Сангийн яам болон Дэлхийн банкны хамтарсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо веб дизайны чиг хандлага, олон улсын стандартын чиглэлээр 15 хоногийн сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтанд тус холбооны гишүүн таван компани оролцож байгаа бөгөөд олон улсын стандартад нийцсэн веб дизайн хийх аргачлал, ур чадварыг эзэмшүүлж буйгаараа онцлогтой юм.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын чадавхийг бэхжүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой юм.
Ингэснээр Монголын мэргэжилтнүүд үндэсний соёл, уламжлал, онцлог байдлыг илэрхийлсэн оюуны бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломж нээгдэж байна. Монголын Програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Чулуунзагд уг сургалтын агуулга, ач холбогдлын тухай хэлэхдээ “Монголын экспортын бүтээгдэхүүнийг уул уурхай, хөдөө аж ахуй, ноос ноолууран бүтээгдэхүүнээр төсөөлдөг. Тэгвэл Монгол хүний оюун ухаан, мэдрэмжээр бүтээсэн оюуны контентыг дэлхийн зах зээлд гаргах суурийг бэлтгэж байна. Веб дизайны чиглэлээр мэргэшсэн чадварлаг монгол залуучууд уг сургалтыг зааж байгаагаараа онцлогтой.Монгол залуус нэгнийгээ дэмжиж, үндэсний контентоо дэлхийд гаргахаар гар нийлж, шаргуу ажиллаж байна” гэсэн юм.
Манай залуучууд веб контент үйлдвэрлэх чиглэлээр олон улсын зах зээлд амжилттай ажиллаж, өнгөрсөн хугацаанд 500 мянган ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ. Энэхүү эдийн засгийн үзүүлэлт нь манай залуучуудын ур чадвар, мэдлэг боловсрол энэ салбарт хүчээ үзэхэд өргөн боломж нээлттэй байгааг харуулж байгаа юм. Экспортыг дэмжих төсөлд одоогийн байдлаар 150 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч хүсэлт гаргаснаас 46 аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна.