-12 сая төгрөгийн авлагатай байгууллагад бүр нэг тэрбум 950 сая төгрөг олгохоор болсон нь гайхмаар-
Өмнөх онуудын улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаж ашиглалтад орсон ч гэрээний үлдэгдэл төлбөрөө төрөөс авч чадаагүй олон компани бий. Тэдгээр асуудлыг шийдэж, барилгын гүйцэтгэгч компаниудыг хохиролгүй болгох зорилгоор УИХ энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр 07 тоот тогтоол баталсан билээ. Уг тогтоол ёсоор компаниудыг векселиэр санхүүжүүлэхээр болсон. Тодруулбал, 07 тоот тогтоолын нэг дэх заалтаар 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган бүрэн хэрэгжүүлж дууссан , гэрээний үлдэгдэл төлбөр бүхий 96 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг нэг бүрчлэн жагсаалтаар баталж, тэдгээрт нийт 32.6 тэрбум төгрөгийг векселийн санхүүжилтээр олгохыг Засгийн газарт даалгажээ. Харин хоёр дахь заалтаар “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээ авах”-ыг Засгийн газарт даалгасан байдаг. Сангийн яам дээрх тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдаас векселиэр санхүүжих төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд оруулсан билээ. Улмаар Засгийн газрын 2015 оны “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулах тухай” 282 тоот тогтоолыг боловсруулж батлуулсан юм. Ингэхдээ 286 аж ахуйн нэгжийн 176 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий 235 төслийг хянаж, санхүүжилт олгохоор болсон. Арилжааны банкуудад өнгөрсөн сарын эхээр вексель бичиж эхэлсэн атлаа гацчихсан. Учир нь бизнес эрхлэгчдийн мэдээллийн дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг векселиэр санхүүжүүлэх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хянахаар болсон. Энэ шалгалттай холбоотой векселиэр санхүүжилт олгох ажил зогсчихоод байгаа билээ.
Шалгалтын явцад Сангийн яаман дээр жинхэнэ “бантан” хутгасан нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх нэрээр Засгийн газрын 2015 оны “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулах тухай” 282 тоот тогтоолыг боловсруулж батлуулахдаа Төсвийн тухай хууль, УИХ-ын 07 тоот тогтоолыг ноцтой зөрчсөн болох нь ил болжээ.
Тодруулбал, 2014 оны төсөвт огт тусгагдаагүй, ажлын гүйцэтгэл нь 80 хувьд хүрэхгүй цөөнгүй төсөл, арга хэмжээ, барилгыг жагсаалтад шууд оруулж, векселиэр санхүүжүүлэх шийдвэрийг Засгийн газраар гаргуулжээ. Бүр 2014 онд санхүүжүүлтээ бүрэн авчихсан төсөл, арга хэмжээнд нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байсан нь дээрх шалгалтаар илэрчээ. Заримд нь төсөвт өртгөөс хэтэрсэн дүнгээр векселийн санхүүжилт олгохоор болсон зэрэг итгэмээргүй шийдвэрийг гаргасан байна.
Хууль зөрчин байж, ямар компаниудыг векселиэр санхүүжүүлэхээр шийдвэрлэснийг эх сурвалжийн мэдээллийн мөрөөр хүргэж байна.
Төсвийг нэмэгдүүлж таван төсөлд 2.9 тэрбумыг “бэлэглэх” вексель
Сангийн яамнаас боловсруулсан жагсаалтад төсөвт өртгийг нэмэгдүүлсэн дүнгээр таван төслийг санхүүжүүлэхээр болсон хачирхалтай баримт байна. Тодруулбал, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 850 сая төгрөгөөр хүүхдийн номын сан барихаар Төсвийн тухай хуульд тусгажээ. 2011, 2012 оны төсвийн гүйцэтгэлээр 826.4 сая төгрөгийн санхүүжилт олгосон аж. Ингээд төр гүйцэтгэгч компанид 23.6 сая төгрөгийн өртэй байжээ. Гэтэл векселиэр 142 сая төгрөг олгохоор тогтож, Засгийн газрын шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, 118.4 сая төгрөгийг зүгээр өгөх шийдвэр гаргачихжээ. Уг ажлын гүйцэтгэгч нь “Донж хацу” компани аж.
Булган аймгийн Гурванбулаг суманд сургуулийн барилга, спорт заал барих ажил 2010 оноос эхэлсэн. Уг барилгын төсөвт өртөг 1.6 тэрбум төгрөг. Үүнээс 2010, 2011 онд 810.3 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Гэтэл Засгийн газрын 2015 оны 282 тоот тогтоолоор УИХ-аар баталсан төсөвт өртгийг дур мэдэн нэмэгдүүлж 2.225 тэрбум төгрөг болгосон байна. 2011 оноос хойш уг барилгын төсөвт өртгийг өөрчлөх шийдвэрийг УИХ гаргаагүй байхад өртгийг нэмэгдүүлж 1.212 тэрбум төгрөгийн вексель олгохоор болжээ. Ингэснээр 422.4 сая төгрөгийн илүү санхүүжилт олгохоор болж буй юм.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Их залуу багт 640 суудалтай сургууль, спорт заал барих ажлыг өнгөрсөн онд “Урагшлах” компани гүйцэтгэжээ. Уг ажлын төсөвт өртгийг УИХ нэг тэрбум 720 сая төгрөгөөр баталсан байдаг. Гэтэл Засгийн газрын 282 тоот тогтоол, Сангийн яамны албан тоотод төсөвт өртгийг хоёр тэрбум 339.5 сая төгрөг болгож оруулжээ. УИХ-аар батлагдсан төсөвтэй харьцуулахад төрөөс 425.9 сая төгрөг олгох ёстой байж. Гэтэл төсвийн гүйцэтгэлийг зохиомлоор нэмэгдүүлж 564.9 сая төгрөгийн вексель олгохоор Засгийн газрын тогтоол гаргуулжээ. Үүний зөрүү нь 140 сая төгрөг юм.
2013 оны төсвийн тухай хуульд тусгаснаар Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөвт өртгийг 550 сая төгрөг байхаар баталжээ. Улмаар тэр ондоо 538 сая төгрөгийг гүйцэтгэгч болох “Контракс” компанид олгосон байна. Үлдэгдэл нь 12 сая төгрөг гэсэн үг. Гэтэл Сангийн яамнаас уг ажлын төсөвт өртгийг зургаан тэрбум нэг сая төгрөг гэж Засгийн газарт оруулаад нэг тэрбум 950 сая төгрөгийн вексель олгохоор төлөвлөж батлуулжээ. Өөрөөр хэлбэл, 12 сая төгрөгийн авлагатай байгууллагад бүр нэг тэрбум 950 сая төгрөг олгохоор болсон нь гайхмаар.
Аймаг, нийслэлийн бүсийн тулгуур төвүүдэд барилгын материалын жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, барилгын материалын иж бүрэн лаборатори байгуулах ажил 2012 онд эхэлсэн. Уг ажлыг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Идэр чандмань” компани хийхээр 2014 оны төсөвт 472.9 сая төгрөгийн өртөг тусгуулжээ. Төсөвт өртгийн үлдэгдэл 600 мянган төгрөг байсан аж. Гэтэл төсөвт өртгийг 816.9 сая төгрөг хэмээн Засгийн газарт оруулж 344.6 сая төгрөгийн вексель олгох шийдвэрийг гаргуулсан байна. Энэ мэтээр нийт 2.962 сая төгрөгийг төсөвт өртгийг нэмэгдүүлэх замаар гүйцэтгэгчдэд бэлэглэх шийдвэрийг Сангийн яамны саналаар Засгийн газар баталжээ.
Мөнгөө бүгдийг нь авчихсан компаниудад 3.3 тэрбум шахам төгрөг өгөх шийдвэр
Төсөвт өртгийг нэмэгдүүлэх замаар компаниудад их хэмжээний вексель олгосон талаарх баримтыг дээр өгүүлсэн. Тэгвэл гүйцэтгэсэн ажлынхаа өртгийг бүрэн авчихсан гурван компанид нийтдээ 3.261 тэрбум төгрөг өгөх шийдвэрийг гаргасан байна.
Хөдөөгийн хүн ам, мал аж ахуй, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах тендерт “Энержи-Импиар”, “Тайширын хүрээ”, ”Мэнхэн тахилга”, “ЖОББЭ”, “Нар Маржан”, “Идэрчандмань”, “Алтайн хар сувд”, “Чандмань Дундговь”, “Хөвсгөл геологи”, Ус-Инержинг“, “Хан булгийн эх”, “Сэлэнгэ Баянбүрд”, “Эвлэрэл”, “Орхонгидрогео” зэрэг компаниуд ялжээ. Бүх аймагт уг ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн бөгөөд 2014 оны Төсвийн тухай хуулиар 10 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх байжээ. Ингээд өнгөрсөн онд төлбөрийг бүрэн төлж тооцоо дуусчээ. Гэтэл дээрх компаниудад нэмж 2.033 тэрбум төгрөгийн вексель олгохоор болсон байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тариалангийн талбайн услалтын системийг сэргээн засварлах, шинээр барих, ус хуримтлуулах сан бүхий боомтын барилгыг тариалангийн бүс нутагт барих ажил мөн өнгөрсөн онд эхэлсэн. Энэ ажлыг “Монгол менежмент төв”, “Усны барилга”, “Ус-Эрдэнэ”, “Аригшан”, “Шимт газар”, “Цаст алтанцөгц” компаниуд гүйцэтгэсэн. Энэ ажлын төсөвт өртгийг гурван тэрбум төгрөг байхаар УИХ баталж, бүрэн төлжээ. Гэтэл Засгийн газрын 282 тоот тогтоолоор нэмж 924.4 сая төгрөгийн вексель бичих шийдвэр гарчээ.
Улсын ерөнхий прокурорын газрын албаны орон сууцыг 2.5 тэрбум төгрөгөөр барихаар 2013, 2014 оны Төсвийн хуулиар батлагджээ.
Улмаар 2013 онд 1.198 тэрбум, 2014 онд 1.296 тэрбум нийтдээ 2.496 тэрбум төгрөг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хуулиар батлагдсан төсөвт өртгийнхөө санхүүжилтийг бүрэн өгчээ. Гэтэл дээрх компаниудад 250 сая төгрөгийн вексель олгохоор болжээ.
Энэ мэтээр 3.261 тэрбум төгрөгийг хууль бусаар векселиэр олгох хачирхалтай шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.
-Сангийн яам УИХ-ын бүрэн эрхэд халдаж хуулиар
баталсан төсөвт өртгийг зохиомлоор нэмэгдүүлж бантан хутгасан тухай баримт ийм
байна-
Төсвийн хөрөнгө
оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, ашиглалтад орсон ч мөнгөө авч чадаагүй
компаниудад төр вексель бичиж өгөх шийдвэрийг УИХ өнгөрсөн нэгдүгээр сард
гаргасан. Үүний дагуу вексель олгох компаниудын жагсаалтыг Сангийн яам
боловсруулж Засгийн газарт оруулсан. Засгийн газар 282 дугаар тогтоолоор
векселиар санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталсан билээ. Гэтэл компаниудын
жагсаалтыг батлахдаа Сангийн яаман дээр жинхэнэ будлиан хутгажээ. УИХ-аар
баталсан төсөвт өртгийг зохиомлоор нэмэгдүүлж, нэр бүхий компаниудад 2.9 тэрбум
төгрөгийн вексель бичсэн, хийсэн ажлынхаа мөнгийг бүгдийг нь авчихсан
компаниудад 3.3 тэрбум төгрөг бэлэглэх шийдвэр гаргасан тухай баримтыг “Өдрийн
сонин” өчигдрийн дугаартаа өгүүлсэн.
Тэгвэл улсын
төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хэзээ ч тусгагдаагүй, шүүхээр
маргаантай байгаа компаниудад вексель олгохоор шийдвэрлэсэн баримтыг хүргэж
байна. Мөн хуулиар батлагдсан төсөвт өртгөөс хэтэрсэн дүнгээр нийт 4.1 тэрбум
төгрөгийн вексель бичих шийдвэрийг Засгийн газар гаргасан зэрэг баримтыг
үргэлжлүүлэн хүргэе.
компаниудад
вексель бичихдээ 4.1 тэрбум төгрөг илүү өгөхөөр болжээ
УИХ-ын тогтоолыг
хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар энэ оны долдугаар сарын 7-ны өдөр 282 тоот
тогтоол гаргасан юм. Тогтоолд Монгол Улсын төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө
оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний дагуу үлдэгдэл төлбөр
бүхий төсөл арга хэмжээнүүдийн төлбөрийг векселиэр баталгаажуулахыг Сангийн
сайдад зөвшөөрсөн. Мөн төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртгийг
УИХ-аас зөвхөн тухайн жилийн төсвийн хуулиар батлахыг хуульчилсан байдаг.
Сангийн яам зөвхөн тухайн жилийн төсвийн хуулиар баталсан төсөвт өртгийн
хүрээнд санхүүжилт хийх үүрэгтэй. Сангийн яам УИХ-ын бүрэн эрхэд халдаж хуулиар
баталсан төсөвт өртгийг зохиомлоор нэмэгдүүлж бантан хутгасан тухай баримт
байна.
2008-2014 оны төсөвт
тусгагдаад ажлаа бүрэн хийсэн ч төрөөс авлагатай байгаа 96 компанийн нэрийг
Засгийн газрын 282 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтад гаргажээ. Гэтэл
тэдгээрийн 14-д нь хууль бусаар вексель олгох шийдвэр гарсан баримт байна.
Тодруулбал, хуулиар баталсан төсөвт өртгийг хэтрүүлэн Засгийн газраар батлуулж,
үндэслэлгүйгээр нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Дорнод аймгийн Хэрлэн
сумын 12 дугаар цэцэрлэгийн 150 ортой барилга барих тендер 2011 онд зарлагдаж
“Чандмань тал” компани шалгарчээ. Тус компани Дорнодод барилга угсралтын
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Аймгийн алдарт уяач Ж.Энхболдын компани аж.
2012 оны төсвийн тухай хуульд 150 ортой цэцэрлэгийн барилгыг 690 сая төгрөгөөр
бариулахаар баталсан байна. Үүнээс 650.5 сая төгрөгийг гүйцэтгэгчид өгчээ.
Цэцэрлэг өнгөрсөн онд ашиглалтад орсон. Одоо төр 39.5 сая төгрөг өгөх ёстой
гэсэн үг. Гэтэл вексель бичих жагсаалтад уг барилгын төсөвт өртгийг 935.3 гэж
бичээд 245.3 сая төгрөг зүгээр өгөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, 39.5 сая
төгрөгийн өртэй байж 284.8 сая төгрөгийн вексель бичих шийдвэр гаргаж, өр
авлагын зөрүү 245.3 сая төгрөг болжээ.
Сүхбаатар аймгийн
Онгон суманд 20 ортой эмнэлэг барих төсөвт өртгийг өнгөрсөн оны Төсвийн тухай
хуульд 616.9 сая төгрөг байхаар тусгасан байдаг. Улмаар “Тулга констракшн”
компани тендерт ялж ажлаа хийсэн. Төр ч төсөвт өртөгт заасан мөнгийг бүгдийг нь
гүйцэтгэгчид шилжүүлжээ. Гэтэл Засгийн газрын 282 тоот тогтоолын хавсралтаар уг
ажлын төсөвт өртгийг 815.5 сая төгрөг гэж бичээд 198.6 сая төгрөгийн вексель
бичихээр болчихсон баримт байна. Тус компани барилга угсралт, чимэглэлийн
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт багтсан
хотхоны барилгыг барьсан. Хан-Уул дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг
хийж байсан компани юм.
Улаанбаатар хотод
87 км цахилгааны кабель шугамын шинэчлэл, өргөтгөл хийх ажил 2012 онд эхэлсэн.
Уг ажлыг “Хайрхан наран трейд”, “Хан хөвгүүд” компаниуд хариуцсан. 2013, 2014
оны төсвийн тухай хуульд уг ажлын төсөвт өртгийг зургаан тэрбум 880 сая төгрөг
байхаар баталж, зургаан тэрбум 650.9 сая төгрөгийг шилжүүлжээ. Ингээд 229.1 сая
төгрөгийн үлдэгдэлтэй байв. Гэтэл 498.4 сая төгрөгийн вексель бичих шийдвэр
гаргасан байна. Ингэснээр 269.3 сая төгрөгийг гүйцэтгэгч хоёр компанид зүгээр
өгөх болсон гэсэн үг.
Баянлиг-Шинэжинст
сумын 35кВ-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг
төсөл боловсруулах, шугамын ажлыг эхлүүлэх ажил 2012 онд эхэлж өнгөрсөн жил
дууссан. “Энерго стар”, “Ойгон нуур” компаниуд тендерт ялж уг ажлыг
гүйцэтгэсэн. 2012, 2013 оны төсвийн хуульд уг ажлын төсөвт өртгийг дөрвөн
тэрбум 373 сая төгрөг байхаар баталсан бол 2014 оны төсвийн тухай хуульд
багасгаж дөрвөн тэрбум 280.2 сая төгрөг болгожээ. Улмаар 2012 онд нэг тэрбум
649 сая, 2013 онд нэг тэрбум 722.1 сая, өнгөрсөн жил 380 сая нийт гурван тэрбум
751 сая төгрөг олгожээ. Одоо тус компанид 529.1 сая төгрөг өгөх учиртай. Гэтэл
2012, 2013 оны төсөвт батлагдсан дүнгээр төсөвт өртгийг тооцоолж нэг тэрбум
төгрөгийн вексель бичих шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Батлагдсан өртгийн
үлдэгдэл болон векселийн зөрүү нь 472.8 сая төгрөг байна.
Дээр дурдагдсан
“Ойгон нуур” компани өөр нэг төслийн гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд 83.8 сая
төгрөгийг төрөөс бэлгэнд авахаар болсон баримт байна. Тодруулбал, “Ойгон нуур”
компани Дархан хотын 110/6кВ-ын Давхар дэд станцын 110кВ-ын ил, зургаан кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийг
шинэчлэх ажлыг хоёр тэрбум 381.1 сая төгрөгөөр гүйцэтгэхээр тендерт шалгарчээ.
УИХ-аар батлагдсан төсвийн гүйцэтгэлд тэмдэглэснээр 2012 онд 186, 2013 онд
288.4, 2014 онд нэг тэрбум 772.8 сая төгрөгийг олгожээ. Төр нийтдээ хоёр тэрбум
247.2 сая төгрөг өгсөн гэсэн үг. Одоо тус компанид 133.9 сая төгрөгийн өртэй.
Гэтэл Сангийн яамнаас тус компанид 217.7 сая төгрөгийн вексель бичихээр болсон
байна.
Говь-Алтай
аймгийн Халиун-Цээл сумын 35кВ-ын 31.4 км, 15 кВ-ын 84.5 км цахилгаан дамжуулах
шугам, дэд станцыг “Мон хас” компани 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн. Уг
барилгын төсөвт өртгийг 2014 оны Төсвийн тухай хуульд хоёр тэрбум 149.1 сая
төгрөгөөр баталсан байна. Ингээд 2012 онд 29.8, 2013 онд нэг тэрбум 110 сая,
өнгөрсөн онд 783.5 сая, нийт нэг тэрбум 923.3 сая төгрөгөөр санхүүжүүлжээ. “Мон
хас” компани төрөөс 225.8 сая төгрөгийн авлагатай гэсэн үг. Гэтэл Засгийн
газрын 282 тоот тогтоолд тусгаснаар төсөвт өртгийг хоёр тэрбум 214 сая төгрөг
болгож бичээд, санхүүжилтийг нэг тэрбум 110 сая болгож бууруулжээ. Ингээд нэг
тэрбум 104 сая төгрөгийн вексель бичихээр болсон аж. Өөрөөр хэлбэл, 878.2 сая
төгрөгийг зүгээр өгөх шийдвэр гарсан гэсэн үг. Тус компани 2013 оноос хойш
таван тендерт оролцсон бөгөөд хоёрт нь шалгарч байжээ.
“МК-АСУ” компани
Баян-Өлгий аймагт зургаан кВ-ын кабелийн шинэчлэл, газар доорхи кабелийн гэмтэл
илрүүлэх багаж авах тендерт шалгарч 450 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн
нийлүүлэхээр болжээ. Өнгөрсөн онд тус компанид 214.4 сая төгрөг өгч одоо 235.6
сая төгрөг өгөх учиртай байж. Харин Засгийн газрын 282 тоот тогтоолоор 250 сая
төгрөгийн вексель олгохоор болжээ.
Говь-Алтай
аймгийн Тайшир суманд Тайширын усан цахилгаан станцын ажиллагсдын орон сууц,
конторын барилга, халаалтын зуухны барилгын ажлыг гүйцэтгэх төсөвт өртгийг 2014
оны Төсвийн тухай хуульд 801 сая төгрөг байхаар баталсан. Ингээд гүйцэтгэгч
“Уран-Охид” компанид 697.8 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үлдэгдэл
103.9 сая төгрөг өгөх ёстой байтал 228.7 сая төгрөгийн вексель бичих шийдвэрийг
Засгийн газар гаргажээ. Үүний зөрүү нь 124.8 сая төгрөг юм.
“ЭДС” компани
Дулааны хоёрдугаар цахилгаан станцын тоноглолын шинэчлэлийн ажлыг 2013-2014 онд
хийсэн. Уг ажлын төсөвт өртгийг 2014 оны Төсвийн тухай хуулиар хоёр тэрбум
194.5 сая төгрөгөөр баталсан байдаг. Улмаар дээрх мөнгийг өгчээ. Гэтэл Сангийн
яам төсвийн гүйцэтгэлийг нэг тэрбум 962.5 сая төгрөг гэж бичээд 232 сая
төгрөгийн вексель бичих саналыг Засгийн газарт оруулж батлуулжээ.
Сангийн яам
төсөвт өртгийн хэмжээг зохиомлоор нэмжээ
Засгийн газар
үндэслэлгүйгээр “Наб Сан” компанид 353.6 сая төгрөг өгөхөөр болжээ. Тодруулбал,
тус компани Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд дулааны шугамын шинэчлэлийн
ажлыг долоон тэрбум 800 сая төгрөгөөр барихаар болжээ. Ийм төсөвт өртгийг 2014
оны Төсвийн тухай хуульд заасан байгаа. Улмаар төрөөс долоон тэрбум 353.6 сая
төгрөгийг төлж 446.4 сая төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. Гэтэл төсөвт өртгийг 13
тэрбум гээд санхүүжилтийн хэмжээг 12 тэрбум 200 сая төгрөг гэж зохиож 800 сая
төгрөгийн вексель олгохоор шийдвэрлэжээ. Үүний зөрүү нь 353.6 сая төгрөг байгаа
юм.
“МЭЗ” буюу
“Монголын эрчим засвар” компани векселийн зөрүүгээр 1.2 тэрбум төгрөгийн ашиг
олох нь. Тодруулбал тус компани ДЦС-II-ын зуух, үнс барих цахилгаан шүүлтүүр
суулгах ажлыг 999.9 сая төгрөгөөр гүйцэтгэхээр болжээ. Төсвийн гүйцэтгэлд
тэмдэглэснээр 902.4 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Төр 97.5 сая
төгрөгийн өртэй байтал 736.1 сая төгрөгийн вексель олгохоор болжээ. Ингэхдээ
төсөвт өртгийг нэг тэрбум, гүйцэтгэлийг 263.9 сая төгрөг гэж Сангийн яаман дээр
зохиогоод 638.6 сая төгрөгийг зүгээр өгөх шийдвэрийг Засгийн газар гаргасан
байна. Мөн ДЦС-IV-д зуухнуудын үнс, утааны хийн ялгаралтыг бууруулах технологи
нэвтрүүлэх ажлыг “МЭЗ” компани дөрвөн тэрбум 726.3 сая төгрөгөөр гүйцэтгэхээр
болсон байна. Төсвийн гүйцэтгэлд тэмдэглэснээр дөрвөн тэрбум 726.3 сая
төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Төсөвт өртгийн үлдэгдэл 271.8 сая төгрөг
байтал 833.6 сая төгрөгийн вексель бичихээр болжээ. Ингэхдээ төсөвт өртгийг
таван тэрбум төгрөг гээд гүйцэтгэлийг дөрвөн тэрбум 166.4 сая төгрөг болгож
561.8 сая төгрөгийг зөрүүнд нь өгөхөөр болсон байна.
Энэ мэтээр дээрх
компаниудад нийт 6.750 тэрбум төгрөгийн вексель бичих шийдвэр гаргасны 2.598
тэрбум нь л бодит байна. Харин 4.152 тэрбум төгрөг нь батлагдсан өртгийн
үлдэгдэл болон векселийн зөрүү болж байна.
-Төсөвт огт тусгагдаагүй дөрвөн хөтөлбөрт 84 тэрбум
832 сая төгрөгийн
вексель олгохоор болжээ-
Төсөвт
тусгагдаагүй, төлөвлөгөөнд ороогүй хөтөлбөрүүдэд вексель олгохоор болжээ
УИХ-ын тогтоолоор
гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлсэн, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар
80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй компаниудад вексель бичихээр болсон. Гэтэл
шүүхийн шатанд маргаантай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгох шийдвэрийг Засгийн
газар гаргасан байна. Бүр 2014 оны төсөвт огт тусгагдаагүй төсөл хөтөлбөрт
санхүүжилт олгохоор болжээ.
Тухайлбал, “Очир
төв” компани “Төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл,
арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан авто замын үнийн зөрүү
болох 42 тэрбум 981 сая төгрөгийн төсөвт өртгийн авлагатай байжээ. Үүнээс 42
тэрбум 973 сая төгрөгийн гүйцэтгэл хийсэн бөгөөд “Очир төв” компанид 7.2 сая
төгрөг өгөх учиртай байжээ. Энэ мөнгө 2014 оны төсөвт өгт тусгагдаагүй. Харин
шүүхийн шийдвэрийн дагуу олгох хөрөнгийн эх үүсвэрийг Хууль зүйн сайдын багцад
урсгал зардлын “Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох нөхөн төлбөр”-ийн эх үүсвэрт төлөвлөж
санхүүжүүлдэг байжээ. Гэтэл Засгийн газрын 282 тоот тогтоолоор таван тэрбум
төгрөгийн вексель бичихээр тусгасан байх юм.
Улаанбаатар-Мандалговь-Оюутолгойн
220кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын зураг
төсөл болон Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн хоёр хэлхээт 220кВ-ын цахилгаан
дамжуулах агаарын шугам, 110 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлын зөрүүнд
53.206.3 сая төгрөгийн вексель бичихээр болжээ. Гэтэл энэ ажил 2010-2013 оны
улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Шүүхийн шийдвэрээр
мөн л төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон аж ахуйн
нэгжүүдэд олгох нөхөн төлбөрийн эх үүсвэрээр санхүүждэг байж. Гэтэл
үндэслэлгүйгээр 53.206.3 сая төгрөгийн вексель бичихээр Засгийн газрын тогтоол
гарчээ.
Улсын төсвийн
хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хэзээ ч тусгагдаж байгаагүй “Сэлэнгэ аймгийн
Ерөө сумаас Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэлх 110кВ-ын 50 км цахилгаан
дамжуулах шугам”-ын ажилд 12.576.2 сая төгрөгийн вексель бичихээр болжээ. “Кью
Эс Си” компани уг төслийг хэрэгжүүлэхээр тендерт шалгарчээ. Гэтэл уг ажлын
төсөвт өртгийн гүйцэтгэлийг хэдийнэ хийчихсэн байж.
Энэ мэтээр дөрвөн
төсөлд нийт 84 тэрбум 832 сая төгрөгийн вексель олгохоор болжээ. Үүнийгээ
2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний
дагуу үлдэгдэл төлбөр бүхий төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулсан байх юм.
Сангийн яам
УИХ-ын бүрэн эрх халдаж хуулиар баталсан төсөвт өртгийг зохиомлоор нэмэгдүүлж
бантан хутгасан тухай баримт ийм байна. Засгийн газрын тогтоолоор 2008-2014 оны
хөрөнгө оруулалтад тусгагдаж бүрэн хэрэгжсэн 96 төсөл хөтөлбөрт 32 тэрбум 936
сая төгрөгийн вексель бичихээр болсон. Гэтэл үүний дөрвөн тэрбум 151 сая
төгрөгийн вексель нь төсөвт өртгийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг хасах байдлаар
нэмж хууль бусаар бичсэн болж байна.
Мөн Монгол Улсын
төсвийн 2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусгагдаж, бүрэн хэрэгжүүлсэн,
гэрээний үлдэгдэлтэй 39 төсөл хөтөлбөрт 99 тэрбум 196 сая төгрөгийн вексель
бичих шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүний хоёр тэрбум 962 сая төгрөгийн
векселийг мөн л төсөвт өртгийг нэмэгдүүлэх замаар хууль зөрчин зохиож,
гүйцэтгэгчид бичиж өгөхөөр болжээ. Мөн энэ жагсаалтад багтсан дөрвөн төсөл нь
хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, 2014 оны төсөвт ороогүй атал 84
тэрбум 832 сая төгрөг олгохоор болсон байна.
Гүйцэтгэл нь
80-аас дээш хувьтай байгаа төсөл хөтөлбөрүүдэд 44 тэрбум төгрөгийн вексель
бичих Засгийн газрын тогтоол гарсан. Гэтэл төсөвт өртгийн гүйцэтгэлийг бүрэн
хангачихсан төслүүдэд нийт гурван тэрбум 261 сая төгрөгийн вексель бичихээр болжээ.
Энэ бүгдийг
нэгтгэвэл 95 тэрбум 208 сая төгрөгийн векселийг хууль зөрчиж бичихээр Засгийн
газрын тогтоол гарчихсан байна. Өөрөөр хэлбэл, Векселийн сургаар Сангийн яаман
дээр будлиан хутгаснаас үүдэж хууль бус олон тэрбум төгрөгийн санхүүжилт
хийгдэх нөхцөл бүрджээ. Шалгалтаар зөрчилтэй байгаа нь илэрсэн дээрх
гүйцэтгэгчдэд вексель бичихийг зогсоосон байна. Харин УИХ-ын 07 тоот тогтоолын
шаардлага хангаж байгаа компаниудад вексель бичиж эхэлжээ.