Categories
мэдээ цаг-үе

В.Баярсайхан: Хувьцаанаас босгон таван тэрбум төгрөгийг шинэ зээлд олгоно

Монголын хөрөнгийн биржийн 2018 оны анхны IPO болох “ЛэндМН” компанийн хувьцааны захиалга өчигдрөөс эхэллээ.Хувьцааны захиалгыг нээх цан цохих ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн албан тушаалтнууд оролцов. Нээлтэд “ЛэндМН” ХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Батсүх “ЛэндМН компани хувьцаагаа гаргахдаа салбарын хэмжээнд сайн жишиг тогтооход анхаарна” гэж хэлэв. “ЛэндМН” хувьцааны талаар “АНД глобал” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, -Лэнд МН” хувьцааны төслийн удирдагч В.Баярсайханаас тодрууллаа.


-Танай компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?

-“ЛэндМН” бол БСББ. Бид шуурхай зээлийн үйлчилгээ үзүүлэх финтек компани.

-Финтек гэдэг нь юу гэсэн үг вэ?

– Финтек гэдэг нь санхүүгийн үйлчилгээг технологийн үйлчилгээтэй шуурхай үзүүлдэг үйлчилгээний хэлбэр. Энэ нь хүн бүрт өгөөжтэй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл гар утастай хүн бүр хаанаас ч энэ үйлчилгээг авах боломжтой.

-Хэдэн төгрөгийн хувьцаа гаргаж байна?

-Нийтдээ таван тэрбум төгрөгийн хувьцааг гуравдугаар сарын 7-ныг хүртэл арилжина. Анхдагч арилжааны үнэ 25 төгрөг. Манай хувьцааг гар утаснаасаа, брокерын салбарууд, манай компани дээр ирж авч болно.

-Хөрөнгө оруулалтыг юунд зориулах вэ?

-Манай компани зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани. Тийм учраас хувьцаанаас орсон хөрөнгийг шинэ олгох зээлд зориулна.

-Зээлдэгчид нэмэгдэж байна гэсэн үг үү?

-Зээлдэгчдийн тоо хурдтай өсөж байгаа. Бидний тооцоогоор 2018 онд 18 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс таван тэрбум төгрөгийг хувьцаанаас босгож байна.

-Өнөөдрөөс эхлээд хувьцаа авсан иргэд ББСБ-ын хувьцаатай боллоо гэж ойлгож болох уу?

-Болно. Манайх Монголд анх удаа хувьцаат компани болж байгаа ББСБ.

-БНСУ-ын иргэдтэй ямар харьцаатай вэ?

– Өнөөдрийн гаргаж байгаа таван тэрбум төгрөгийн бондыг стратегийн болон энгийн гэж хоёр хувааж байгаа юм. Өнөөдрийн гаргаж байгаа хувьцааны тал стратегийн томоохон хөрөнгө оруулагчдад очно. Тэд их хэмжээний, урт хугацаатай хөрөнгө оруулалт хийх сонирхолтой компаниуд байгаа юм.Энэ утгаараа өнөөдөр солонгосын Rhinos Asset Menejment компани нэг тэрбум төгрөгний хувьцааг авч байгаа.

-Энэ хэр найдвартай компани бол?

-Энэ бол хөрөнгө оруулалтын мэргэжлийн компани. Дэлхийн 170 оронд 1.7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн компани.

– Нууц биш бол өнгөрсөн хугацаанд хэр үр дүнд хүрэв?

-Одоо манай компанид нууц зүйл байхгүй болсон. Хувьцаат компанид нууцлах зүйл байх ёсгүй. Манай байгууллагын үйлчилгээ 2017 оны нэгдүгээр сараас олон нийтэд хүрч эхэлсэн. Дөрөвдүгээр сараас эхлээд албан ёсны үйл ажиллагаа явуулсан. 2017 онд хөрөнгө оруулалтаа нөөөд 30 сая төгрөгийн ашигтай ажилласан. Оны өмнө бид 23 мянган хэрэглэгчтэй болсон. Өнөөдөр энэ тоо нэлээд өссөн.

-Цахимаар зээл авна гэдэг нь биткойнтой адил сонсогдоод байна.

-Биткойнтой огт адилгүй. Бусад бүх хувьцаатай адилхан хувьцаа. Авах өгөх хэлбэр нь цахим болохоос бусад бүх ажиллагаа нь ердийн хувьцаатай адилхан.

-Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн хүндрэл үүссэн үү?

-Бидний ажигласнаар монголчууд шинэ зүйлийг соргогоор хүлээж авдаг. Гэхдээ цаана нь ямар нэгэн айдас байдаг.

-Өмнө нь ХЗХ, Жавхланг бадруулагч гээд томоохон дуулианууд дэгдсэн.

-Харин тийм. Түүнтэй ч холбоотой байх. Мөн ийм үйлчилгээ байдагт эргэлзэх, ялангуяа манай ББСБ-ууд ойлгоход нэлээд хугацаа орсон. Шинэ хэлбэрийн үйлчилгээ нь ямар нэгэн хардалт үүсгээд, тэр хардалт нь цочирдолт болоод жаахан хугацаа алдсан тал бий. Гэхдээ монголчууд юмны амтанд орохдоо их амархан. Нэг удаа хэрэглэж үзээд л дахин ашиглана. Бусдад түгээнэ.

– Гүйлгээний баталгаа нь юу вэ?

– Бид банкууд, ББСБ-уудтай хамтарч ажилладаг. Гүйлгээний баталгаа банкны билл. Гүйлгээ банкуудаар л дамжиж хийгдэнэ.

-Банкууд танай өрсөлдөгчид үү?

-Үгүй харин ч хамтрагчид.

-Та нар зээл тараах өрсөлдөөнд байгаа биз дээ?

-Банкуудын өндөр зардалтай жижиг зээлийг маш бага зардлаар илүү олон хүнд хүргэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *