Categories
гадаад мэдээ

В.Путин Украиныг хуваах сонирхолтой байна || DNN.mn

ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх талаар ойрын үед бүх нийтийн санал хураалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа Украинаас салан тусгаарласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тэргүүн Леонид Пасечник сэтгүүлчдэд мэдэгджээ. “Ойрын үед бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр дээр ард түмэн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ОХУ-д нэгдэх талаар санал бодлоо илэрхийлэх бүх нийтийн санал хураалт зохион байгуулагдах байх гэж би бодож байна” гэж тэр хэлжээ. 2014 онд Крымийн хойгийг нэгтгэхдээ ОХУ-ын эрх баригчид мөн нутгийн иргэдийн дунд бүх нийтийн санал хураалт зохион байгуулж байсан юм.

Тэр үеэс хойш Украины дорнод хязгаарын орос хэлтэй хүн ам голлон суудаг Донецк, Луганск мужууд Киевийн захиргаанаас салан тусгаарлах хөдөлгөөнийг эхлүүлсэн юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дээрх мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны гэрээг тус тусын удирдагчидтай байгуулсан. Дараа нь 24-ний өдөр Донецк, Луганскийн удирдагчдын хүсэлтээр Донбассын ард иргэдийг хамгаалах “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлж байгаагаа Путин зарлаж байв. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсыг нь Умард, Өмнөд Солонгос шиг хоёр хуваах төлөвлөгөөтэй байгааг Украины цэргийн тагнуулын албаны дарга Кирило Буданов хэвлэлд мэдээлсэн байна.Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-ын эрх баригчид Украиныг эзлэх дайнд бэлдэж байгаа тухай анхааруулж байсан юм. Оросын тал эхлээд Киев хотыг эзэлж, Володимир Зеленскийн засгийн газрыг түлхэн унагах төлөвлөгөөтэй байсан ч одоо хэрэгжих боломжгүй болсон тул Украиныг хоёр хуваах шинэ стратеги рүү шилжсэн гэж үзэж байгаагаа Буданов хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. “Путин ажиллагааныхаа үндсэн чиглэлийг Украины өмнөд ба дорнод хэсэг рүү шилжүүлээд байна. Энэ бол Солонгос маягийн хуваагдлыг төлөвлөж байгаа гэдэгт итгэх шалтгаан юм.

Эзлэгдсэн болон эзлэгдээгүй хэсгээр нь манай улсыг хуваахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл Украинд Умард ба Өмнөд Солонгосыг үүсгэх гэж байна. Ямартаа ч тэр улсыг маань бүхэлд нь эзлэх төлөвлөгөөнөөсөө татгалзсан байх” гэж Буданов ярьжээ. Мөн Украины ерөнхийлөгчийн зөвлөх Олексий Арестович ярихдаа “Ойрын хоёр долоо хоногийн хугацаанд Оросын тал Киев, Харьковоос цэргээ татаж, Донбасст төвлөрүүлэх магадлалтай байна” гэсэн нь Будановын таамгийг баталсан хэрэг юм. Арестович цааш нь “Тэд одоо гурван зорилго тавиад байна. Нэгд, Донбасс дахь манай цэргүүдийг бүслэх, хоёрт, Мариуполийг эзлэх, гуравт, өмнөд хязгаарыг бүрэн эзлэх. Хэрвээ оросууд Херсон хотыг алдвал Мариуполийг эзлэх төлөвлөгөө нь нуран унах болно. Киев, Харьков, Одессыг эзлэх тухай тэд бүр мартана” гэсэн байна.

Өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Украинд явуулж буй ажиллагааных нь эхний хэсэг зорилгодоо хүрсэн тул Донбассын бүс нутгийг бүрэн чөлөөлөх дараагийн шатандаа шилжих болсныг мэдээлсэн. Оросын зэвсэгт хүчин Мариуполь хотыг эзлэхээр улайран довтолж байгаа нь Крымийг Донбассын бүс нутагтай хуурай газраар холбох зорилготой нь тодорхой байгаа юм. Гэхдээ Украины зэвсэгт хүчний болон эзлэгдсэн нутгийн ард иргэдийн ширүүн эсэргүүцэл Оросын төлөвлөгөөнд нэлээд саад учруулна гэдэгт ихэнх шинжээчид санал нэг байгаа юм. 1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайны дараа 38 дугаар өргөргөөр хуваагдсан Умард ба Өмнөд Солонгос улсууд бий болсон билээ.


ТОВЧХОН

Японы ерөнхий сайд Кишида Фүмио нефть болон эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өссөнтэй холбогдуулан үндэсний эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авахаар болжээ.Энэ тухай тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хагиуда Коичи Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. “Ерөнхий сайд Кишида түүхий нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор эдийн засгийг дэмжих багц арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Бидний хувьд эрчим хүчний эх үүсвэр, түүхий эдээр тогтвортой хангахад ямар нэгэн саад тотгор учруулахгүйн тулд худалдан авалтын эх үүсвэрээ төрөлжүүлнэ. Мөн бид жижиг, дунд үйлдвэрүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж тэрбээр хэлжээ. Хагиуда мөн шатахууны үнийг барьж, цаашид өсөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд шатахуун борлуулдаг компаниудад татаас олгох одоогийн арга хэмжээг дөрөвдүгээр сарыг дуустал сунгахаар болсныг мэдэгдэв. Энэхүү багц арга хэмжээг дөрөвдүгээр сард батлахаар төлөвлөж байгаа бөгөөд 5 их наяд йен буюу 40.2 тэрбум ам.долларын хэмжээтэй хөрөнгийг коронавирустэй тэмцэх нөөц сангаас гаргах юм. Мөн хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа үр тарианы үнийн өсөлттэй холбогдуулан авах арга хэмжээг уг багцад тусгахаар төлөвлөжээ.

l l l

Украины иргэд цэргийнхээ үйл ажиллагаанд цахим хэлбэрээр туслалцаа үзүүлэх болов. Дижитал чатбот болох “еВорог” буюу “e-Ene­my” нь Орос цэргүүдийн шилжилт хөдөлгөөн, техник хэрэгслийн тухай мэдээлэл агуулдаг юм байна. Тус “еВорог” чатбот нь “Tele­gram” аппликейшн дээр ажилладаг аж. Дайралт эхэлснээс хойш 200 мянга гаруй украин иргэн “еВорог” программыг ашиглан Орос цэргүүдийн байршил, тэдний техник хэрэгсэл, халдлагын талаар мэдээлэл өгчээ. Украинчуудын цахим хэлбэрээр олгосон мэдээллийн ачаар хамгаалагчид 16 мянга гаруй түрэмгийлэгчийг устгаж, дөрвөн мянга гаруй Орос тээврийн хэрэгслийг сөнөөсөн байна. Цахим орчноор худал мэдээлэл түгээх болсон тул Украины Дижитал хөгжлийн яам тус программыг бүтээсэн аж.

BBC.CNN. REUTERS. NHK. TASS. Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *