Волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт болж байна. Тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас, 46 баг, 460 гаруй тамирчид оролцож байгаа юм.
“Монголын волейболын холбооны түүхэнд урьд өмнө нь ийм олон баг, тамирчид оролцсон тэмцээн болж байсныг санахгүй байна. Энэ удаагийн тэмцээн өндөр ач холбогдолтой болж байна” хэмээн тус холбооны ерөнхийлөгч Ц.Чингарьд хэлж байв. Тэмцээний эхэнд волейболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүсийг шагнан урамшууллаа. Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Өвөрхангай аймгийн уугуул Д.Солонгыг аймгийн ИТХ-ын нэрэмжит шагнал “Өвөрхангай аймгийн Алдартан” цолоор шагнасан бөгөөд Өвөрхангай аймгийн Волейболын холбооноос хүндэтгэл үзүүллээ. Мөн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Өвөрхангай аймгийн уугуул Д.Баасансүрэнд Монголын волейболын холбооноос хүндэтгэл үзүүлэв. 62-оос дээш насны ахмад тамичрдад Өвөрхангай аймгийн Волейболын холбооноос гарын бэлгийг гардуулсан юм.
Волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт анх 2010 онд зохиогдож байсан бөгөөд 11 жилийн дараа дахин зохион байгуулж байгаад баяртай байгаагаа аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж хэллээ. Дашрамд дурдахад гавьяатаас дээш цолтой 36 тамирчин Өвөрхангай аймгаас төрж, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөсөн бөгөөд гурав нь волейболын спортын тамирчид аж.
Монголын волейболын холбоо, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй уг тэмцээн 12 дугаар сарын 22-оос 26-ны өдрүүдэд үргэлжилнэ.