Categories
мэдээ цаг-үе

Виржил Ван Дэйк: “Бөмбөг оруулахаасаа илүү бөмбөг алдахгүй гэж тэмцэх нь хачин гоё”

Яг одоо хэн дэлхийн шилдэг хөлбөмбөгч вэ? Месси, Роналду, Мпаббе л гэх юм. Виржил Ван Дэйк хэрхэн тоглож буйг та бүхэн сайн харсан юм уу. Ливерпүүл Аваргуудын лигт аваргалсан, одоо Премьер лигт итгэл дүүрэн хошуучилж яваагийн “гол буруутан нь” энэ голланд залуу яах аргагүй мөн билээ. Тийм ч учраас 2019 оны Европын шилдэг хөлбөмбөгчийн цолыг Виржил Ван Дэйк хүртсэн байлгүй. 12 настай байхад нь эцэг эх нь салж түүнээс хойш аавынхаа барааг хараагүй Виржил Ван Дэйк цамцныхаа ард овгоо биш Виржил хэмээн нэрээ бичсэн цөөхөн хөлбөмбөгчдийн нэг. Өдгөө 28 настай, бараг хоёр метр шахуу өндөртэй, довтлогч нарт хууртагддаггүй, байрлалаа сайн эзэлж, хамгаалалтаа нягт удирддаг, тайван уужуу гээд зөндөө сайн чанартай түүний тухай Моуриньо “Виржил ард зогсож байхад яаж Ливерпүүлийн хаалганд гоол оруулах вэ гэдэг толгойн өвчин” хэмээн халгалсан байдаг.

-“Ливерпүүл” улирлын өмнөх бэлтгэлээ Бостон хотод базааж, та Том Брэди (америк хөлбөмбөгийн “Нью-Ингленд Пэтриотс” багийн од)-тэй уулзсан гээд байна лээ?

-Үгүй ээ, үгүй энэ худлаа. Гэхдээ Брэди надад таалагддаг, мэргэжилдээ үнэнч байж олон жил амжилттай тоглож буйгаар нь бахархдаг. Даанч би америк хөлбөмбөгийг маруухан ойлгодог л доо.

-Та бас Леброн Жэймсийг шүтдэг гэсэн?

-Тэр хоёр хоёулаа хатуу хэцүү лигт 15 жилийн туршид амжилттай тоглож буй хүмүүс гээд бодохоор яалт ч үгүй биширмээр биз дээ. Хүмүүс ийм удаан хугацаанд өндөр түвшинд өрсөлдөх хэр хэцүү вэ гэдгийг ойлгодоггүй. Тийм учраас тэднийг хүндэлж явдаг.

-Гэхдээ тэд чинь хөлбөмбөгчид биш шүү дээ?

-Ямар ялгаа байна. Бид хөлөөрөө тэд гараараа тоглодог нь ялгаа болохоос бусдаараа яг адилхан. Бүгд асар их дарамт шахалт дор тэмцдэг. Бие, бялдрын ачааллаас илүүтэй олон нийтээс ирэх дарамт хамгийн хэцүү нь. Жаахан алдаа гаргах юм бол хэвлэл, мэдээллийнхэн гөвж өгнө гээд л.

-Та тэгвэл тийм стресс, дарамт шахалтыг яаж тэвчиж, тэмцдэг юм бэ?

-Аан нэг их олон арга байдаг гэж худлаа ярихгүй ээ. Боломжоороо тоохгүй өнгөрөөд л байх хэрэгтэй. Тэмцээний үеэр болж бүтэхгүй байх үе заавал тохиолдоно, сэтгэлээр унана, өөрийгөө түмэн буруутай гэж голно гээд л. Ийм үед гэр бүл л аварна даа. Тэд маань хэцүү үед тархийг чинь “угаагаад, шинээр цэнэглэчихнэ” шүү дээ.

-Өнгөрсөн улирлын тухай асуухгүй байж чадахгүй нь ээ, уучлаарай. Танай баг ганцхан онооны зөрүүтэйгээр Ман Сити-д дийлдэж Английн аварга болж чадаагүй.

-За би танд одоо нээлттэй хэлж өгье. Яагаав “Барса”-д Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тололтод 3:0-ээр зодуулаагүй юу. Бүгд солиотой гутарсан. Яагаад ийм юм болчихов оо. Уг нь бид маш сайн тоглосон юмсан. Гэтэл өршөөлгүй тоогоор хожигдож байхдаа ч яахав дээ гээд л. Тэр долоо хоногийнхоо бүтэн сайнд Ман Сити, Лестерийг нэг бөмбөгний зөрүүтэй хожиж Английн аварга болох нь тодорхой болчихож байгаа юм. Яагаав нөгөө Винсент компанигийн галзуу гоолын ачаар хожоогүй юу. Амьдрал тас харанхуй болж байгаа юм даа. За тэгээд хоёр хоногийн дараа Барса зочилж ирнэ, тэгээд л энэ улирал дуусах юм байна даа гэх шүү юм л бодож байсан. Тэгээд цэнгэлдэхэд ирсэн чинь балиашигууд шуугиад л дэмжээд хашгираад л. Гэнэтхэн толгойд тас гээд гэрэл асч “Хөөе бид тэднийг тасдаад хаячихъя” гэсэн тоймгүй их итгэл найдвар ундардаг юм. Гайхалтай шүү. Тэгээд гайхамшиг биелэлээ олсон.


-Одоо дахиад л аваргын төлөө шинээр эхлэнэ, шинэ жим татна гэхээр хэцүү юм даа?

-За харин ч үгүй юм шүү. Тэр ялалт бидэнд том итгэл авчирсан. Түүнээс хойш бэрхшээлийг тойрохгүй, зад цохиод нэвтлээд гарч чадна гэдэг үзэлтэй болсон. Одоо оролцож байгаа бүх цом, тэмцээндээ зөвхөн түрүүлнэ гэж л ярина шүү дээ. Английн аварга болно, цомд нь түрүүлнэ. Аваргуудын лигт дахиад түрүүлнэ гээд.

-Ливерпүүл 1990 оноос хойш Английн аварга болж үзээгүй тийм үү. Бүгд л хүлээгээд л. Энэ хүлээлт том дарамт мөн үү?

– Ха ха, надад ёстой падгүй. Би өөр гурилаар хийгдсэн хүн. Мэдээж олон жил энэ багийн төлөө сэтгэл юугаа зориулсан хүмүүст хэцүү л байдаг байх. Би чинь энд жил хагас л болж байгаа хүн шүү дээ. Яахав ноднин жаахан алдаа л биз. Энэ жил тэр алдаагаа засаад Английн аварга болчихно шдээ. Тэгээд л болоо.

-Гэхдээ тэр жил Аваргуудын лигийн финаль Мадридын Реал багт хожигдож байсан гашуун дурсамж тархины мухарт хэвтээд үе үе сэтгэл сэвтээдэггүй гэж үү?

-Дутуу байсан учраас л хожигдсон байна шүү дээ. Бэлтгэлээ сайн хий, улам сайжир, сайн хамгаал, нягт довтолж хариуцлагаа дээшүүл, өөр яах ёстой гэж. Мэдээж тэр дурсамж алга болохгүй, санах бүрдээ уйлаад байвал яаж өөдлөх юм бэ.

-Таныг өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн шилдэг хөлбөмбөгч, Премьер лигийн шилдэг тоглогч хэмээн өргөмжилсөн. Алдар нэр хүндэднэ гэж байх уу?

-Мэдээж цол гуншин том аз жаргал авчирдаг. Гэхдээ би бялуун дотор удаан хэвтдэг хүн биш. Хийх ажил их байгаа тул замаа хөөнө.

-Роналду, Месси нартай уулзахдаа яаж тэд их урт хугацаанд шилдэгүүдийн эгнээнд тогтоод байгаа талаар асууж үзэв үү?

-Асуугаагүй ээ. Уг нь асуусан бол сонирхолтой л байсан байх. Миний хувьд л лав маш сайхан үе маань ирчихсэн байгаа. Амжилтынхаа оргилд очоогүй байгаа, тийшээгээ мацаж байгаа хэмээн боддог шүү.

-Ингэхэд яагаад хамгаалагчийн байрлалд тоглодог хүн шилдэгээр тэр бүр зарлуулдаггүй юм болоо?

-Мэдэхгүй. Нээрээ яагаад хамгаалагчийн байрлалд тоглодог хөлбөмбөгчийг шилдэгээр нэрлэдэггүй юм бол.

-Бас тань шиг тэр бүр гоол оруулаад байдаггүй нөхөр?

-Ха ха та намайг хааяа гоол оруулж бай хэмээн шахаж байгаа юм уу. Мэдээж үзэгчид бөмбөг оруулдаг хүмүүст алга ташиж хамгаалж буйг анзаардаггүй л дээ. Гэхдээ надад итгээрэй, бөмбөг оруулахаасаа илүү бөмбөг алдахгүй гэж тэмцэх нь хачин гоё байдаг юм шүү. Хүн бүхний бодол өөрөө гэж.

-Та дэлхийн хамгийн өндөр үнэтэй хамгаалагч шүү дээ. Ямар нэг дарамт үүнээс шалтгаалан үүсэх үү?

-Мөнгө тийм чухал гэж үү. Би дэлхийн шилдэг баг Ливерпүүлийн өмсгөлтэй тоглож байгаа. Тэр л гол үнэлгээ.

-Өөрөө нэг тийм чанга эрийн дүрд тоглоод байгаа юм биш биз?

-Тийм ээ, би чанга эр. Дандаа тэгж бодох хэрэгтэй. Тэгж байж гэмээнэ зовлон, жаргалаа давна.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *