шөрмөс ихтэй шүү дээ.
-Шоугаа цаашид үргэлжл үүлсээр байх уу?
-Энэ тухай сайн бодох хэрэгтэй байна. Би хоёр ресторан ажиллуулж байгаа учраас ажлын ачаалал их байна. Бас гэр бүлд минь ам бүл нэмэгдэж байна. Тэгэхээр гэр орондоо анхаарал тавих шаардлагатай болж байгаа. Гэхдээ шоугаа үргэлжл үүлээд хийгээд байх боломжг үй зүйл ч алга. Ер нь энэ миний хобби шүү дээ. Ийш тийшээ аялахаараа камер аваад явчихдаг. Камер байсан цагт зураг аваад шоугаа эхэлчихсэн байдаг.
-Гэртээ хоол хэр хийдэг вэ?
-Амралтын өдрүүдэд хүүхд үүддээ хоол хийж өгдөг.
-Бусад өдрүүдэд нь?
-Манай эхнэр хоол хийдэг. Сайхан монгол хоолоо хийж иднэ. Гурилтай шөл, хавирга, бууз гээд л…
-Таны гарын хоолыг иднэ гэж танайд найз нөхөд цуглана биз…
-Залуу байхад найз нөхөд их ирдэг байлаа. Одоо ховордсон.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ