Лхагва гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өмнөд Украины Запорожье, Херсон мужуудын иргэдэд Оросын иргэний паспортыг хялбаржуулсан журмаар олгох зарлигт гарын үсэг зурсан байна.
Одоо Херсон муж бүхэлдээ, Запорожье мужийн зарим хэсэг Оросын цэргийн хяналтад байгаа юм.
“Бидний төлөө хийсэн бүхэнд нь, Оросын түүхэн газар нутгийг чөлөөлж, Орос иргэдийг хамгаалж буй ерөнхийлөгч Владимир Путинд бид маш их талархаж байна” гэж Москвагаас томилогдсон Херсон мужийн дэд захирагч Кирилл Стремоусов мэдэгджээ.
“Оросын аугаа том гэр бүлд нэгдэх хүсэлтэй” хүн бүрд туслахад бэлэн байгаагаа тэр РИА Новости агентлагт ярьсан байна.
Украинаас салан тусгаарласан Луганск, Донецкийн иргэдэд зориулсан ийм журмыг 2019 онд Путин бас баталж байжээ.
Ингэснээр Украины эзлэгдсэн нутгийн иргэд ОХУ-д амьдралгүйгээр, орос хэл мэддэгээ батлах, хөрөнгө мөнгөний баталгаа гаргах шаардлагагүйгээр паспорт авах боломжтой юм.
Даваа гарагт Херсон мужийн захиргаа төлбөр тооцоонд Украины гривнатай Оросын рублийг хамт хэрэглэх шийдвэр гаргасан байна.
Лхагва гарагт Запорожье мужийн Оросын цэрэгт эзлэгдсэн хэсэгт бас ийм шийдвэр гаргажээ.
Харин Киевийн засгийн газар өчигдөр Путиний гаргасан шийдвэрийг олон улсын хууль дүрмийг зөрчсөн, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хэмээн буруутгасан байна.
Эх сурвалж: Associated Press