Украин улсад айлчилсан ХБНГУ-ын канцлер А.Меркель болон Украины төрийн тэргүүн В.Зеленский нар ням гаригт хамтарсан мэдэгдэл хийв. В.Зеленский “Хойд урсгал 2” төслийг “ОХУ-ын геополитикийн зэвсэг” гэж харж буйгаа илэрхийлэн Украин төдийгүй Европт аюултай байж болохыг сэрэмжлүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд Балтын тэнгисийн доогуур урсах Оросын байгалийн хийн экспорт хоёр дахин нэмэгдэх юм. Тиймээс Москва бүс нутгийн эрчим хүчний салбарт өөрийн хяналтыг чангатгаж, нөлөөгөө бэхжүүлэхэд ойрхон байгааг Украины төрийн тэргүүн онцолжээ. Харин Германы канцлер А.Меркель “Хэрэв байгалийн хийг “зэвсэг” болгон ашиглавал Герман, АНУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу Москвад хориг арга хэмжээ авна” гэсэн байна.
Үүний зэрэгцээ В.Зеленский Украины хоолойгоор Оросын хий дамжуулах гэрээ гурван жилийн дараа дуусгавар болсноор тус улсын эдийн засаг хэрхэн хүнд байдалд орж болохыг сануулж, санаа зовниж буйгаа онцолжээ.
Харин А.Меркель Украины сэргээгдэх эрчим хүчний салбарыг өргөжүүлэхэд тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлэхээ илэрхийлсэн юм. Тэрбээр байгалийн хий, эрчим хүчний асуудлаар ОХУ-д хэт түшиглэхгүй гэдэг амлалт өгчээ.
Өнөөдрийн байдлаар ОХУ нь баруун Европын нийт байгалийн хийн хэрэглээний 40 хувийг дангаараа экспортолдог байна. Балтын тэнгисийг дамнасан “Хойд урсгал” төслийн өргөтгөл болох “Хойд урсгал 2” хоолойг ашиглалтад оруулснаар ОХУ-аас баруун Европын орнуудад экспортолдог 55 тэрбум шоо метр байгалийн хийн хэмжээ жилд 110 тэрбум шоо метр болж нэмэгдэх аж.
Дашрамд хэлэхэд, ХБНГУ-ын канцлер А.Меркелийн хувьд ирэх сард ХБНГУ-д болох сонгуулийн дараа 16 жил хашсан үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Украинд хийсэн түүний айлчлал нь канцлерын хувиар хийсэн сүүлчийн айлчлал болж байгаа юм. Тэрбээр уг айлчлалаас хоёр хоногийн өмнө ОХУ-ын нийслэл Москвад очин тус улсын төрийн тэргүүн В.Путинтэй уулзсан билээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР