Categories
мэдээ цаг-үе

Я.Баатар: Токиогийн олимпийн наадамд дугуйн төрлөөр оролцсон дөрвөн тамирчны нэг нь би

1964 оны Токиогийн олимпийн дугуйн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Я.Баатартай уулзлаа. Түүнийг спорт сонирхогчид дугуйн Баатар гэхээр андахгүй юм билээ.

Та 1964 оны Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан. Тухайн үед олимпийн наадамд оролцох эрхээ хэрхэн авч байв?

-1958 онд манай улсын дугуйчдын шигшээ баг анх байгуулагдаж байлаа. Шигшээ багийнхан маань гадаад, дотоодын дугуйчдыг урьж авчран хамтарсан бэлтгэл хийдэг байсан. Харин олимпийн наадмын өмнө улсын шилдэгт тооцогдох 20 дугуйчныг цуглуулсан юм. Тэндээсээ бэлтгэл сургуулилтын явцад хэд хэдэн шалгаруулалт хийгээд 15 хүн үлдээсэн. Энэ хүмүүс маань 1960 оноос хойш байнгын бэлтгэл хийдэг байлаа. Бүр өвлийн улиралд ч бэлтгэл хийнэ. Тухайн үед би оюутан байв. Нэг хавар орос дасгалжуулагч багш урьж авчраад “Манай тамирчдыг олимпод ороход бэлдэж өгөөч” гэсэн юм билээ. Орос багш маань бидэнтэй гурван сарын турш ажиллан арван тавуулаа байсан биднийг дөрөв болтол нь цөөлсөн. Үлдсэн дөрвөн тамирчин ойр ойрхон уралдах, сорилт хийх, хол замд, ууланд уралдах гэх зэргээр бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа. Би ч яахав дотроо олимпийн наадамд явна гэж тэгтлээ боддоггүй байсан. Харин нэг өдөр орос багш маань энэ хүүхдийг олимпод явуулна гэсэн дээ.

Одоогийнхтой адил олон улсын уралдаан тэмцээнээс олимпийн эрх авдаггүй байсан юм уу?

-Тамирчин хүний тухайд эрхээ авч байгаа нь л энэ. Харин улсаас “Манай улсын дөрвөн тамирчин олимпийн наадмын дугуйн төрөлд оролцоно” гэсэн утгатай мэдүүлэг явуулчихдаг байсан. Тухайн үед олимпийн наадамд ямархуу амжилттай оролцож байгаагаар нь тэр улсын хөгжлийг тодорхойлдог байсан байх.

Таны хувьд олимпийн наадмын дугуйн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон анхны тамирчин болж байжээ дээ?

-Тийм болж таарч байгаа. Гэхдээ би ганцаараа оролцоогүй юм шүү дээ. Л.Эрхэмжамц, Л.Буудай, Ч.Саманд бид дөрөв нэг баг болон оролцож байлаа. Одоо бид дөрвөөс хоёр нь бурхны оронд оджээ.

Дугуйн төрлөөр анх удаа олимпийн наадамд оролцоно гэхээр их баяртай байсан байх. Бэлтгэл сургуулилтаа яаж хийдэг байв?

-Орос багштайгаа шаргуу бэлтгэл хийсэн дээ. Тэрэлж, Нүхт, Баянчандмань гэхчлэн газруудад бэлтгэлээ хийдэг. Өдөрт дор хаяж 100 гаруй км-ийн зайд бэлтгэл хийдэг байсан. Шулуун зам, бартаат зам, ууланд гэхчлэн янз бүрээр л бэлддэг байлаа.

Өвөлдөө яаж бэлддэг байсан бэ. Биеий хүчний бэлтгэл хийх үү?

-Биеийн хүчний бэлтгэл их хийдэг байсан. Хүндийн өргөлтөөр хичээллэнэ. Хөлбөмбөг тоглоно. Өвөлдөө цанаар гулгаж, зааланд сагсан бөмбөг тоглуулдаг байсан. Гол бэлтгэл нь дугуй, цана, штанг өргөх байлаа.

Орос багш тань ямархуу хүн байв?

-Манай багш энхтайвны төлөөх олон улсын уралдаанд түрүүлж байсан хүн. ЗХУ-ын гавьяат тамирчин цолтой хүн байлаа. Гурван сар бэлтгэл хийгээд наймдугаар сарын сүүлээр Токиог зорьсон санагдаж байна.

Тэр үеийн нийгэм одоогийнхоос шал өөр байсан. Олимпод оролцохоор явж байгаа тамирчдадаа юу захидаг байв?

-Биднийг явахын өмнө яриа хийж байсан. Гадаадад очоод соёлтой байна шүү, гадаад хүмүүстэй яаж харьцах вэ, улсаа хэрхэн сурталчлах вэ гэдгийг зааж өгнө. Соёлтой байгаарай гэдгийг наад захын жишээ нь гудманд шүлсээ хаяхгүй байх, хоол ундаа зөв боловсон идэх гээд олон зүйл зааж өгсөн.

Очиход ямархуу орчин угтав. Уулга алдан гайхмаар зүйл их л байсан байх даа?

-Эх орноосоо явахдаа гадаад улсад очоод их хэцүү байх нь дээ л гэж бодож байсан. Хөрөнгөтөн улс гэж сурталчилдаг байсан. Хүүхэд байсан юм болохоор хөрөнгөтөн улс гэж ямар байдаг юм бол гээд л бодно. Харин очсон хойноо биширч байлаа. Маш өндөр хөгжилтэй, хүмүүсийн харилцаа, эдэлж хэрэглэж байгаа зүйл нь их өөр байсан. Биднийг очсоны дараа нэхмэлийн үйлдвэр үзүүлсэн. Түүхий эд байхаас нь авахуулаад эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэл бүхий л шат дамжлагатай нь танилцуулсан. Ер нь л их өндөр хөгжилтэй, сайхан улс юм гэж бодогдож байлаа. Зам, барилга, машин техник, орчны цэвэр цэмцгэр байдал нь хачин гоё.

Тамирчдыг тусгай байранд оруулсан уу. Токиогийн төвд байдаг “Олимпик центр” тэр үед баригдсан байх даа?

-Тэгсэн байх. Тухайн үед тамирчдад зориулан тусгай хотхон барьж байсан юм билээ. Гэхдээ бид нар олимпик центрт байгаагүй.

Та дугуйн ямар төрөлд уралдсан юм бэ?

-Холын зайд буюу засмал замын уралдаанд оролцсон. Багийн төрөл л дөө. Гараан дээр дөрвүүлээ зогсож байгаад хагас цагийн зайтай гарч байсан. Нийт 33 баг оролцсоноос манай баг 23 дугаарт орсон.

Ганцаарчилсан төрөлд уралдсан уу?

-Багийн тэмцээний дараа ганцаарчилсан төрөл нь болсон юм. Ганцаарчилсан төрөлд 193 тамирчин уралдахад би 43 дугаар байрт орж ирсэн. Нөгөө гурав маань 85, 103-т орж байсан санагдаж байна.

Олимпийн наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд оролцсон уу. Монголын багийн тугчаар хэн явж байв?

-Нээлт, хаалтын арга хэмжээнд оролцолгүй яахав. Яг л одоогийн олимптой адил улс улсын шигшээ баг жагсаад, тугаа бариад орж ирж байлаа. Монгол Улсын төрийн далбааг хөнгөн атлетикийн тамирчин Найдан мандуулан оролцсон. Тэр жилийн олимпод манайхаас хөнгөн атлетик, бөх, дугуй гэсэн төрлүүдээр тамирчдаа сойсон.

Уралдааны замд гарчихсан явахад юу бодогдож байсан бол?

-Миний хувьд анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож байгаа нь тэр. Дотооддоо дөрөв таван жил уралдчихсан байсан. Манайд болдог тэмцээнд 60 гаруй тамирчин л уралддаг байлаа шүү дээ. Түүнтэй л адил байх болов уу ухааны юм бодож байлаа. Тэгсэн тэр олон тамирчин нэгэн зэрэг уралдахаар толгой нь хаана яваа юм, сүүл нь хаана байгааг ялгахаа больчихдог юм байна лээ. Тэгэхээр нь ямар ч байсан урагшаа л тэмүүлж уралдах ёстой юм байна гэж ойлгоод зүтгэж гарсан. Анх удаагаа тийм олон тамирчинтай нэгэн зэрэг уралдаж байсан болохоор их л гоё санагдаж байлаа. Уралдааны дараа “Ер нь бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд байвал амжилттай сайн уралдаж болох юм байна” гэсэн бодол төрсөн.

Буцаад нутагтаа ирэхэд яаж хүлээж авсан бэ?

-Үнэхээр мундаг хүлээж авсан шүү. Биеийн тамирын хороо, Засгийн газрын төлөөлөгчид угтсан. Багшийн их сургууль дээр баярын хурал хийгээд л. Харин би спортын мастерын болзлыг хэд хэдэн удаа давуулан биелүүлж байхад зэргийг минь өгөөгүй. Харин олимпоос ирсний дараа спортын мастерын үнэмлэхийг минь өгсөн.

Та олимпийн наадмаас өөр олон улсын тэмцээнд оролцож байв уу?

-Энхтайвны төлөөх олон улсын тэмцээнд оролцсон. Герман, Чех, Польшийн нутгаар дамжин уралддаг байлаа. Олимпийн наадмын дараа жил буюу 1965 онд болсон болохоор бэлтгэл ч сайтай байсан. 14 хоног үргэлжилдэг уралдаанд оролцож байхдаа Чехийн нутагт ганцаараа барианд орох гэж зугтааж явсаар барианаас 10 гаруйхан км-ийн наана толгойн группт баригдаж байлаа. Хэрэв тэр үед ганцаараа зүтгээд байх биш бусад хүмүүстэй групп болж уралдсан бол нэлээн сайн амжилт гаргах байсан биз. Тэр уралдааны дараа надад олон улсын хэмжээний мастер цол өгөх байлгүй гэж бодож байсан ч сая л нэг юм 2014 онд авлаа даа. Би 1970 онд өөрөө уралдахаа больсноос хойш “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажилласан. Шавь нар маань 1990 онд Азийн наадмаас хүрэл, мөнгөн медаль авсан. Харин тэтгэвэрт гарснаасаа хойш “Атилла” багт дасгалжуулагчаар ажиллаж байна.

Шавь нараас тань амжилттай уралдаж байгаа тамирчин байгаа биз дээ?

-Мягмарсүрэн, Наранхүү гээд хоёр тамирчин байгаа. Их сайн уралдаж байгаа. Хоёулаа олон улсын хэмжээний мастер цолтой. Энэ жил Азийн аваргад оролцуулна гэж бодож байгаа. Бас 2016 оны олимпийн наадам ч ойрхон байна даа.

С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *