76 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Венецийн кино наадмын улаан хивсний ёслол дээр монгол эмэгтэй Холливудын алдартнуудтай мөр зэрэгцэн алхлаа. Английн кино урлаг, загварын ертөнцөд тод мөрөөр алхаж буй, жүжигчин монгол бүсгүй бол Б.Ганчимэг юм. Түүний гол дүр бүтээсэн “Зэрлэгүүдийг хүлээхүй” кино Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн ижил нэртэй романаас сэдэвлэж бүтээгджээ. Тус киног Жони Депп продюсерлсэн байна.
Жүжигчин бүсгүй Б.Ганчимэгийн эцэг, эх нь Архангай, Баянхонгор аймгийн уугуул. Дээрээ нэг ахтай айлын отгон охин юм. Ээж нь түүний хамгийн дотны найз, үнэнч дэмжигч нь гэнэ. Тэрбээр багаасаа л урлагт хайртай, үүгээр ч зогсохгүй хувцас загвар зохион бүтээх, зурах дуртай охин байжээ. Аав нь зураач учраас энэ төрлийн урлагийг хоббигоо болгосон гэнэ. Б.Ганчимэг энэ талаараа “Аав минь надад үлгэр их уншиж өгдөг учраас үлгэрт их дуртай. Гурван настайгаасаа үлгэрийн баатруудыг дуурайж зурж эхэлсэн. Аав минь их сайхан зурдаг хүн байсан нь надад нөлөөлсөн болов уу. Юмны учир сайн ойлгож эхлээгүй байхдаа зурагтын дэлгэцээ хагалаад дотор нь байгаа бяцхан хүмүүсийг гаргаж, үзсэн киногоо өөрийнхөөрөө найруулна гэж мөрөөддөг байж. Үзсэн кинондоо бараг долоо хоног амьдардаг хүүхэд байсан. Одоо бодоход өөрийн уран дүрслэл, бяцхан ертөнцдөө амьдардаг хүүхэд байжээ” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр бүр багаасаа л хувцас дизайнд сонирхолтой байж. Хүүхэлдэйнүүддээ хувцас оёж, өмсгөж тоглох дуртай байсан төдийгүй энэ авьяасаа сорьж, загварын “Үнсгэлжин”, “Монголын мисс” зэрэг олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон байна. Харин Англи улсад очоод GQ, Ashish, Gucci зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд амжилттай оролцож, хэд хэдэн сэтгүүлд зургаа авахуулж байж. Тэрбээр өдгөө Их Британи улсад ажиллаж, амьдарч өөрийн давтагдашгүй өвөрмөц монгол төрх, хэнд ч дарагдахгүй уугуул царайгаа авьяас, хөдөлмөр, мэдлэг боловсролтойгоо уяж дэлхийн шилдэг кинонуудад дүр бүтээж байна. Энэ том амжилтад хүрсэн тэрээр Монголын ирээдүй хойч болсон дүү нартаа “Өөрийгөө дайчил, хэл сур, харилцаагаа тэл, тэгээд дэлхийд гар” гэж захиж байна.
Арваад жилийн тэртээ олон улсын загварын тайзан дээр өөрийгөө сорихоор Англи улсыг зорьсон бүсгүй 2016 онд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Лондон хотын “The City Lit” сургуулийг жүжигчний мэргэжлээр суралцаж төгсчээ. Ийнхүү загвар өмсөхөөс илүү жүжигчний мэргэжилд дурлаж, амжилт гаргахаар зорьж яваа аж. Харин түүнд эх орондоо ирж кинонд тоглох боломж олдвол түүхэн кинонд тоглож, дүр бүтээхийг хүсдэг гэнэ. Өнгөрсөн хугацаанд “Wonder Women”, “Ex Machina, “In the Name of Ben Hur”/2016/, “Fast and Furious 6”, Ronan-47, “Waiting for barbarians”, “Mad Lord” “Sweet lies” зэрэг томоохон кинонд дүр бүтээгээд зогсохгүй“A Boy On A Beach”, “Vinegar Tom”, “Love and Information”, “Much Ado About Nothing”, “The White Devil ”, “Sweeney Todd”, “The Snow Queen” зэрэг тайзны бүтээлүүдэд тогложээ. Дээрх кино төслүүд дээр ажиллаж байхдаа тэрбээр Киану Ривз, Жони Депп, Роберт Паттинсон зэрэг Холливудын алдартнуудтай хамтран ажиллажээ. Тэрээр “Жүжигчний мэргэжил гэдэг тийм ч амар ажил биш. Ялангуяа тэр том зах зээлд маш өрсөлдөөнтэй учир өдөр бүр л яг тамирчин хүн шиг бэлтгэл сургуулилт хийж, өөрийгөө дайчилж байдаг. Шантрах үе бишгүй тохиолддог ч “Унавал хормойгоо гүвээд бос” гэдэг монгол ардын үгийг санан зорилгынхоо төлөө цааш урагшилдаг” хэмээн ярьж байсан юм. “Зэрлэгүүдийг хүлээхүй” /Waiting for the Barbarians/ кино өнөөдөр Монгол Улсад албан ёсны нээлтээ хийх аж. Энэхүү киноны албан ёсны эрхийг “Black Staliion” продакшн авч монголчууддаа толилуулах юм. Тус кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд болон Г.Дөлгөөн-Эрдэнэ нар туслах дүр бүтээжээ. Монголын 14 уран бүтээлч оролцон ажилласан байна. Киноны гол утга санаа нь, эзэнт гүрний хил орчим өөрийн нутаг дэвсгэр дээр амьдрах уугуул иргэдийг зэрлэгүүд гэнэ. Зэрлэгүүд хот руу довтолно гэсэн худал ярианаас үүдэж эзэнт гүрний цэргүүд тус бүс нутагт ирж, зэрлэгүүдийг тамлан зовооно. Харин эзэнт гүрний мэдлийн хот руу зэрлэгүүд хэзээ ч төлөвлөөгүй довтолгоонд бэлтгэдэг. Эцэстээ жинхэнэ зэрлэг нь хэн бэ гэдгийг харуулна. Өөрөөр хэлбэл, соёлч нийгмээр халхалсан жинхэнэ зэрлэгүүдийн тухай энэ кинонд өгүүлэх юм. Уг кинонны зохиолч J.M. Coetzee/ нь 1940 онд Өмнөд Африкт төрсөн. Австралийн иргэн, хэл шинжлэлийн ухааны доктор, зохиолч юм. Тэрбээр 2003 онд “Waitin for the Barbarians” зохиолоороо Нобелийн шагнал хүртжээ. Түүний бүтээлүүд байгаль, экологи, ан амьтан, үндэстэн ястан, уугуул соёлын өвийг хамгаалахад чиглэсэн байдгаараа онцлог юм.
С.ЛХАМСҮРЭН