Categories
гадаад мэдээ цаг-үе

В.Путин, Жо Байден нарын уулзалт Женев хотноо эхэллээ

ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалт Швейцарийн Женев хотноо эхэллээ. Тодруулбал, тэдний уулзалт өчигдөр орон нутгийн цагаар 13.35 цагт Ла-Гранж виллад болсон байна. Энэхүү уулзалт нь хоёр орны харилцаа эрс муудсан үед болж буйгаараа онцлог юм. АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд юуны өмнө хоёр орны харилцаанд бугшсан олон ээдрээтэй асуудлуудыг хөндөх аж.

Жо Байдены хувьд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаа төрийн тэргүүний хувиар В.Путинтэй уулзаж байна. Урьд нь тэд 2011 онд уулзаж байсан билээ. Тухайн үед В.Путин ОХУ-ын ерөнхий сайд, харин Жо Байден АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байв.
Ажиглагчдын үзэж буйгаар, энэхүү уулзалт нь хоёр их гүрний харилцаанд гэнэтийн өөрчлөлт авчрахгүй ч хамтран ажиллах боломжтой чиглэлүүд, тухайлбал коронавируст цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, цахим аюулгүй байдал, Арктикийн бүс дэх цэргийн үйл ажиллагаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэлхийн зарим бүс нутгийн аюулгүй байдал зэрэг өргөн хүрээний асуудлыг авч хэлэлцэх нь тодорхой ажээ.
Үүнээс гадна хоёр орны удирдагчид мөн Ойрхи Дорнод, Сири, Ливи, Ираны цөмийн хөтөлбөр, Афганистан, Солонгосын хойг, Уулын Карабах, Украины байдал зэрэг дэлхийн бүс нутгийн хүндрэлтэй асуудлуудаар харилцан байр сууриа илэрхийлсэн байна. Мөн хоёр талыг харилцан цухалдуулж буй Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг, өдгөө шоронд хоригдож буй А.Навальныйн баривчилгаа, АНУ дахь ОХУ-ын дипломат өмчийг хураасан зэрэг олон асуудлыг хэлэлцэх аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *