Монголын ирээдүй болсон оюутан залууст мэдлэгийн сангаасаа түгээж буй МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Вандангомбын Данаасүрэнг энэ удаагийнхаа “Өдрийн зочин” буланд онцолж байна.
Тэрээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт 1978 оны аравдугаар сарын 20-нд төржээ. Баянгол дүүргийн 38 дугаар дунд сургуулийн хятад хэлний ангийг онц дүнтэй дүүргэсэн байна. Багадаа багш болох мөрөөдөлтэй байсан тэрээр 2000 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр амжилттай төгсжээ.
Түүний мөрөөдөл биелж 2003 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимд санхүүгийн чиглэлийн найман хичээл зааж эхэлжээ. “Бичил санхүү” хичээлийг ч 2005 онд боловсруулж, их дээд сургуулийн хэмжээнд анх удаа магистрийн оюутнуудад зааж эхэлсэн байна. Мөн 2012 оноос Японы Акитагийн Олон улсын харилцааны их сургуулийн багш проффессор Макото Сунагаватай хамтран магистр, докторын түвшинд “Хөгжлийн санхүү” хичээлийг дөрөв дэх жилдээ зааж жишиг сургалт болгож чадсан байна. Дангаасүрэн нь 2500 гаруй бакалавр, магистр, докторын зэрэгтэй оюутнууд төгсгөсөн гэнэ. Тэрээр эрдэм мэдлэг, ухаарал хайрлаж байдаг энэ мэргэжлээрээ үргэлж бахархдаг гэдгээ ярьсан юм.
В.Данаасүрэн нь багшлах хугацаандаа Шинэ Зеланд улсын Веллингтон хотын Викториагийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Тус сургуульд “Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд байгаль орчны шийдвэр гаргалт дахь иргэдийн оролцоог сайжруулах нь” сэдвээр докторын зэрэг хамгаалж, сургуулийнхаа оны шилдэг диссертацийн шагналыг авсан анхны монгол сэхээтэн болжээ. Тэрээр эх орны хөгжил цэцэглэлт залуучууд бидний нуруун дээр байдаг хэмээн үздэг учраас ямар ч зүйлд хариуцлагатай, бүтээлч байхыг хүсдэг гэнэ.
Англи, хятад хэлтэй түүний хувьд 2010 оноос хойш докторын удирдагчтайгаа хамтран олон улсын сурах бичгийн нэг бүлгийг бичиж Их Британи улсад хэвлүүлжээ. Эдийн засгийн хөгжлийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг байгууллагууд болон МУИС-ийн 10 гаруй судалгаа, төслийн ажилд дотоодын зөвлөх, судлаач, санхүүгийн шинжээчээр ажиллаж иржээ. Мөн Япон болон Зүүн Азийн менежмэнтийн олон улсын холбооны “Selected Paper Series” онлайн сэтгүүл, олон улсын монголч эрдэмтдийн XI их хурлын эмхэтгэлд “Монгол Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн хөгжил, тогтвортой хөгжил, сэргээгдэх эрчим хүчний санхүүжилт” зэрэг сэдвээр англи хэл дээр дөрвөн өгүүлэл нийтлүүлсэн байна.
Түүний хичээл зүтгэл, хөдөлмөр нь талаар бололгүй үргэлж үр дүнгээ өгч байдагт баяртай байдаг тухайгаа ярьсан. Түүний амжилтынх нь үндэс нь зорилготой байж, түүндээ хэрхэн хүрэхээ төлөвлөн тууштай хичээсэнд байдаг аж.
Тэрээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн “Оны идэвхтэн залуу багш”, “Шилдэг залуу багш”, Хүндэт жуух, Шинэ Зеландын Викториагийн их сургуулийн захирлын нэрэмжит “Оны шилдэг диссертаци”, Монголын залуучуудын холбооны “Шилдэг залуу алтан медаль”-иар тус тус шагнагдаж байжээ. В.Дангаасүрэнг үргэлж эрч хүчтэй, ихийг хийх урам зоригтой байхад нь аав, ээж хоёр нь хамгийн чухал нөлөө үзүүлдэг гэнэ. “Эзэн хичээвэл, заяа хичээдэг юм. Миний охин чадна” гэж ээж, аав нь үргэлж урам өгдөг байна.
О.Ариунцэцэг