Categories
гадаад мэдээ

Владимир Зеленскийн жилийн эцсийн хэвлэлийн бага хурал DNN.mn

Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ жилийн сүүлчийн хэвлэлийн бага хурлаа хийж, хоёр цаг үргэлжилсэн уг хурлын үеэр Украины дайны сэдвээр сэтгүүлчдийн олон асуултад хариулсан байна. Энэ үеэрээ Украины арми түүнээс 450-500 мянган эрчүүдийг цэрэгт дайчлахыг хүссэн ч шинэ цэрэг татахаас гадна хуучин цэргүүдийг чөлөөлөх асуудлыг харгалзан энэ төлөвлөгөөг эцэслэхийг санал болгосон гэж мэдэгдэв. Мөн тэрбээр ийм олон хүнийг цэрэгт дайчлахад 500 тэрбум гривен (13 тэрбум доллар) шаардлагатай гээд “Дайчилгааны тухай хуульд эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах асуудал орж ирвэл гарын үсэг зурах уу?” гэсэн асуултад “Би гарын үсэг зурахгүй” гэж хариулжээ. Гэхдээ “Дайчилгааны тухай хуулийг батлахад би бэлэн байгаа бөгөөд үүнд хүн амын насны ангилал, тэр дундаа 25-аас дээш насны иргэдийг дайчлах ч тодорхой нөхцөлтэй байна” гэж хэлэв. Одоо Украинд 27 наснаас эхлэн эрчүүдийг цэрэгт дайчилж байгаа юм.

Украины ерөнхийлөгч Орос улс дайнд “ганц ч ялалт” байгуулж чадаагүйг тэмдэглэн Украин ялагдах эрсдэлтэй гэдгийг няцаав. Ерөнхийлөгч фронт дахь нөхцөл байдал, цэргийн командлалтай харилцах хувийн харилцааны талаар тайлбар өгөхөөс татгалзаж, бухимдлаа нууж чадахгүй байсан бөгөөд Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг огцруулах бодолтой байгаа эсэх талаар шууд хариулт өгөхөөс хэд хэдэн удаа зайлсхийв. Ерөнхий командлагчийг өөрийн багийн гишүүн гэж нэрлээд, түүнээс тодорхой үр дүн, Украины тусын тулд сайн ажиллана гэсэн хүлээлттэй байгаа гэж онцлов. Украины Ерөнхийлөгч мөн АНУ ойрын хугацаанд Киевт үзүүлэх цэргийн нэмэлт тусламжийн гацааг тайлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн фронтод тулалдаж буй Украины Зэвсэгт хүчний дайчдад талархал илэрхийлжээ. BBC-ийн сурвалжлагч Жессика Паркер түүнээс Украин энэ дайнд ялагдаж эхлэх аюул байгаа эсэхийг асуухад тэрбээр “Үгүй!” гээд “Орос нэг ч ялалт байгуулаагүй. Цаашид ч чадахгүй” гэж хариулав. Тэрбээр, 2022 онд Украин улсын нутаг дэвсгэрийн нэлээд хэсэг нь эзлэгдэн маш хүнд байдалд орсон ч Украин бүслэлтээс гарч чадсан. Гэхдээ ялалтын үнэ маш өндөр байна гээд өнөөдөр Украинд хамгийн “хэцүү байгаа зүйл” нь их бууны сум, танк эсэргүүцэх зэвсгийн хомсдол гэдэгтэй санал нэг байна гэв.

Ерөнхийлөгч аливаа прогноз зохиогчид мөргөлдөөн хэрхэн, хэзээ дуусахыг урьдчилан таамаглах боломжгүй байдаг гэдгийг тэмдэглээд “Дайн, зогсонги байдал, ялалт үнэндээ олон зүйлээс шалтгаалах ч ихэнх нь та биднээс хамаарна. Хэрэв бид тэсвэр тэвчээрээ алдахгүй бол дайныг эрт дуусгах болно” гээд Оросын эрх баригчид өмнө нь Украиныг хурдан хугацаанд ялна гэж таамаглаж байсан ч тэдний таамаг биелээгүй гэдгийг онцлов.

Украины нэгэн сэтгүүлч Зеленскийгээс Украин НАТО-д хэсэгчлэн, өөрөөр хэлбэл тэднээр аюулгүй байдлын баталгаа гаргуулж, энэ нь тус улсын бүх нутаг дэвсгэрт бус, зөвхөн Орост эзлэн аваагүй байгаа бүс нутагт үйлчлэх боломжтой эсэхийг асуухад “Биднийг НАТО-д ор гэж уриагүй байна. Гэхдээ үнэндээ хэсэгчилсэн гишүүнчлэл гэдэг утгагүй зүйл. Манай аль ч түнш ийм санал тавьж байгаагүй” гэж хэлжээ. Харин Барууны холбоотнуудтай аюулгүй байдлын баталгааны хоёр талт хэлэлцээрт гарын үсэг зурах явдал хүссэнээс илүү удаан үргэлжилж байгааг тэрбээр мөн хүлээн зөвшөөрсөн байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Зуны сөрөг довтолгоо амжилтгүй болсон учир Украин цэргийн кампанит ажлынхаа стратегийг өөрчлөх үү?” асуултад тэрбээр “2023 оны бидний үйл ажиллагааны дүн шинжилгээ гарсны дараа тактикаа өөрчилж болно” гэж хэлэв. Украины олон нийтийн телевизийн сурвалжлагч Суспильне Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг огцруулахаар төлөвлөж байгаа эсэхийг Зеленскийгээс шууд асуухад “Яагаад энэ сэдвийг дахин дахин сөхөөд байна вэ? Би Залужныйтай ажлын харилцаатай. Тэр жанжин штабынхаа хамт ерөнхий командлагчийн хувьд тулалдааны талбарт гарсан үр дүнг хариуцах ёстой” гэж хэлэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр хэрэв Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялбал энэ нь Украины дайны нөхцөл байдлыг сөргөөр өөрчилж магадгүй гэж Зеленский чин сэтгэлээсээ санаа зовж байгаа нь тодорхой болов. Мөн Зеленский өнгөрсөн жилтэй харьцуулахад маш их ядарсан нь тодорхой харагдаж байв гэж BBC мэдээлжээ.

 

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *