-14 хоногийн дараа түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхээ шийднэ-
“Монгол-Орос”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон билээ. Түүнийг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шинэ зүтгүүр худалдаж авах гэрээ байгуулсан. Зүтгүүрийн мөнгө болох 800 сая төгрөгийг “Арвижих трейд” компанийн данс руу шилжүүлсэн. Гэвч авсан зүтгүүр нь 400 саяын үнэтэй, хуучин зүтгүүр байсан гэнэ. Дээрх зүтгүүрийг өндөр үнээр авч дундаас нь их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэж үзэж байгаа юм байна. Энэ тухай УБТЗ-ын нэр бүхий ажилтан АТГ-т гомдол гаргасан байна. Шүүхээс түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид 14 хоног саатуулан шалгах зөвшөөрлийг олгожээ.14 хоног нь дуусахаар үргэлжлүүлэн хорих эсэхээ шийднэ гэж албаны эх сурвалж мэдээллээ. Энэ хэрэгт түүнээс гадна хоёр хүнийг сэжиглэн шалгаж байгаа бололтой. Зарим гэрчээс мэдүүлэг авчээ. Мөн түүний нэр дээрх эд хөрөнгийг нь битүүмжилсэн байна. Үүнээс гадна түүнийг вексель буюу өрийн бичиг бичиж албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзжээ. Энэ хэргийг сийрүүлбэл “Жаст” группт гаргаж өгсөн өрийн бичгийн хэрэг нь нэрмээс болж байгаа аж.
“Жаст” групп нь Төмөр зам болон МИАТ-т шатахуун нийлүүлдэг байсан аж. Тиймээс Г.Сэрээнэндорж, “Жаст”-ын Г.Батхүүтэй нууц гэрээ байгуулж, баталгаа гаргаж өгсөн байдаг. Нууц гэрээндээ ОХУ, “Роснефть”-д баталгаа гаргаж өгчээ. Энэхүү гэрээ нь орос хэлээр 2012 оны арваннэгдүгээр сард хийгдсэн аж. Түүнчлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт шалгалт хийхэд тухайн шалгалтыг тус газрын хуулийн хэлтсийн дарга И.Идэш бусад нөхдийн хамт шалгаж байжээ. И.Идэш нь Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилын хамт хуулийн фирм ажиллуулж байсан нэгэн учир түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй хэмээн “Эрдэнэт”-ийн удирдлагууд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Өмнө нь “Жаст”-ын гэрээг Ц.Мөнх-Оргил хуулийн талаас нь хянаж байсан гэсэн мэдээлэл тухайн үед гарч байсан юм. Тэгэхээр цөөнгүй хүн энэ хэрэгт татагдах нөхцөл байдал үүсчээ. Г.Сэрээнэндоржид холбогдох бас нэг хэрэг нь төмөр замын ажилтай холбоотой гэнэ. “Ухаа худаг- Гашуунсухайт” хооронд тавьж буй төмөр замын ажлыг анх “Энержи Ресурс” компани концессын гэрээгээр эхлүүлж гүйцэтгэгчээр “Самсунг” корпораци ажиллахаар болж байсан аж. Г.Сэрээнэндорж дарга байхдаа тус гэрээг цуцалж захиалагч тал нь “Монголын төмөр зам” компани болж өөрчлөгдсөн байдаг гэнэ. Ингэхдээ гүйцэтгэгч гэрээг шинээр хийж төсөвт өртгийг нь 594.6 сая ам.доллараас 439.8 сая ам.доллар болгон буулгаж гэрээ хийсэн гэж байгаа юм. Гэвч үнэн хэрэгтээ цаашид гаргах хөрөнгийн хэмжээ буюу бүр анхны гэрээ буюу 594.6 сая доллараас 45.6 саяар хэтрүүлсэн байна. Энэ мэтээр Г.Сэрээнэндоржтой холбоотой асуудлууд сөхөгдөж байгаа юм байна.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус зүйл ангид төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл түүний улмаас их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
Г.Сэрээнэндорж гэж хэн бэ?
Тэрбээр 1963 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төмөр замчны гэр бүлд төржээ. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 1981 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын 10 жилийн дунд сургуулийг төгсч, 1987 онд ЗХУ-ын (тэр үеийн нэрээр) Ленинград хотын Төмөр замын дээд сургуулийг автоматик, телемеханик, холбооны инженерийн, 1993 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг бизнес удирдлагын мэргэжлээр тус тус дүүргэжээ.
Хөдөлмөрийн гараагаа 1987 онд Сайншанд дахь Дохиолол холбооны гуравдугаар ангид монтероор эхэлж, механик, ахлах инженер, орлогч даргаар, 1992 оноос Улаанбаатар дахь Дохиолол Холбооны хоёрдугаар ангид хэсгийн ахлах инженер, орлогч даргаар, 1995 оноос Дохиолол холбооны албаны ахлах инженерээр, 2003 оноос Дохиолол холбоо, эрчим хүчний албаны ерөнхий инженер, даргаар, 2005 оноос УБТЗ-ын Ерөнхий инженерээр тус тус томилогдон ажиллаж иржээ. Г.Сэрээнэндорж нь Улаанбаатар төмөр замд тасралтгүй 25 жил ажиллаж байгаа юм байна. Техникийн ухааны магистрийн зэрэг, Монгол Улсын зөвлөх инженер, спортын мастер цолтой аж.
Д.Маргад