ДБЭТ-ын урын санд дэлхийд алдартай хөгжмийн зохиолч Ж.Вердийн уран бүтээл хамгийн олон байдаг гэнэ. Тус театрынхан энэ сарын 17-д “Вердийн үдэш” сонгодог тоглолтыг Италийн элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү тоглолтод Италийн Парма хотын театрын удирдаач Сэржио Пеллегрини урилгаар оролцжээ.
ДБЭТ-ын хамт олон тоглолтын 54 дэх улиралдаа Ази, Европ, Америк тивийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллах гэнэ. Вердийн үдшээр “Аида” дуурийн Аидагийн ариг ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг дуулах бол “Отелла” дуурийн Ягогийн ариг Ч.Энхтайван дуулах юм байна.
Уг тоглолтод Монголд хараахан тавигдаагүй “Атилла” дуурийн Атиллагийн романсыг дуучин О.Хүрэлбаатар дуулж үзэгчдэдээ хүргэхээр болжээ. Атилла нь хүннү гаралтай хаан учир энэ дуурь монголчуудад сонирхолтой байх болов уу гэж Италиас ирсэн уран бүтээлчид онцолж байгаа юм байна.
О.ӨНӨР