ОХУ-ын тамирчид сэргээш хэрэглэсэн гэх мэдээлэл түгж, чамгүй шуугиан дэгдээсэн. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч В.Путин ирэх 2016 онд эх орноо төлөөлөн Рио де Жанейрогийн зуны олимпод оролцох баг тамирчдын дасгалжуулагчид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Тэрбээр уулзалтын үеэр мэдэгдэл хийж, анхааруулга өгсөн байна.
В.Путин Ерөнхийлөгч хэлэхдээ: “Спортын тэмцээнд сэргээш хэрэглэн амжилтад хүрч буй тамирчны хувьд дараа нь үүсэх бүх хариуцлагыг зөвхөн өөрөө хүлээнэ гэдгийг хатуу анхааруулъя. Түүнээс болж баг хамт олон болон бусад тамирчдын гаргасан амжилт хүчингүй болсон тохиолдолд тэрхүү хариуцлагыг сэргээш хэрэглэсэн тамирчинд мөн оногдуулах болно” гэжээ. Мөн тамирчид ямар аргаар сэргээш хэрэглэж байгааг болон энэ төрлийн бизнес эрхэлж буй хүмүүсийг илрүүлж хариуцлага тооцох үүрэг даалгавар өгчээ.