Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, сурталчлах, экспортонд зуучлах зорилго бүхий “Вансэмбэрүү-2017” үзэсгэлэн худалдааг Улаанбаатар төмөр замын үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн худалдааг өнгөрсөн жилээс УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нарын санаачилгаар “Митчелл сан”, “Ирээдүй хөгжлийн шийдэл” НҮТББ хамтран зохион байгуулж эхэлсэн.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд “БМ гутал”, “Хас” гутал, “Ньюгалакси”,“Шинэ сүлжээ кашимер” ХХК, “Ундрах урлан”, “SRB”, “Монгол эсгий эдлэл”, Тод оймс” зэрэг 45 аж ахуйн нэгж оролцож байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа хэлэхдээ: “Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сурталчлах, экспортын баримжаатай бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, эх орныхоо бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх хандлага бий болгоход туслах зорилгоор НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаатай хамтран “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг 2016 онд анх зохион байгуулсан билээ. Үзэсгэлэнгийн нэг онцлог нь оролцогчдын дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлаж уралдааны ялагчид гадаадын өндөр хөгжилтэй оронд бизнесийн туршлага судлах аяллын эрхээр шагнуулдаг.“Вансэмбэрүү 2017” үзэсгэлэн худалдааны зорилго шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг гадны зах зээлтэй холбох замаар Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэ удаа ч гэсэн шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулах бөгөөд Япон улсад болох Олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох эрхийн бичгийг гардуулна “гэлээ.
“Вансэмбэрүү-2017” үзэсгэлэн маргааш өндөрлөх бөгөөд энд гар урлал, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүнүүд, арьсан эдлэлийг дэлгэжээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа инновацийг нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэж буйгаараа онцлогтой болж байна.