Монгол Улс хүн амаа дархлаажуулахаар дөрвөн сая тун “Веросел”, 2.5 сая тун “Пфайзер” вакцин татан авсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболд чуулганы хуралдаан дээр нөөцөнд 1.7 сая тун “Пфайзер”, 890 мянган тун “Веросел” вакцин бийг онцолсон бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Нөөцөнд буй “Пфайзер” вакцины 800 мянган тунгийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. “Веросел” вакцины хугацаа 2023 онд дуусна” гэдгийг анхааруулсан. Энэ мэдээллийн дараа эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг дархлаажуулалтын вакциндаа идэвхтэй хамрагдахыг яаруулж, уриалсан билээ.
Харин ДЭМБ “Пфайзер” үйлдвэрлэгчийн вакцины хадгалалтын хүчинтэй хугацаа зургаан сар байсныг есөн сар болгож сунгасныг зарласан юм. Үүгээр энэ оны сүүлчээр хугацаа нь дуусах байсан нөөцөнд буй “Пфайзер” вакцины хугацаа ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдөр болчихож байгаа юм. Вакцины хадгалалтын хугацаа ингэж сунахаар угаас III тундаа сул хамрагдаж байсан монголчуудын хувьд вакцинжуулалтдаа улам хойрго хандах болов. Ямар ч байсан эхний хоёр тундаа идэвхтэй байсан шигээ яаравчлахгүй байна. Эхний тунд хүн амын 69.3 хувь буюу 2.2 сая хүн, II тунд 65.8 хувь буюу 2.1 сая хүн хамрагдсан бол дархлаа сэргээх III тунд дөнгөж 414.276 хүн хамрагдаад байна. Энэ бол Эрүүл мэндийн яамнаас аравдугаар сарын 31-ний өдөр буюу өчигдөр гаргасан албан ёсны тоо баримт.
III тунд хамрагдах идэвх, ирц туйлын хангалтгүй байгааг дээр дооргүй л ярьж байна. Мэргэжлийн хүмүүс, судлаачдын тооцооллоор есдүгээр сард нийтдээ сая гаруй хүн коронавирусийн халдвар авсан байх магадлалтай гэж ярьж байсан. Энэ таамаглал үнэн бол одоо бараг 1.5 сая хүн халдвар авчихсан байгаа болж таарч байна. Гэхдээ энэ бол таамаглал, албан бус тоо л доо. Харин албаны тоогоор нийтдээ 359.396 тохиолдол бүртгэгдээд байна гээд байгаа. Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал өөр байгааг иргэд цахим орчинд илэрхийлж, төр засгийн зүгээс явуулж буй арга хэмжээнүүд, эмнэлгүүдийн байдал зэрэгт шүүмжлэлтэй хандаж, нас баралт, тохиолдлын тоог зориуд дарж байна гэж хардан III тунд иргэдийг хамруулахын тулд дорвитой хөдлөхгүй байна гэцгээдэг.
“Өдрийн сонин” гол нийтлэл, сурвалжлагуудаараа удаа дараа сануулж, санал гаргаж бичсээр байгаа, иргэдийг III тунд нь хамруулахын тулд тэдэнд ойртож очиж үйлчилье гэж. Их, дээд сургуулийн үүд, хүн олноор цугладаг хөлийн газар, томоохон оффис, худалдааны төвийн гадаа вакцинжуулалтын явуулын цэгүүдийг байршуулъя, орц, хороолол, гудамжинд нь очиж вакцин тарья гэж бичсээр байгаа. Гэтэл яг ингэж тулж, ард түмний амьдрал дунд орж вакцинжуулж байгаа юм харагдахгүй байна. Энэ байдлаар байвал нөөцөн дэх вакцинууд маань тэр хэвээрээ хадгалагдсаар ирэх оны дөрөвдүгээр сар хүргэж мэднэ шүү.
Харин нөөцийн вакциныг ашиглаж вакцины жуулчлалыг дэмжиж болох санааг Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьсан. Тэрээр “Гадаадад байгаа монголчууд болон жуулчид вакцингүй орж ирээд Монголд вакцинаа хийлгэж болно гэдэг уриалгыг гаргаж болно. Төлбөртэй биш бөгөөд Монголд ирж жуулчилсны төлөө вакциныг нь үнэгүй хийнэ. Нэг үгээр хэлбэл, жуулчдыг татах сэдэл гэсэн үг” гэж ярьсан. Энэ санал, уриалгаар бол вакцины жуулчлал хөгжиж болох талтай. Тодорхой хэмжээний судалгаан дээр үндэслэж ийм үг дуугарсан байх.
Одоо манайд хоёр төрлийн вакцины хангалттай нөөц байна. Дуусах хугацаанд нь санаа зоволтгүй боллоо. Төр засгийн зүгээс ингээд уриалчихаж байгаа юм чинь хэдүүлээ уг уриалгын хүрээнд III тунгийн вакцинаа элэг нэгт буриад, халимаг, тува, өмнөд монголчууддаа үнэгүй хийгээд өгье. Юу байна түүгээрээ дайл гэдэг монгол ардын сайхан үг бий. Юу л байна вакцин л байна. Хилийн шалган дээр дулаахан, тохитой байр бэлдье. Халдвар хамгааллын дэглэмээ өндөр хэмжээнд мөрдөж ажиллахад элэг нэгтнүүд маань орж ирээд вакцинаа хийлгэчихээд буцаад гарчихаж болохоор цомхон зохицуулалтыг хийж өгч, улмаар эргэлт үүсгэе.
Урд, хойд хил дээр Чөлөөт бүс ч байгаа. Тэр газруудаа түшиц болгоод хилийн гаднах монголчуудаа вакцинжуулах орчныг нь хангалттай бүрдүүлж чадна даа.
Өмнөд монголчуудын хувьд цаанаа вакцин нь элбэг, дотроо том том үйлдвэртэй, дээрээсээ зохион байгуулалтаа ч сайн хийж байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ “Пфайзер” хийлгэх хүсэл сонирхолтой хүн байвал нааш хил рүү ирээд “Вакцин хийлгэе” гэвэл тариад өгчихье, “Пфайзер”-аа.
Хилийн гаднах монголчууд дундаас хойгуур нутагладаг, хиллэдэг Буриад, Тува, Халимаг, Алтайн монголчууддаа вакцинаар онцгойлон тусалмаар байна.
ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав, Алтанбулаг гэсэн авто замын боомтууд, Эрээнцав, Сүхбаатар гэсэн төмөр замын боомтууд бий. Алтанбулагийн боомт дээр Улаан-Үдийн буриадуудаа тарьчихаж болохоор л харагдаад байгаа юм. Тэд ойрхон учир эндээс худалдаж авсан хуучин “Пажеро” жийп, тэндээсээ худалдаж авсан “Лада”-ндаа суугаад л давхиж орж ирээд вакцин тариулчихна.
Алтайн хязгаарынхныг Баян-Өлгийн Цагааннуур боомт дээр вакцинжуулчихъя. Угаас хойгуур нутгийнхан маань элэг нэгтнүүдтэйгээ ойр байдгийг ч хэлэх үү, ийм мэдээ дуулгавал сүнгэнээд ороод ирнэ.
Яагаад хилийн гаднах монголчууд, тэр дундаа хойд хилээр нутагладаг монголчуудаа вакцинжуулъя гээд байгаа юм гэхээр хойд хөршийн вакцинууд нэг л бүтэл муутайдуу байх шиг байгаа юм. Тавын таван вакцинтай, дахин хэд хэдийг туршиж байгаа гэдэг ч одоо хүртэл бүртгүүлээгүй, иргэд нь вакцинаа тариулахгүй гэж эсэргүүцэж, хүчээр шахуу барьж, дарж аваад тарьж байгаа бичлэг их харагдах юм. Өвчлөл, тохиолдлын тоо нь нэмэгдэж өчигдрийн байдлаар нийт 8.4 сая тохиолдол бүртгэгдэж, нас баралт 237 мянгад хүрч нөхцөл байдал эргээд хүндэрсээр байна. Тийм учраас Москва болон бусад хотуудад энэ сарын 7-ныг хүртэл хөл хорио тогтоочихоод байгаа. Улс орон даяараа байдлыг хяналтдаа авах гэж хичээж, хүн ам олноор төвлөрдөг, олон сая хүн амтай хотууддаа анхаарал хандуулж байгаа энэ үед монгол гаралтай, зах хязгаараар нь нутагладаг хэдийг маань хэн л тоогоо аж.
Тэдэндээ энэ хүнд үед нь туслах боломж бидэнд гарч байна. Хилийн гаднах монголчууддаа “Монгол Улс III тунгийн вакцинаа та бүхэндээ зориулахаар болжээ” гэдэг баярт мэдээг дуулгах юмсан. Хилийн гаднах монголчууддаа вакцинаар туслах, вакцинжуулах нөөц, боломж Монгол Улсад хангалттай байна. Иргэдээ I, II тунд нь амжилттай хамруулсан туршлага ч байгаа учир энэ санал санаачилгыг нийтээрээ дэмжиж, уриалж, ажил хэрэг болгоё.