Лондон хотод Украины ард түмэнд тусламжийн мөнгө цуглуулах зорилгоор явагдсан дуудлага худалдаан дээр Украинаас Английн ерөнхий сайд Борис Жонсон өөрийн биеэр авчирсан Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэлхий нийтэд алдаршаад буй ногоон футболк 90 мянган фунт стерлинг буюу 110 мянган ам. доллараар зарагдав.
Энэхүү дуудлага худалдаан дээр Английн ерөнхий сайд Борис Жонсон өөрийн биеэр оролцож үг хэлсэн бөгөөд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өөртэй нь хамт Киевийн гудамжаар явган алхахдаа энэхүү ногоон футболкийг өмсөж байсан гэж хэлсэн байна.
Лондон хотын “Тейт Модерн” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан уг дуудлага худалдааны өмнө оролцогсдод зориулан Владимир Зеленский цахимаар холбогдон үг хэлжээ. Тэрээр Украинд байнгын тусламж үзүүлж буй англичууад ард түмнийхээ өмнөөс баяр талархал илэрхийлж, Киев хотод өөрийн биеэр айлчилсан Английн ерөнхий сайд Борис Жонсоныг “Зоригт Борис” гэж нэрлэсэн байна.
Г.АМАРСАНАА