“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мэргэжлээ хэрхэн сонгож, ирээдүйгээ төлөвлөх вэ?” сэдвээр өнөөдөр “Цөм сургалт” судалгааны төвөөс мэдээлэл хийлээ.
“Цөм сургалт” судалгааны төв нь хүүхэд залуучуудын мэргэжил сонгох талаар дөрөв дэхь жилдээ нэгдсэн форумыг зохион байгуулах гэж байна.
Энэ удаа “Миний сонголт, Монголын ирээдүй” сэдэвтэйгээр форум зохион байгуулах юм байна.
ЕБС-ийн төгсөгчид ажил мэргэжлээ зөв сонгоход нь туслах,зөвлөгөө өгөх, харилцан санал солилцох,олонд таниулах, хамтран ажиллах,тэд өөрсдийн амьдралын гараагаа зөв эхлүүлэх, цаашид эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмрээ оруулах өргөн бололцоо олгох үндсэн зорилготой гэнэ.
Форумд сурагчид, эцэг эх, багш, эрдэмтэн судлаачид, олон нийтийн төлөөлөл болох 800-аад зочид төлөөлөгчид оролцоно.
Форум Төрийн ордонд аравдугаар сарын 21-нд болох юм байна.
“Цөм сургалт ” судалгааны төвийн нийгмийн багш Я.Батсүрэнгээс энэ талаар тодруулав.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мэргэжлээ зөв сонгох форумд оролцох юм байна. Тэдэнд тусгайлан ямар зөвлөгөө өгөх вэ. Эдгээр хүүхдүүд мэргэжлээ зөв сонгоод, эргээд ажиллая гэхэд ажлын байр хэр байдаг юм бол?
-Сонгинохойрхан дүүргийн X хороонд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст долоо хоног сургалт явуулсан. Тэгэхэд эдгээр хүмүүс маш их идэвхтэй оролцож байсан.
Илтгэл лекц уншиж сургалт явуулахынхаа өмнө холбогдох хуулийг нь уншаад үзэхэд: 120-иос дээш ажилтантай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулна гэсэн хуулийн заалт бий. Ийм тохиолдолд тухайн байгууллагад нийгмийн даатгалын болон татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн тусгай төсөв, хөнгөлөлт, хуулийн заалтууд байдаг.
-Эдгээр хүүхдүүд ихэвчлэн ямар мэргэжил сонгодог вэ, ямар мэргэжил сонгох нь зөв бэ?
-Гар урлал, уран дархан зэрэг хүртэхүйн мэдрэхүй тал руугаа мэргэжил ихэвчлэн сонгодог. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 80 хүртэлх хувь нь гар урлалын чиглэлээр мэргэжил сонгосон байдаг.
Учир нь эдгээр хүүхдүүдийн хүртэхүйн мэдрэхүй маш сайн хөгжсөн байдаг. Дандаа хууль ч, эдийн засагч болоод байвал ажлын байр олдохгүй. Сүүлийн үеийн судалгаагаар 60 гаруй хувь нь тийм мэргэжил сонгож байна. Эндээс та бүхэн ажилгүйдэл их байгааг харж болно.
Харин барилгын инженер, хөдөө аж ахуйн мэргэжил сонгох юм бол ажлын байр сайн олддог.
-Залуус мэргэжил сонгохдоо юун дээр нь алдаад байна?
-Одоо болох форум дээр хүүхэд залуус цаг хугацаагаа зөв ашиглах, боловсрол олохдоо зориулж хадгалсан мөнгөө зөв зарцуулах, ингэснээр улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах гол зорилготойгоор зохион байгуулагдана. Үүн дээр илүү дэлгэрэнгүй илтгэл танилцуулгуудыг тавина.
Хамгийн түгээмэл гурван алдаа бол:
Биед амар сайхан мэргэжил сонгодог, өндөр цалинтай мэргэжил сонгодог. Хуульч, эдийн засагч гэх мэтээр сонгодог.
Эсвэл аав, ээжийнхээ үгээр мэргэжлээ сонгох алдаанууд гаргадаг. Хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжил, технологийн мэргэжил, аж үйлдвэрийн чиглэлийн мэргэжил гээд барилга бүтээн байгуулалтын мэргэжлийг сонгох нь бага. Судалгаанаас үзэхэд суралцаж байгаа хүмүүсийн 30 хувь нь сурч байгаа мэргэжлээрээ ажиллахгүй гэсэн хариулт өгсөн байдаг. Энэ бол ажилгүйдлийг нэмэх, хөгжлийг сааруулах хүчин зүйл болж байгаа гэсэн үг гэв.
Б.Оюунжаргал