Categories
мэдээ цаг-үе

В.Бэрцэцэг: Өсвөр үеийн хүүхдүүдийн ихэнх нь бусдыгаа гадаад үзэмжээр гадуурхдаг

-ХЭН Ч ТООЖ НАЙЗАЛДАГГҮЙ УЧРААС ХҮҮХДҮҮД АМИА ХОРЛОХТАЛААР БОДДОГ-

Үе тэнгийнхнээ дээрэлхэх үйлдлийг таслан зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үзүүлэх “Банхар” арт терапи төслийн нээлт өчигдөр боллоо.

Арт терапи гэдэг нь урлагт суурилсан сэтгэл зүйн засал юм. Төслийг боловсролын салбарт жишиг болгох үүднээс Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр, Монголын урлагийн Сэтгэл заслын мэргэжлийн холбооноос нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 48, 147 дугаар сургуульд нэг жилийн хугацаатай туршилтаар хэрэгжүүлнэ.

ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дахинаа хүүхэд, өсвөр үеийнхний 20 хувь нь буюу таван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байгаа бөгөөд сэтгэцийн эмгэгийн ихэнх нь хүүхэд, өсвөр насанд илэрч байна.

2017 онд гаргасан “Өсвөр үеийн дуу хоолой” судалгааны тайланд өсвөр насны хүүхдүүдийн 84.2 хувь нь дарамтлуулж шоовдорлуулж байсан. 40.7 хувь нь бусад хүүхэд шоовдорлуулж дээрэлхүүлж байхыг харсан. 37.9 хувь нь өнгөрсөн онд ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан. Хүүхдүүдийн 81.4 хувь хаанаас тусламж авахаа мэдэхгүй байна гэж хариулжээ.

Дээрэлхэж байгаа уг шалтгааны 5.1 хувь нь шашин шүтлэг, 5 хувь нь гэр бүлийн ядуу тарчиг байдал, 11.2 хувь нь насны ялгаатай холбоотой байгаа бол, 1.3 хувь нь ангид шинээр шилжиж ирсэн хүүхдийг дээрэлхэх, 18.3 хувь нь гадаад үзэмжээр ялгаварлан гадуурхах, 3.5 хувь нь хөгжлийн бэрхшээлийн улмаас харин 53.4 хувь нь бусад шалтгаанаар үе тэнгийнхэндээ дээрэлхүүлдэг байна.

Үе тэнгийнхний гадуурхалтын талаар сурагч Б.Болорцэцэг “Хичээл орж байхад хойноос номоор цохих, үснээс нь чирэх, цүнхийг нь нойлын өрөөний цонхоор шидэх үйлдлүүд болж байсан. Өөр ангиудад хүүхдийг царай зүс, өндөр, намаар нь ялгаварлаж шоглодог тохиолдол болж байсан” хэмээн хэлсэн юм.

Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбооны тэргүүн В.Бэрцэцэгтэй ярилцлаа.


-Хүүхдүүд нэгнийгээ шоглож дээрэлхсэнээс үүдэн амь насандаа аюул занал учруулсан талаар ямар нэгэн судалгаа бий юү?

-2018 онд нийт 1236 хүүхдээс судалгаа авахад амиа хорлох оролдлого 19.9 хувьтай, амиа хорлох талаар бодсон нь 12.4 хувь байсан. Харин амиа хорлохыг оролдсон тохиолдол 8.6 хувьтай байлаа. Мөн 4.5 хувь нь хэн ч намайг тоож найзалдаггүй учраас амиа хорлох талаар бодсон хэмээн хариулсан байдаг. Үе тэнгийнхний дээрэлхэлт дарамт охид, хөвгүүдэд ялгаатай. Тодруулбал, хөвгүүд ихэвчлэн бие махбодsн хүчирхийлэлд өртдөг. Харин охид доромжлуулж, сэтгэл санааны хувьд хүчирхийлэлд өртдөг.

-Ямар ямар шалтгаанаар улмаас үе тэнгийнхнээ шоглож дээрэлхдэг юм бол?

-Хүүхдүүдийн 18.3 хувь нь гадаад үзэмжээр ялгаварладаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дээрэлхэх хувь нь 3.5 хувьтай байгаа юм. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй гэж гарсан. Уг эмгэг өсвөр насныханд илүү илэрч байгааг ч тогтоосон. Хүн яаж ч төрж болно шүү дээ. Тиймээс бусдыгаа гаднаас нь хараад онцолж, шоглож хэзээ ч болохгүй. Хамгийн гол нь харагдах үзэмж биш, сэтгэл зүрхний үнэ цэнийг хүүхдэд ойлгуулах нь чухал. Нийт хүүхдүүдийн 92.9 хувь нь хүүхэд нэгнээ дээрэлхэх, цахим орчинд нэг нэгнээ зогсоох арга хэмжээг авах хэрэгтэй гэж үзэж байна.

-Таны хувьд хүмүүсийн сэтгэл зүйтэй тулж ажилладаг. Тэгвэл Тулгамдсан асуудлаа яриад ирсэн хүүхдүүдийн жишээг хуваалцвал?

-Өсвөр насны хүүхэдтэй нэгэн гэр бүл манайд хандаж байсан.

Тэр хүүхэд “Би заримдаа ямар ч утгагүй амьдраад байгаа, аав ээж маань намайг шоовдорлоно, ад үзнэ. Дандаа сургууль дамжуулж сургадаг болохоор би найз нөхөдгүй” гэж хариулж байлаа. Тэр охин найзтай байхын тулд аав ээжийнхээ түрийвчнээс 70 мянга, 90 мянга сүүлдээ 200 мянган төгрөг хулгай хийж баригдсан. Ингээд аав, ээж нь бидэнд хандсан л даа. Охин найзтай байхын тулд мөнгөтэй явах ёстой гэж бодсон байгаа юм. Гэр бүлтэй нь найман удаа ажиллаад хамгийн сүүлд эцэг эх нь бид өөрсдөө хэргийн эзэд байжээ гэж хэлсэн. Ингээд тэд хүүхэдтэйгээ харилцах аргаа өөрчлөхөд эерэг үр дүн авчирсан байдаг. Охин нь, аав ээж маань надад гоё ханддаг, найз нартайгаа ч сайхан харилцаатай болсон гэж хэлсэн.

-Эцэг эхийн тухайд өсвөр үеийн хүүхэдтэйгээ хэрхэн харилцах хэрэгтэй вэ?

-Хүүхдээ дэмжиж магтаж, зөвлөгөө өгөх хэрэгтэй. Тухайн хүүхдийн сургуулийн орчинд асуудал гарахад аав ээжийнхээ зөвлөгөөг санаад бэрхшээлийг давж гарах боломжтой. Ингэснээр нийгэмд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гарахаас нэг хүн ч гэсэн урьдчилан сэргийлэх юм.

-Өсвөр насны хүүхдүүд бусдыгаа царай зүсээр хамгийн их ялгаварлан гадуурхдаг юм байна. Тэгвэл гадаадын судалгааг та харж үзэв үү?

-Гадаадын судалгаанд ч ялгаагүй. Энэ гадуурхал доромжлолын хувьд бие махбодын хүчирхийлэл нь илүү байгаа юм.

-Ялгаварлан гадуурхалт хувийн сургуулиудад илүү ажиглагдаж байгаа талаар цагдаагийн хошууч Д.Будзаан хэлж байсан?

-Яг үнэн. Тэр чинь арай өөр мэдрэмжтэй үнэ цэнийг хүүхдэдээ суулгасан гэсэн үг. Энэ чинь хүндэтгэлгүй хандлага шүү дээ. Өөрөөр хэлбэл, мөнгийг нэгдүгээрт тавьснаас үүдэлтэй болов уу. Үүнийг би өөрийн амьдралын жишээнээс ч харсан. Манай охин тавдугаар ангидаа оны онцлох сурагч болоод улмаар анги дэвшихдээ нэгэн олон улсын сургуульд орсон юм. Тэнд санаачилга гаргаад юм хийх гэхээр “Чам шиг балай юм хэрэггүй” гээд л доош нь татдаг байлаа. Бүр хорон хорон асуудлууд зарим хувийн сургуулиудаас гардаг юм билээ. Тийм учраас хүүхдээ гаргаад авчихсан. Хувийн сургуульд магадгүй гадаад үзэмж, эдийн засгийн асуудал, итгэл үнэмшлээр нь ялгаварлаж байхыг үгүйсгэхгүй. Гэр бүл нь ядуу тарчиг байвал энэ хүүхэдтэй найзлахгүй гэдэг ч юм уу.

-Хүүхдийн хүмүүжилд хүрээлэл чухал нөлөөтэй гэдэг?

-Тэд хүүхдүүдтэйгээ ажиллаж чадахгүй байна. Өөртөө дэндүү том мөрөөдөл тавьчихаад хүүхдээ хүнээр хүмүүмжүүлснээс үүдэлтэй байх. Ерөөс үр хүүхдээ төрсөн эцэг эх нь л сайн хүн болгоно шүү дээ.

-Ялгаварлан гадуурхах үзэл нийгмийн давхаргатай холбоотой гэсэн үг үү?

-Эдийн засгийн боломж, эсвэл гадаад үзэмжээрээ зарим хүүхдүүд найзалж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, зэрэглэл гаргаад байна гэсэн үг. Жишээ нь, эцэг эхийн албан тушаалтай холбоотойгоор эдийн засгийн бололцоотой нэг нь хэсэг найзалж, зарим нь сонирхлоороо нэгдэх тохиолдол ч бий. Бид өнөөдрийн нийгмийн хандлагыг арай өөрчлөх хэрэгтэй. Хүний амьдралд ямар ч зүйл тохиолдож болно. Түүнийг даван туулах чадварыг нь сайжруулах чиглэлээр хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлдэх ёстой гэсэн үг. Та өнөөдөр мөнгөтэй байж болох ч, ирээдүйд таны хүүхэд ядуу амьдрах эрсдэлтэй. Тиймээс даван туулах чадварт сургаагүй, ирээдүйн зорилго мөрөөдлийнх нь талаар хүүхэдтэйгээ яриагүй бол хэцүү.

-Тэгвэл бусдыгаа өнгө зүс, элдэв зүйлээр нь дээрэлхсэн хүүхдийн хандлагыг хэрхэн засах хэрэгтэй вэ?

-Хандлагыг нэг удаагийн зөвлөгөөгөөр хэзээ ч өөрчлөхгүй. Арт терапигийн нэг бүлэгт 6-8 хүүхэд бий, тэдэнтэй удаа дараа уулзалт хийдэг. Эхлээд өөртэйгөө танилцах, дараа нь дотоод мэдрэмжээ ойлгох хэрэгтэй. Энэ мэдрэмжээ яаж эерэгээр удирдаж нийгэмд дасан зохицох, хэрэв бусдын мэдрэмжийг ойлгосон бол эерэгээр харилцаж сурах, асуудал тулгарахад даван туулах чадвар гэх мэтчилэн чухал зүйлс бий. Ерөөс хамт олон, багш эцэг эх нь хүүхдийнхээ давуу талыг нь хэлэхгүй бол тэр өөрийн үнэ цэнийг мэдэхгүй шүү дээ. Хүн бүр дахин давтагдашгүй учраас аливааг хүлээн зөвшөөрөх ухамсрыг хүүхдүүдэд суулгах хэрэгтэй байгаа юм. Ерөөс үе тэнгийн дээрэлхэлт үйлдэгч, хохирогч болон гэрч гэсэн гурван талыг хамарна.

-Ажиглагчийн байр сууринаас хандаж “гэрч”-ийн оролцоотой хүүхдүүд байдаг талаар ярилаа?

-Анзаараад байгаа хэрнээ үйлдэл хийхгүй бол нэг найз нь хохирох учраас хэрэв би тусалбал хоёр найзыгаа эвлрүүлээд “баатар” болбол сэтгэл хангалуун, аз жаргалтай байна шүү дээ. Бусдын зовлонг ойлгож мэдрээд үйлдэл хийчихвэл баатар болж болно гэдгийг харуулах нь зүйтэй. Өнөөдөр хичээлдээ явах дургүй болно. Маргааш хичээлээ тасална. Нөгөөдөр муухай үг хэлдэг болно, дараа нь магадгүй архи ууж, тамхи татах эрсдэлтэй. Тийм учраас асуудалд орсон найздаа туслах бүлгэм л хэрэгтэй.

-Сэтгэл зүйн хямралд өртсөн хүүхэдтэй хэрхэн харилцах шаардлагатай вэ?

-Арт терапи хэзээ ч “яагаад” гэж асуудаггүй. Ингэж асуухаар хүнийг шүүмжлэх хандлагатай болдог. Хүний амьдралд юу ч тохиож болно. Тийм учраас тайван, энгийнээр дотоод сэтгэлээ өөрөө ухаж ойлгох боломжийг олгох хэрэгтэй. Анхны арт терапиг өнгөрсөн жилийн намар хэрэгжүүлж ажиллахад, амиа хорлох эрсдэлтэй олон өсвөр насныхан ирсэн. Харин цаг агаар дулаарахад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд их ирж байгаа. Тэдний айдас түгшүүр дээд зэрэгтээ хүрсэн байдаг. Энэ үед хэзээ ч “яагаад” гэж асууж болохгүй. Бид дор хаяж гурван удаа уулзах зорилго тавьсан. Урлагийн төрөл хэрэгсэл, аргууд нь тэдгээр хүүхдийг тайвшруулдаг, ирээдүйд нь итгэлтэй болгох, дахин хүчирхийлэлд өртөхгүйн тулд өөрөө ямар харилцаатай байх ёстой юм бэ гэдгийг ойлгуулж өгөх төсөл байсан. Тайван байх зуураа өөрийгөө илэрхийлнэ гэдэг бол агуу зүйл юм шүү дээ.Хамгийн гол нь гарц гаргалгааг хүн өөрөө л олдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн өөрөө амьдралынхаа баатар байдаг.

-Арт терапи буюу урлагт суурилсан сэтгэл зүйн засал гэдгийг тайлбарлавал?

-Бид зөвхөн сэтгэл зүйн хувьд биш бие махбодьтой нь цогцоор нь ажилладаг. Арт терапи гэдгийг дуу дуулуулж, хошин шог ярьдаг гэж ойлгож болохгүй, хэцүү мэдрэмжийг нь зураг зуруулаад оношилдог юм биш. Амьдралдаа тохиолдсон зүйлийг өнгө дүрсээр илэрхийлэн гаргах явцдаа тайвширч, өөрөө тайлал нь болдог. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн зовуурийг илэрхийлүүлэх арга техникийг хэрэглэж, зан чанарт нь эерэг өөрчлөлт авчрах тал руу чиглүүлдэг. Тийм учраас нэг удаагийн үйл ажиллагаа биш.

-Эд хөрөнгө бус хувь хүний үнэт чанарыг амьдралынхаа мөрдлөг болгосноор хүүхэд нь ч эцэг эхээсээ суралцах байх?

-Та ирээдүйд ямар хүнээр өөрийнхөө хөлийг хучуулж, асрамж хайранд нь байхыг хүсч байна вэ. Яг тэр хүүхдийг өнөөдөр та сургаж байгаа. Тиймээс хүүхдийнхээ давуу талыг товойлгож хэлж өгч, асуудал гарвал давж гарч чадах итгэлийн галыг асааж өгвөл ирээдүйд ямар ч асуудал тулгарсан даван туулах чадвартай болно.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *