Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

XVII зууны монголчуудын хувь заяа Манж, Оросын хоорондох Нэрчүүгийн гэрээгээр шийдэгдсэн

ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор С.Чулуун XVII зууны Монголын гадаад ертөнц: “Орос, Манжийн харилцаанд” сэдвээр нээлттэй лекц уншлаа. Түүний лекцийг тоймлон хүргэе.

Оросын архив, Бээжингийн хааны нэгдүгээр архив, Тайванийн архив, Польшийн архивуудад XVII зууны Монгол орны талаарх эх сурвалжууд байдаг ажээ. Профессор С.Чулуун Оросоос Монголоор дайраад Бээжинд очсон элч нарын зам, эсвэл Орос, Манжийн хоорондын харилцааны түүхэн газруудад өөрийн биеэр судалгаа хийжээ. Энэ судалгаагаар Нэрчүүгийн гэрээг хийх болсон шалтгаан, чухам яагаад Орос, Манж хоёр Нэрчүүг сонгох болсныг дүгнэжээ. Мөн энэ хүрээнд Монгол эзэнт гүрний дараахь Орос-Монголын харилцаа, Оросыг монголчууд юу гэж ойлгодог байсан, хотын бодлого нүүдэлчид хоёрын тулгарал, Оросын дорно зүгт хаяа дэрлэх монголчуудын асуудал зэргийг авч үзжээ.

Оросын элч нар Монголын нутгаар зорчихдоо хөтөлсөн өдрийн тэмдэглэл өнөөг хүртэл архивт хадгалагдан үлджээ. Тэмдэглэлд газар усны байрлал, нааш цааш явсан зам тодорхой тусгагдсан байдаг аж.

1681 онд Хотгойдын Лувсанренчинд Оросын хаанаас “Манайд дагаар ор” гэсэн жуух бичиг явуулжээ. Жуух бичгийг хүргэж ирэхэд Лувсанренчин Засагт ханыхантай зөрчилдөөд зугтаагаад явчихсан байж. Оросын элч нар жуух бичиг өгөх хүнээ олж чадаагүй учраас гэдрэг буцсан гэдэг. Тэрхүү жуух бичиг Оросын архивт өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Энэ жуух нь цор ганц бөгөөд үүнтэй ижил утга бүхий жуух бичгийг Монгол руу удаа дараа илгээж байсан гэдгийг С.Чулуун онцоллоо. Харин монголчуудын нүүдэлчин соёлын улбаанаас эдгээр баримтууд устаж үгүй болсон аж.

Эзэнт гүрний дараа Оростой ямар харилцаатай байсан нь судлаачдын анхаарлыг татдаг. XIII зуунд Оросыг эзлэн түрэмгийлж байсан учраас тэд биднийг сайн мэддэг байсан гэсэн таамаг бий. Гэтэл XVI зууны сүүл, XVII зууны эхэн үед Оросуудын хувьд Монгол бараг мартагдсан гэдгийг С.Чулуун хэллээ.

Оросуудын анх 1610-аад оны үед монголчуудыг эх орондоо дуудсан захидал илгээсэн тухай мэдээлэл бий. Гэтэл энэ захидалд “Бидний өвөг дээдэс 60 жилийн өмнөөс танай улстай холбогдохыг хичээлээ” гэж бичсэн байдаг аж. Тэгэхээр 1550-иад оны үеэс эхлэн Орос Монголын харилцаа эхлэлтэй гэж болно.

ОРОСЫН ХААНЫГ МОНГОЛЧУУД ЦАГААН ХААН ГЭДЭГ БАЙЖЭЭ

Цагаан хаан гэдэг нэр нь өрнөдөд Алтан ордны улсын үеэс үүссэн гэдэг. Гэтэл Лувсанданзангийн “Алтан товч”-д “Цагаадайны үрс Оросын Цагаан хаан болов” гэж тэмдэглэсэн байдаг. 1635 онд Хотхойдын Он-Эрдэнэ ноёноос Оросын хаанд захидалдаа Цагаан хаан танаа гэж эхлээд, өөрийгөө Алтан хан гэж бичжээ. Цагаан хаан нэрийг судалж үзэхэд хэд хэдэн баримт гарч ирсэн ажээ. Судлаачдын нэг хэсэг нь Алтан ордны улсаас улбаалан өнгө бэлгэдлийн дагуу цагаан гэж нэрлэсэн гэдэг. Харин нөгөө хэсэг нь Түрэгүүдийн нэрээс улбаатай гэж дүгнэжээ. Хамгийн гол нь монголчууд Цагаан хаан гэж оросуудыг нэрлэхээс гадна 1630-аад оноос Агуу хаан, Их эзэн гэсэн томьёонуудыг Оросын хаанд өгсөн байдаг. 1646 онд Баатар Цагаан хан гэсэн нэр гарч ирсэн.Тэгэхээр энэ үеэс оросуудыг хүчирхэг, өөрсдөөсөө тодорхой хэмжээний илүү хүмүүс гэж монголчууд ойлгодог байж.

Оросын хот тосгоны бодлогыг өнөөг хүртэл судлаачид шинэ газрыг колоничлолын зарчимаар өөрийн болгох арга гэдэг байсан. Гэхдээ оросууд гацаа, тосгоноо өөрийн эзэмшил гэхээсээ илүү албан татвар авах, тэрийгээ төвтэйгөө холбох гол сүлжээ болгон ашиглаж байжээ. Монголоос очсон элч нарт Орос өөрийнхөө хэн бэ гэдгийг харуулах нэг боломж нь гацаа, тосгон байсан. Монголчуудаас хот тосгонд орсон нэг ч элч байхгүй. Монголын элч очихоос өмнө Оросын хаан тосгон руугаа захиа илгээдэг байж. Тэр захианд ядуу гуйлгачин байсан ч өнгөтэй өөдтэй хувцасаа өмсөөд, хүрз, зээтүү бариад зогсож бай гэж үүрэгдсэн байдаг ажээ. Тэд хааныхаа зарлигийн дагуу Монголын элч нарыг угтан авахад элч нар “Үүдэнд нь байгаа хүмүүс ийм байхад цаад талын улс бол аюултай юм байна” гэсэн ойлголттой буцдаг байж. Дээрээс нь нэг ч элчийг хот руу оруулалгүй хотын захад жижиг сууцанд суулгаад, хэнтэй ч уулзуулахгүй хянадаг байжээ. Тэгээд элч нар дээр хотын захирагч, дарга нар ирж уулзахдаа улс орныхоо сүр хүчийн тухай ярьж “Манай хотод асар их буу зэвсэг, хүчтэй цэргүүд байна” гэдэг. Нөгөө Монголын элч нар эргэж ирээд ноёндоо “Орос чинь их аюултай газар байна. Жигтэйхэн их буу, галт зэвсэгтэй, олон хүнтэй юм байна гэж өгүүлдэг” аж. Гэтэл Оросын нэг хот хамгийн дээд талдаа 2000 хүнтэй байсан. Харин монгол ноёд хамгийн багадаа 10-20 мянган цэрэгтэй. Ямар ч айх аюулгүй хэрнээ сэтгэл зүйн хувьд Оросоо айдаг болсон нь ийм учиртай.

Оросын талаас Монголын асуудлыг шийддэг Элчийн захиргаа гэж байсан. Элчийн захиргааны бодлого үйл ажиллагааг гол хэрэгжүүлэгч нь Байгал нуурын чиглэлийн асуудлыг хариуцах захиргаа, Шинжаанаар дамжин Бээжин хүрэх замын асуудлыг хариудаг захиргаа, Томскийн захиргаа юм. Эдгээр нь очсон бүх элч, харилцааг зохион байгуулах үүрэгтэй. Ингэхдээ монголчуудыг хооронд нь өрсөлдүүлэх зарчимыг баримталж байжээ.1621 онд Шодой багш, Хархөх хан нар хоёр биетэйгээ дайтахаар болж аль аль нь туслалцаа гуйхаар тус бүртээ элч илгээсэн нь Оросын хааны ордоны гадаа бие биетэйгээ таарч байж. Үүнээс үзэхэд монголчууд Оросын талд бие биенээсээ уралдаж мэдээлэл хүргэх болж, оросууд монголчууд өөрсдөө мэдээлэл өгдөг юм байна гэдгийг маш сайн мэдсэн.

ОРОСУУД ХЯТАД РУУ ЯВАХ ЗАМЫН ХАМГИЙН АШИГТАЙ ХУВИЛБАРЫГ XVII ЗУУНЫ ТУРШИД ХАЙСАН

Оросын хаадын элч нар монгол ноёдоор төр нийлэх тангараг өргүүлж, дараа нь дагаар орох жуух бичиг хүргүүлдэг байж. Ноёд төр нийлэх тангараг өргөдөг атлаа дагаар орох жуух бичигт татгалздаг ажээ. Энэ нь төр нийлэх гэдгийг монгол ноёд холбоотон улс болж буй хэрэг хэмээн ойлгодог бол оросуудын хувьд дагаар орох гэсэн утгыг илэрхийлдэг байсан. Дагаар орох асуудалд монголчууд заль хэрэглэсэн байж болзошгүй гэдэг. Эхэлж ирсэн элчийг монголчууд маш сайхан хүлээж авна. Дараа нь жуух бичигтэй ирж буй элч нарыг хөөнө, царайгаа харуулахгүй, хүлээж авахгүй эсвэл буцах замд нь дээрэмдэх асуудал үүсгэдэг байж. Энэ нь монголчуудын дунд бие даасан статустай байх төрийн бодлого нь хэвээр үлдсэн байсны нотолгоо юм. Оросын элч нарын гол зорилго нь монгол ноёдуудыг ам алдуулах буюу тангараг өргүүлэх байж. Дараа нь Хятадтай харилцаа тогтоох. Ерөөсөө оросуудын хувьд дорно зүг рүү чиглэсэн нэг бодлого нь Монгол гэхээсээ илүү баян тансаг Хятадыг мөрөөдөж байсан. Үүний тулд Монголын газар нутгийг гатлахаас өөр ямар ч аргагүй. Тэгэхээр монголчуудын байр суурь газар зүйн хүчин зүйлээс хамаарч байжээ.

Тувагийн нутгаас Монголыг дамжаад шууд Бээжинд очих, Шинжааныг дамжаад Бээжинд хүрэх, Байгал нуурын сав, Сэлэнгийг дагаж Бээжинд очих замыг хайж байсан. 1606-1686 он хүртэл зөвхөн энэ гурван замыг л оросууд бодсон.Үүнээс оросууд Манж Чин улстай харьцах хамгийн сайн зам бол Байгал, Сэлэнгийн зам гэж дүгнэсэн. Энэ нь дөтөөс гадна хамгийн аюулгүй зам байсан. Ганц аюул байсан нь Түшээт ханыхан буюу Өндөр гэгээнийхэн. Оросуудын хувьд Түшээт хан, Өндөр гэгээнийг зайлуулах шаардлага тулгарсан. Энэ үед дотоодын зөрчилөөс үүсэн гарсан Галдан бошигтын асуудал оросуудын энэ хүслийг гүйцээх ганц боломж болжээ. Өндөр гэгээн Занабазарыг хүмүүс 1691 онд Манжид дагаар орсон гэж үздэг. Тухайн үед Занабазар Орос руу тусламж хүсэн дөрвөн удаа элч илгээсэн. Дөрвүүлэнд нь оросууд Сэлэнгийн сав газрыг чөлөөлж өгөөгүй, Байгал нуураас тосгоноо аваагүй, зугтаж гарсан монголчуудыг буцааж өгөлгүй итгэл эвдсэн.Ингээд 1691 онд Занабазарт өөр гарц байгаагүй учраас Манжийг түшсэн. Үгүй бол хэдэн монголчууд хоорондоо алалцаж дуусах байсан.

ЗАНАБАЗАРЫН МОНГОЛ ҮГИЙГ КИРИЛЛ ҮСГЭЭР БИЧСЭН ЗАХИДАЛ ОЛДЖЭЭ

Занабазарын шавилан сууж байсан Сарьдагийн хийдийн малтлагаас түүний Орос, Европ, Энэтхэг, Мин улстай харилцаж байсан бүх материалууд олджээ. Түүнчлэн Сарьдагийн хийд 1688 онд шатсан нь тогтоогдсон байна. Үүгээр хийдийг Галдан шатаасан гэдэг нь нотлогджээ. Өөрөөр хэлбэл, Галдан бошигт, Өндөр гэгээн Занабазарын хооронд ямар ч дайн болоогүй гэсэн үг. Харин Занабазар Ойрадын сүр хүчийн нөлөөгөөр бүх юмаа аваад зугтаачихсан гэдгийг малтлага судалгаагаар тогтсоосон байна. Малтлага судалгаагаар Өндөр гэгээн Занабазарыг уран барималч, уран зураач, шавар урлаач, мөн дипломат харилцааг үүсгэж байсныг тогтоосон. Түүний өөрийгөө зурсан хөргийг ч мөн малтлагын үед олжээ.

1688 онд Орос руу илгээсэн Занабазарын кирилл үсгээр монгол үгийг бичсэн захиа байдаг ажээ. Ингэхдээ Шарын шашныг баригч Бошигт хаан бичвэй гэсэн байдаг.Энэ захидалд “Би Өндөр гэгээнийг Хэрлэн голд аваачлаа. Одоо та нар тусла” гэж оросуудад хэлсэн байдаг. Энэ үед Нэрчүүгийн гэрээ хийхээр Орос, Манж хоёр тохирчихсон байсан учраас Занабазарт туслах шаардлага оросуудад байгаагүй. Оросууд захианы хариуд “Сэлэнгийн сав газар цэвэрлэгдсэн. Харин чи өөрөө зайлах ёстой” гэжээ.

XVII ЗУУНД МОНГОЛ ХЭЛ ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ХЭЛ БАЙЖЭЭ

Гэхдээ Орос, Манж, Монгол гурвыг холбож байгаа бас нэг зүйл нь худалдааны зам. Энэ харилцааг эхлүүлэхэд монголчууд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн. Хэрвээ монголчууд байгаагүй бол Европ, Ази хоёр уулзах ямар ч боломжгүй. Тэр үед монгол хэл бол дипломат хэл байсан. Манжууд монгол хэлээр Оросын хаантай харьцдаг. Оросын хаан Манж руу монгол хэлээр захиа бичдэг. Эсвэл монголчууд Манж нарт орчуулга хийх маягаар харилцдаг байжээ.

Мөн энэ үеийн Орос, Манжийн харилцааны гол зохицуулагчийн үүргийг монгол ноёд гүйцэтгэсэн. Гэхдээ Монголын ноёд энэ дундаас аль ашигтай хувилбарыг хайж байсан. Гэвч Манжийн хүчирхэг Энх-Амгалан хаан, нөгөө талд нь Оросын Петр хаан гарч ирснээр байдал өөрчлөгдсөн. Эдгээр хоёр хаан хоёулаа маш тодорхой бодлого явуулж эхэлсэн бөгөөд энэ үед монголчууд өөрийн эзэн хаангүй байсан нь сул талыг бий болгосон. Эдгээр асуудлаас болоод 1680-аад оноос Монгол ноёд байр сууриа алдаж эхэлсэн. Ингээд Монголын гадаад ертөнц XVII зуунаар бүрэн хаагдаж, монголчуудын талаарх бодлогоо Манж, Орос хоёр бүтэн зууны турш боловсруулж, Монголоос туршлагажиж, тэрхүү бодлогын хөрсөө тавьж эхэлсэн түүхтэй. Өнөөдөр Оросын Монголын талаар явуулж буй бодлого, Хятадын бодлого ч тэр XVII зуунд сууриа тавьсан гэж болно. XVII зуунд болсон бүх үйл явдал бүгдээрээ агуулгын хувьд одоо үеийн Орос, Хятадын бодлоготой тун төстэй гэдгийг эрдэмтэд хэлдэг.

НЭРЧҮҮГИЙН ГЭРЭЭ ҮНДСЭНДЭЭ ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУДЫН ХУВЬ ТАВИЛАНГ БҮРЭН ШИЙДСЭН

Өндөр гэгээнийг явуулаад Сэлэнгийн сав газар аюулгүй болонгуут Нэрчүүгийн сав газрыг Оросууд сонгож Манжтай гэрээлэхээр тохиролцсон. Нэрчүүг судлаачид Манж, Оросын уулзах хамгийн ойр боломжтой газар гэж үздэг. Гэтэл яг бодит байдал дээрээ тийм биш. Тэртээ 1648 оноос эхлэн Оросын хаан Монгол дахь мөнгөний ордыг хайх болжээ. Энэ нь нэг удаа Цэцэн ханаас Оросын хаанд мөнгөн аяга бэлэглэж, түүнийг хүргэсэн элч мөнгөний орд байдаг талаараа өгүүлснээс улбаатай гэдэг. Оросуудын 1648 оноос хойш мөрөөдсөн мөнгөний орд Нэрчүүгийн гэрээ байгуулсан газраас Оросын тал руу нэг км-ийн зайтай. Тэр орд нь Мөнгөөчий, Алтаачий гэдэг хоёр голын Мөнгөөчий голын сав дээр байсан. Үүнийг өнөөдрийг хүртэл судлаачид ерөөсөө анзаараагүй. Нэрчүүгийн гэрээгээр оросууд стратегийн хамгийн гол газраа өөрийн болгож чадсан. Ингээд Нэрчүүгийн гэрээгээр алдагдаж таслагдсан мөнгөний ордыг 11 жилийн дараа ашиглалтад оруулан олборлож эхэлсэн. Ингээд 1818 он хүртэл 110 гаруй жил Оросын мөнгөний бүх хэрэгцээг тэндээс олборлосон. Тэгэхээр оросууд газар нутаг биш, байгалийн баялаг, худалдааны замын төлөө дорно зүгт хандсан хэрэг. 1911 оны тусгаар тогтнолын дараа оросууд манайхаас ганц зүйл шаардсан. Тэр нь худалдааны эрх юм. Уул уурхай ашиглах эрхээ өг тэгээд л болоо. Та нарын тусгаар тогтнолын асуудал сонин биш гэсэн байдаг. Тиймээс ч манайхыг тусгаар тогтнолын автономит эрхтэй болгоод Бээжинд өгчихсөн. Энэ бодлого 300 жилийн өмнө уг сууриа тавьсан гэдгийг дээрх явдал гэрчилнэ. Мөнгөний орд нь одоогийн Оросын Нерчинск хот юм.

Оросууд Нэрчүү гэрээний зарчмыг дараа дараагийн Манжуудтай хийх гэрээндээ хатуу баримталсан. Хиагтын, Буурын гэрээ зэрэгт Нэрчүүгийн гэрээ суурь нь болж байсан.

1681 оноос эхлэн оросууд монголчуудтай элч солилцоод ямар ч нэмэргүй хэмээн шууд цаадах улстай нь харилцъя гэсэн зарчимыг баримтлах болсон. Ингээд монголчуудын үүрэг хумигдаж эхэлсэн. 1685 оноос хойш гурван жил бэлдэж байгаад Нэрчүүд гэрээ хийжээ. Нэрчүүгийн гэрээ монголчуудын хувь тавиланг шийдсэн. Оросуудад монголчуудтай холбоотой асуудал үүслээ гэхэд шууд Манжийн хаантай хэлэлцэнэ гэж гэрээнд заажээ. Нөгөө талаасаа харахад Нэрчүүд гэрээ байгуулагдсанаар монголчуудын газар нутгийн зааг эрх зүйн хувьд баталгаажсан гэж үзэж болно. Энэ гэрээнээс улбаалж явсаар одоогийн байгаа газар нутгийн хил хязгаар тогтоогдсон юм.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *