Түрүүч нь № 010(5853), 011(5854) дугаарт
-ХЯТАД КОМПАНИЙН МАШИНЫГ ТОНОСОН ЗАЛУУГААС БОЛЖ 60 НАСТАЙ ХОЁР ХҮН ХЭВТЭРТ ОРТЛОО ЗОДУУЛЖЭЭ-
Ганцмодны боомтод Хятадын компанийн ажилчид жагсаал зохион байгуулж хил хаасан тухай мэдээллийн мөрөөр манай тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар газар дээр нь ажилласан билээ.Түүний цуврал сурвалжлагыг үргэлжлүүлэн хүргэж байна.
Хятадын нүүрс тээврийн компанийн ажилтнууд манай улсын хоёр иргэнийг хэвтэрт ортол зодсон талаарх мэдээлэл Ганцмодны хилийн боомтын монголчуудын дунд тархжээ. Тус боомт дээр хоёр жилийн өмнөөс нэгэн ахмад хилчин эхнэрийнхээ хамт цайны газар түрээсэлдэг болсон байна. Монголын жолооч нар “Эмээгийн цайны газар” хэмээх тус цайны газраар байнга үйлчлүүлдэг болсон гэнэ. Гэвч саяхан хоёр хөгшнийг зодож, хүндээр гэмтээсэн хэрэг гарсан байдаг. Тиймээс Хятадын нүүрс тээврийн компанийн ажилтнууд хоёр хөгшнийг ямар шалтгаанаар зодсоныг тодруулсан юм.
Энэ сарын 8-нд Гашуунсухайт хилийн боомт дээр нүүр, нүд нь булуу болтлоо хавдаж, хөл гараа дааж ядсан 60 гаруй настай иргэн иржээ. Тэрбээр Монголын хилээр нэвтэрч орж ирээд л асгартал уйлсан байна. Амьдралынхаа 30 гаруй жилийг хилийн цэрэгт өнгөрүүлсэн тэрбээр хятадуудад зодуулсан талаараа дэлгэрэнгүй ярьжээ. Тодруулбал “Увс аймгийн Гансүх гээд нэг залуу байдаг юм. Надтай нэг нутаг ус гэдгээрээ ойр дотно танилцаж, Ганцмодны хил дээр ирэх болгондоо манайд хоноод явдаг. Тэр нөхрөөс болоод ийм болтлоо зодуулчихаад явж байна. Эхнэр барьцаанд үлдсэн. Гадаад паспортыг нь хураагаад авчихсан болохоор яаж ч чадалгүй үлдээчихлээ. Нүүрсний компанийн ажилтнууд “Гансүхийг авчир. Тэр цагт эхнэрийн чинь гадаад паспортыг өгнө” гэж дарамталсан. Тэр залуу Хятадын нэг компанийн машиныг “Нүүрс ачаад ирье” гэж хил гаргаад 20 ширхэг дугуйг нь зарчихсан юм гэнэ. Бас машины бусад анги нь алга болсон юм байх. Үүнээс болоод биднийг ингэж зодож байна. Манайд хонож өнждөг болохоор ойр дотны хүмүүс гэж бодсон юм шиг байна лээ. Өчигдөр орой хятад залуучууд гэрт орж ирээд бид хоёрыг үгийн зөрүүгүй зодоод эхэлсэн. Газар унагаж байгаа дэвсэлж, хөгшний маань үснээс зулгааж шалаар чирч гулдарсан. Арай л гэж саллаа” хэмээн ярьсан байна. Харин энэ талаар Гашуунсухайт хилийн боомтын нэгэн албаны эх сурвалж “Тоночихсон машинаа авахаар хятадууд ирсэн. “Та нар цагдаад өргөдөл гомдол гаргаад өгчих. Танай компанид учирсан хохирлыг барагдуулах боломж байгаа” гэхэд “Цагдаад хандахгүй. Хохирол байхгүй. Машинаа аваад явна” гээд аваад явцгаасан. Тэгээд л тэр орой нь манай ахмад хилчнийг зодоод эхнэрийг нь гадаад паспортоор нь барьцаалсан байна лээ. Хилийн боомтын зүгээс шаардлагатай арга хэмжээг авсан. Эхнэрийнх нь бичиг баримтыг өгсөн байгаа. Хоёр хөгшин Улаанбаатар хот руу явцгаасан. Сүүлийн үед манай улсын иргэдийн гадаад паспортыг дээрэмдэх, барьцаалах хэд хэдэн тохиолдол гарсан. Өнгөрсөн сард нэг эмэгтэй барьцаалагдсан гэх мэдээлэл гарсан. Тэр эмэгтэйн уулздаг байсан залуу хятад компанийн машиныг авч яваад мөн л эд ангийг нь тоночихсон байна лээ. Үүнээс болоод тэр бүсгүй хэд хоног Ганцмодны боомт дээр саатсан” гэв.
ГАНЦМОДНЫ ХИЛИЙН БООМТЫН ЦАГДААГИЙН ДАРГА ЖАГСАГЧИДТАЙ УУЛЗАЖ, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ КОМПАНИ НҮҮРС АЧИЛТАА ГЭНЭТ ЗОГСООВ
Жагсаал хийж байгаа жолооч нартай Баяннуур аймгийн Ганцмодны хилийн боомтын цагдаагийн дарга уулзсан юм. Тэрбээр жагсагчдад “Та нар энд ингэж жагсаж болохгүй. Бид хилийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой. одоо ингээд тар. Хэрэв тарахгүй гэвэл хүч хэрэглэж тараана. Бас бослого тэмцэл гаргавал хорих болно” гэсэн цөөн хэдэн үг хэлчихээд яваад өгсөн. жагсагчдад цагдаагийн даргын үгийг сонсож байгаа шинж ер ажиглагдаагүй юм. Харин ч өөдөөс нь эсэргүүцэж, жагсаалаа үргэлжлүүлж байлаа. Бид ч хил хаахаас урьтаж Монгол Улсын хилээр нэвтрэхээр хөдөллөө. 16:00 цагийн орчимд Гашуунсухайт хилийн боомт дээр ирэхэд жагсагчдад Эрдэнэс Тавантолгой компанийн уурхай нүүрс ачилтаа зогсоож, 20 гаруй километр урт дараалал үүсээд байгаа талаар мэдээлэл ирэв. Энэ талаар Эрдэнэс Таван толгой компанийн уурхайн ажилтнуудтай холбогдож асууж, тодруулахад “Уурхайн нүүрсний нөөц дууссан. Одоо өөр мөргөцөг цэгээс нүүрс ачилт хийхээр бид бэлтгэж байна. Хэзээ ачилтаа хийх нь тодорхойгүй байна. Нүүрс ачихаар бол мэдэгдэнэ гэдгээ компаниудын удирдлагаар дамжуулж хэлүүлсэн байгаа” гэв. Харин уурхайн дээрх мэдээллийг жолооч нар өөрөөр хүлээж авч байна лээ. Тэд “Эрдэнэс Тавантолгой нүүрсний уурхайд хятадууд нөлөөлж байна. Хэдэн сая тонн нүүрсний нөөцтэй компани гэнэт нүүрс нь дуусаад, өөр газраас ухна гэсэн ойлголт байхгүй. Мэдээж уулын ажлын төлөвлөгөө, ТЭзҮ-гээр баталчихсан л байгаа шүү дээ. Хятадуудтай хуйвалдаад нүүрс тээврээ зогсоож байна. Хил хаах нь нүүрсний тээвэрлэлтэд нөлөөлөхгүй шүү дээ. Уурхайгаас ачигдсан л бол тэр нүүрс Хятадын өмч болж байгаа. Цагаан хадны хашаанд нүүрс овоолоод байхад хятадууд өөрийнхөө өмчийг авч л таарна” гэдгийг онцолж ярьсаар байсан юм.
Монголын нүүрсийг хямд үнээр худалдан авч байгаа Хятадын Винсвэй компанийг төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн 2017 оны шилдэг харилцагчаараа тодруулж, өргөмжилсөн талаарх мэдээлэл гарч эхэлсэн юм. Дээрх мэдээлэл гарсантай холбоотойгоор Хятадын Винсвэй компанийн ТУЗ-ийн дарга ван сингчун Эрдэнэс Таван толгой компанийг удирддаг. Мөн компанийн удирдлагууд дэлхийн тэрбумтнуудын нэг болж, “Форбес” сэтгүүлийн тэргүүн баячуудын жагсаалтад багтсан гэх мэдээлэл ч ар араасаа гарч байв.
НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙГ ЦЭГЦЭНД ОРУУЛАХ ЦАГ НЬ БОЛЧИХСОН
Нүүрсний уртын урт тээвэрлэлтийг зогсоож, Цагаан хад багт нүүрс буулгадаг болсон нь монгол жолооч нарт амьдралаа дээшлүүлэх нэгэн боломж болоод байгаа гэнэ. Өмнө нь уртын урт тээвэрт явахдаа нэг жолооч 900 мянган төгрөгийн цалин авдаг байсан гэнэ. Үүнээс хоол унд болоод бусад зүйлд 300 гаруй мянган төгрөг зарцуулдаг. Үлдсэн 550 орчим мянган төгрөгийг ар гэр рүүгээ явуулдаг байсан аж. Ийм байдлаар сард нэг юм уу, хоёр удаа нүүрс тээвэрлэдэг байжээ. Харин одоо гурав хоногт нэг тээвэрлэлт хийдэг болсон байна. Энэ талаар болон “Нүүрс тээврийн жолоочдын холбоо” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Цогтгэрэлтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Уурхайгаас ачсан нүүрсийг цагаан хад багт буулгаж эхэлсэн нь жолооч нарт хэр ашигтай байна вэ?
-Ашигтай, өмнө нь сардаа хоёр удаа тээвэрлэлт хийгээд сая гаруй төгрөг авдаг байсан бол одоо энэ тоо хэд дахин нэмэгдээд байна. Нэг удаагийн тээвэрлэлтээр 300 мянган төгрөг цэвэр унаж байна. сардаа 10-12 удаа тээвэрлэлт хийхэд жолооч гар дээрээ гурван сая гаруй төгрөг авч байна. Нэгдүгээрт, олон хоног замд дугаарлаж зогсохгүй. Хоёрдугаарт, цаг хугацаа маш их хэмнэж байгаа юм.
-Хятадууд хилийн цаана жагсаал хийж байгааг та юу гэж ойлгож байгаа вэ?
-Өмнө нь Хятадын компаниуд монгол жолооч нарыг маш хямд зардлаар нүүрс тээвэрлүүлдэг байсан. Нийт ашгийн 30 хүрэхгүй хувийг жолооч нарт өгдөг. Үлдсэн 70 хувь нь хятадуудын халаасанд шууд ашиг болон ордог байсан. Мөн Монголын нутаг дэвсгэрт тээвэр хийж байгаа мөртлөө олон жилийн турш татвар, төлөхгүй, нийгмийн даатгал ч төлөөгүй явж байсан. Үүнийг төр засаг цэгцэнд оруулж эхэллээ. Өмнө нь жолооч нар ямар ч тогтвор суурьшил байхгүй. Нэг өдөр нь өөр хүний машин унаж байхад хэд хоногийн дараа шал өөр хүний машин унадаг. Үүнийг дагаад тогтвортой ажлын байр байхгүй, цалин мөнгө ч баталгаагүй байлаа. Ер нь Монголын нүүрс тээвэр эмх замбараагүй байдалтайгаар арав гаруй жил болж байна. Энэ байдлыг цэгцлэх цаг нь болсон. жолооч нарыг тогтвортой ажлын байраар хангаж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг олгох зэрэг ажлууд хийгдэж байгаа нь сайн хэрэг юм. Хятадын нүүрс тээврийн компани өмнө нь их хэмжээний ашиг олдог байсан нь хууль журмаар багасаад ирэхээр эсэргүүцэж байгаа юм. Монголын төр засаг хэдэн хятад эсэргүүцлээ гээд тогтоол шийдвэрээ эргүүлэн татаж, хүчингүй болгож болохгүй.
-Хятадууд монгол жолооч нар хулхиддаг, машины эд ангийг нь зардаг. үүнээс болоод асуудал үүсдэг гэж ярьж байна лээ?
-Энэ асуудал олон жил яригдаж байна. Хэзээ мөдгүй хагарах дээрээ тулчихсан халзан дугуйтай машин унуулаад явуулдаг. Тэгээд ирж очихын 500 орчим километр замд явна. Нөгөө муу дугуй нь хагарчихна. 900 мянган төгрөгийн төлөө явж байгаа жолооч ганцхан дугуй хагарахад шууд 800 мянган төгрөгийн өрөнд орчихдог. 26 дугуйтай машины аль нэг нь хагарч л таарна. Бас тос маслоо солиогүй. Бусад эд анги нь муудчихсан. Элэгдэлд орчихсон техник, тормосноос эхлээд эвдэрдэг. ингээд машин эвдэлсэн хэрэгт унаж, жолооч нар өрөнд ордог. Үүнээс болоод л жолооч нар машиныг нь эвдэрсэн газар нь хаячихаад явдаг. Машин нь эвдэрчихлээ гээд очихоор дааж давшгүй өрөнд унагаж, барьцаалчихаж байна шүү дээ. Бас муу техникээс болж жолооч нар алтан амиа алдаж байна. Хариуцлагыг хэн ч үүрэхгүй үлддэг. Түрүүнд машины эд анги зардаг гэдгийг асуусан. Үнэндээ авч чадаагүй цалингаа тооцоолж байгаад л жолооч нар Монголын хил давж хараа хяналтаас нь гараад эд ангийг нь аваад явчихдаг бололтой. Хэрэв энэ байдал эмх цэгцэндээ орчихвол дахиж машины эд анги зарсан асуудал гарахгүй гэв.
Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сум, Гашуун сухайтын хилийн боомт орчимд иймэрхүү байдалтай байна. Монголын төр ажлаа хийж, эмх замбараагүй байдлыг таслан зогсоох оролдого хийсний төлөө Хятадын тал хилээ хааж, нүүрс тээврийг зогсоогоод байна. Монголын нүүрсийг худалдан авч байгаа “Чалько”, “Винсвэй” компанийнхан өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдэгдэл гаргалгүй, таг чимээгүй сууцгааж байна.