Categories
гадаад мэдээ

Владимир Путины баримал хураагдав || DNN.mn

Парис хотын төвд алдартнуудын лааны тосон баримлын Гревений музей байдаг. Францын “Le Gau­lois” сэтгүүлийн эрхлэгч Артюр Мейер алдарт Мадам Тюссогийн музейгээс санаа авч, өөрийн сэтгүүлд нийтлэгдсэн нэр алдартай хүмүүсийн лааны тосон баримлын музейг Парис хотын гол хэсэг болох Монмартр толгой дахь гудманд 1882 онд нээж байсан юм. Баримлуудыг уран барималч, шог зураач, театрын хувцас урлаач Альфред Гревен бүтээсэн тул иргэд энэ музейг түүний нэрээр нэрлэх болжээ. Энэхүү лааны тосон үзмэрүүдийн дунд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины баримал байдаг юм байна.

Гэтэл өнгөрсөн өдрүүдэд Украинд болж буй дайнтай холбоотойгоор үзэгчид Путины барималд халдан гэмтээх явдал эрс нэмэгдсэн тул уг музейн захиргаа Оросын удирдагчийн баримлыг буулгаж, хураахаас өөр аргагүй болсон аж. “Өнөөдөр В.Путины баримлыг үзүүлэх боломжгүй боллоо. Манай музей түүхэндээ анх удаа өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор хэн нэгний баримлыг буулгахад хүрч байна” гэж музейн захирал Ив Деломо хэлжээ.

Путины баримал АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден, Хятадын дарга Си Жиньпин нарын баримлын дунд байрлаж байжээ. “Манай музейн ажилтнууд өдөр бүр Путины баримлын зулгаагдсан үс, эвдэж сүйтгэсэн нүүрийг засаж янзлаад байх боломжгүй болсон тул хураахаас өөр арга алга” гэж тэрээр нэмж тайлбарласан байна. Деломо одоо хоосон болсон энэ зайд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн баримлыг бүтээж байрлуулах талаар бодож байгаа гэв. Тэрээр “Магадгүй оронд нь ерөнхийлөгч Зеленскийн баримлыг байрлуулах байх. Өнөөдөр тэр олон улсад эх орноо хамгаалагч баатар болоод байна шүү дээ” гэж хэлсэн байна.

Өмнө нь 2014 онд Гревений музей дэх Путины баримал бас халдлагад өртөж байжээ. Тэр үед Орос улс Крымийн хойгийг Украинаас салган хүчээр өөртөө нэгтгэж байсан юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *