Categories
мэдээ нийгэм

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгний өглөө зүг мөр гаргах зурхай

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчилэн хийдтэй хамтран “Өдрийн сонин” нийтэлж байна.


ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН ШИНЖ

Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхэрийн толгой нь шар, бие, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр, омруу, туурай, өвчүү нь цагаан, ходоод нь ногоон, ногт нь цагаан, цулбуур нь шар, амаа хамхиад, сүүлээ баруун тийш нь шарвасан байна. Үхэр хариулаач нь царай нь цагаан, малгайгаа баруун гартаа барьсан, дээл нь улаан, бүс нь хөх, гэзэг үсээ чихнийхээ урдуур унжуулж боосон, зүүн хөлдөө цагаан гутал өмссөн, баруун гутлаа зүүн талынхаа бүсэнд хавчуулсан, олсоор томсон бургасан хөх шилбүүр барьсан, хүч чадал бага өвгөн хүмүүн, үхрийнхээ зүүн талд тайвнаар алхаж явна” гэж дүрсэлжээ.

Энэхүү зураглалаас жилийн байцыг ажвал “Өвгөд хөгшдөд болон өндөр дээд суудалтанд сайн, залууст хийгээд дунд сууталтанд дунд, нялхаст, олон түмэнд муу ажээ.

Их хүмүүн амгалан сайн, ард иргэдийн амьдрал улам доройтох нигууртай. Төрийн хууль цаазын хэрэгжилт чангарах, хулгай дээрэм элбэгших ажээ. Уушги, бүдүүн гэдэс, амьсгалын замын өвчин, зарим газарт хавдар, боом, хүйтэн, лусын, бадган чанарын өвчин гарах тул биеэ онцгойлон энхрийлүүштэй. Хүнд сайн, малд муу” байх юм байна.

ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ МӨРӨӨ ГАРГАХ ТУХАЙД

Энэ жилийн шинийн нэгэн нь тахиа өдөр, мягмар гаригт тохиож байна. Нар өглөө 08:13 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гаргаарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа долоо ба 21 удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.

ТАВАН ӨНГИЙН ХАДАГ-НЫ МӨН ЧАНАР

Дээр үед хөрөнгө чинээ ихтэй айлууд цагаан сарын битүүнд таван өнгийн хадгийг бурхан шүтээнийхээ дээр дэлгэж, архиныхаа дээжээс цөгцөнд хийж дээжлэн тавиад, эвхмэл сураа авдартаа хадгалдаг байсан аж. “Таван өнгийн хадаг”-ийг хадгалж, буян тогтоож баян чинээлэг, гай гарзгүй, энхтөвшин явахыг бэлгэддэг.


Таван өнгийн хадгийг дараахь зан үйлийг бүтээхэд зориулан ашигладаг байна.

Цагаан хадаг:

Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд бэлгэшээдэг.

Шар хадаг:

Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ.

Улаан хадаг:

Гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ.

Цэнхэр хадаг:

Мөнх тэнгэрийн өнгө, амар тайвны бэлгэдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ.

Ногоон хадаг:

Дэлгэрэн арвижихын бэлгэдэлтэй. Дээрх бэлэгдлүүдийг бодож хадгийг аргамж, сур, усгүй хар архины хамт хадгалдаг бөгөөд аргамж, сур нь малын заяа тогтоох, архи нь бусад бүх буян тогтооно гэсэн санаагаар сүслэн хадгалж иржээ. Ийн үүднээс архи хадаг хоёрыг цуг хадгалбаас эд мөнгө тогтох, амар тайван амьдрах бэлгэдэл оршино хэмээдэг байна.

Уншигчдадаа илүү ойлгомжтой болгохын үүднээс таны төрсөн он, сар, өдөр яг ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргаж өглөө


ГАЛ СУУДАЛ

Зүүн урд зүгт гарч “Ум базар дагийний хум маамаа бизьяа суухаа” тарнийг уншаад галд ус өргөөд /шүдэнз зураад түүнээ ус, цасаар унтраана/ урд зүгээс ирнэ. Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. Улаан ангийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ.

ШОРОО СУУДАЛ

Баруун зүг гарч “Ум бадма дагийний хум маамаа бизьяа суухаа” тарнийг уншаад шороо чулуу хөдөлгөн агаарт цаас хийсгэж баруун урд зүгээс ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалман, Санжид молом зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. Эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй.

ТӨМӨР СУУДАЛ

Баруун урд зүгт гарч “Ум радна дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад төмөр хөдөлгөөд баруунаас ирнэ. Гомбо, Догсүм, Дашзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав.

ОГТОРГУЙ СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч “Ум базар пагмо хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад агаарт цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд баруун хойд зүгээс ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг номоос айлтгуулан суудлаа засч болно. Шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэнэ.

УС СУУДАЛ

Зүүн зүгт гарч “Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” тарнийг уншаад цас усан дээгүүр гараад хойд зүгээс ирнэ. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг номоос айлтгуулж заслаа хийлгээрэй. Шар, хөх өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч.

УУЛ СУУДАЛ

“Ум будда дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншин баруун хойд зүгт гарах ба шороо чулуу хөдөлгөн салхинд цаас хийсгээд зүүн хойноос ирнэ. Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай хувцас авах, өмсөхийг цээрлэнэ.

МОД СУУДАЛ

Хойд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чавдар зэрэг номоос айлтгуулан суудлын хорио цээр, заслыг хийнэ. Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв.

ХИЙ СУУДАЛ

Урд зүгт гарч “Ум базар падма мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад салхинд цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд зүүн урд зүгээс ирнэ. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн зэрэг номоос айлтгуулан суудлаа засна. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *