Categories
гадаад мэдээ

Вашингтон-Москвагийн харилцаа дордлоо || DNN.mn

Лхагва гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден анх удаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг “дайны гэмт хэрэгтэн” гэж нэрлэлээ.

Нэг сэтгүүлч түүнээс “Ноён ерөнхийлөгч, өнөөдрийг хүртэл бидний үзэж харсан бүх зүйлийн дараа та Путинийг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэж чадах уу?” гэж асуужээ.

Байден эхлээд “үгүй” гэж хариулсан боловч дараа нь “Намайг тэгж хэлж чадах уу гэж та асуув уу? Тиймээ. Түүнийг би дайны гэмт хэрэгтэн мөн гэж бодож байна” гэж хариултаа өөрчилсөн юм.

Сүүлд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “ерөнхийлөгч Украинд болж буй зэрлэг балмад хүчирхийллийн зургуудыг үзсэнийхээ дараа албан бусаар зүрх сэтгэлээсээ энэ үгийг хэлсэн” гэж тодруулсан байна.

“Дайны гэмт хэрэгтэн” гэж албан ёсоор нэрлэхийн тулд төрийн департамент хуулийн дагуу ажиллаж, тодорхойлох ёстойг тэр бас нэмж хэлжээ.

Байдены хэлсэн үгийн дараа Кремлийн хэвлэлийн алба тэр дор нь хариу мэдэгдэл хийсэн байна.

“Дэлхий даяар олон зуун мянган хүнийг бөмбөгдсөн улсын төрийн тэргүүн байж боломгүй, уучлах аргагүй үгийг хэллээ гэж бид үзэж байна” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Байдены хэлсэн үг Вашингтон-Москвагийн хоорондох бас нэг дипломат гүүрийг шатаасан хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна.

Нөгөө талаас энэ үг нь өнөөдрийн дэлхий дахины улс төр эргэлт буцалтгүй өөрчлөгдөж, бодит байдалтай эвлэрч байгаагийн илрэл гэж бас дүгнэцгээжээ.

Байдены хэвлэлийн хурлын өмнө Украины ерөнхийлөгч Володимир Зеленский видео холбоогоор АНУ-ын Конгрессын өмнө үг хэлсэн юм.

Үүний дараа Жо Байден тус улсад үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар АНУ-ын Украинд үзүүлсэн тусламжийн нийт хэмжээ $1 тэрбумд хүрсэн байна.

Өчигдөр бас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин телевизээр үг хэлэхдээ Өрнөдийн эсрэг үзэл санаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр Өрнөдийнхөн худал мэдээ тарааж, дотоодод байгаа урвагчдаар дамжуулан Оросыг хуваахыг хичээж байгаа тухай ярьжээ.

Ингэхдээ тэр “тавдугаар цуваа” хэмээх нэр томьёог хэрэглэсэн нь улс үндэстнийг хорлох ажиллагааг гаднын санхүүжилтээр явуулж буй дотоодын бүлэглэлийг нэрлэсэн утгатай байв.

“Ямар ч ард түмэн, ялангуяа Оросын ард түмэн урвагчдаас жинхэнэ эх орончдыг ялгах чадвартай байдаг. Тэднийг аманд орсон ялаа шиг нулимж хаядаг билээ” гэж Путин яриад “нийгмээ дотроос нь цэвэрлэх явдал Оросын хүч чадлыг нэмэгдүүлнэ” гэж хэлжээ.

Эндээс үзвэл Путин Оросын дотоодод өөр үзэл бодолтой нийгмийн хэсгийг хавчин гадуурхах явдлаа улам эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байж болзошгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *