Categories
гадаад мэдээ

Вакцин хийлгэсэн Пакистаны Ерөнхий сайд халдвар авчээ

Пакистаны ерөнхий сайд Имран Хан коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, өөрийгөө тусгаарласныг өчигдөр тус улсын эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна.

Өдгөө 68 настай Хан үүнээс хоёр өдрийн өмнө буюу пүрэв гаригт Хятадын Синофарм вакцины эхний тунг тариулсан байна. Коронавирусийн эсрэг вакцинууд эхний тунгаас хойш хэдэн долоо хоногийн дараа дархлаа тогтоодог. Дархлаа бүрэн тогтох хүртэл хугацаанд коронавирусийн халдвар авах эрсдэлтэй байдаг аж.

Имран Хан эхний тунгаа тариулснаас хойш хурал уулзалтуудад олон удаа оролцож байжээ. Пакистаны крикетийн үндэсний шигшээ багийн ахлагч асан Имран Хан эрүүл чийрэг биетэйд тооцогддог тул “Covid-19” өвчнийг хөнгөн давах магадлалтай юм.

Тус улс гуравдугаар сарын 10-наас өндөр настнуудаа вакцинжуулж эхэлжээ. Дархлаажуулалтын хөтөлбөртөө Синофармаас гадна Хятадын CanSinoBio, Британийн AstraZeneca, Оросын Спутник V вакцинуудыг ашиглаж буй. Цар тахал эхэлсэн цагаас хойш Пакистанд халдварын 623.135 тохиолдол бүртгэгдэж, 13.799 хүн нас бараад байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *