Categories
гадаад мэдээ

В.Путин Узбекистаны 865 сая ам.долларын өрийг хүчингүй болгов

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Энэтхэг улсад айлчлахын өмнө Узбекистаны төрийн тэргүүн Ислам Каримовтой Ташкент хотноо уулзсан юм. Энэ үеэр тэрбээр Оросын талд төлөх ёстой Узбекистаны 865 сая ам.долларын өрийг хүчингүй болгосноо мэдэгджээ. Үндсэн 25 сая ам.долларын өрөө Узбекистан төлж барагдуулахаар болжээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд үүнтэй холбогдох бичиг баримтыг үзэглэсэн байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчид Афганистаны асуудлыг хэлэлцжээ. 1990 оны эхээр Узбекистан улс тусгаар тогтнолоо тунхагласны дараа Оросоос бараа бүтээгдэхүүн болон техник хэрэгслийг их хэмжээгээр зээлээр авсан нь аажимдаа өр болон хувирчээ.

ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭТХЭГТ АЙЛЧИЛЖ БАЙНА

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Энэтхэгт төрийн айлчлал хийж байна. Оросын Ерөнхийлөгчийн онгоц Дели хотын чухам аль нисэх онгоцны буудалд газардсан талаар мэдээлсэнгүй. Энэ удаад Орос, Энэтхэг хоёр батлан хамгаалах, эрчим хүч, худалдааны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. В.Путин тус улсад нэг хоног айлчлахдаа Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Кумар Мукерджи, Ерөнхий сайд Н.Моди нартай уулзаж хэлэлцээ хийжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ айлчлалын үеэр 20 гаруй гэрээнд гарын үсэг зурж, ялангуяа цөмийн салбарт идэвхтэй хамтран ажиллахаар болов.

ОХУ-ын Ерөнхийлөгч Азийн орнууд руу экспортолж буй газрын тос болон хийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ хэлж байсан. Европын эрчим хүчний хэрэглэгчдийн тоо нэмэгдэхгүй байгааг В.Путин онцолсон юм. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Европын холбооны гишүүн орнууд руу хий нийлүүлэх “Хойд урсгал” хоолойг тавих төслөөс ОХУ татгалзсан юм. Түүнээс гадна хоёр улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр болсон. Оросын төрийн тэргүүн Энэтхэгт байх хугацаандаа тус улсын ажил хэрэгч хүмүүстэй уулзаж дараа нь Олон улсын алмаз эрдэнийн чуулганд оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *