Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Баянзүрхийн товчооноос цааш жаахан тонгойход л өөдөөс улаан шороо босч байна. Ачааны машинууд жижиг тэрэгтэй урд хойноо орж давхиад бартаат замын уралдаан болж байх нь тэр ээ, Налайхын замд. Наадам дөхсөн нарлаг өдрүүдэд хурдан морины өнгө шинжихээр зорьсон ч төмөр хүлгийн уралдаан биднийг тослоо. Хажуухан тийшээ хазайгаад Хонхорын хөндий рүү эргэвэл хорвоо дэлхий өнгөө сайхан засчээ. Аагим халуунд ногоон будаг цацчихсан юм шиг талаар салхи татуулан давхиж Төрхурхын аманд очвол гурван асар бариад тарга тэвээргээ авсан есөн шарга адууг бариад сойчихсон байна. Төрийн есөн хөлт цагаан тугийг залах морьдыг бэлтгэж байгаа нь энэ аж.
Богд уулын зүүн бэлээр төмөр зам дагаад 10 гаруй уяач гэр бариад морьдоо сойчихсон байгаа харагдлаа. Морь хөлсөлж байгаа хүүхдүүдийн араас мотоцикльтой хижээл насны эр дагаж өндөр дуугаар хашгирч зөвлөгөө өгөх аж. Морины уяан дээр түр саатаж өвгөн уяачдын үг чагнавал “Наадмаар Наранхүүгийн бидэрт халиуны уяа сойлго жигдэрсэн харагдсан даа. Амьтан битгий хэл жигүүртэнд ч гүйцэгдэхгүй биз.
Төрчихсөн амьтан шүү дээ”, “Даваахүү манлайн Наран хонгор өнгөрсөн жилийн “даагаа нэхэх” юм биш үү. Хөл нь саарах яагаа ч үгүй биз дээ”. “Дүү хээрийг ч айргаас хасч болохгүй” гэх мэтээр өөр хоорондоо таавар дэвшүүлэн хууч хөөрч байлаа. Унаач хүүхдүүд цангинатал гийнгоолж уяагаа тойрох нь монгол наадам хажууханд айлссаныг дахин сануулах шиг. Өвгөн уяачдын үгнээс наадмын таавар хол зөрөхгүй биз ээ. Цааш хөдөлж чандмалж буусан цэвэрхэн гурван гэрийн үүдэнд зогсвол улаан дээлтэй 50 эргэм насны эр биднийг тоссон нь Монгол Улсын алдарт уяач Ажгаагийн Алтангадас байлаа.
“Хонхорын хөндийд ногоо эрт цухуйсан юм. Сүүлийн хэдэн өдөр халуун нар шарчихлаа. Буцаад л хуурайших гээд байна шүү. Тоос шороо нь их юм. Зам барилгын ажилтай холбоотой юм байлгүй дээ. Барьж байгуулахгүй гээд ч яах вэ дээ. Улс орны минь хөгжил урагшилж л байвал бид яахав” гэлээ.
Хоёр туузанд дүүрэн медаль өлгөөд хоймортоо залчихжээ. Хоёр талаар сураар гоёмсог зангидаж мөнгөөр чимэглэсэн хазаараа эмээлэндээ тохоод эгнүүлээд өрчихсөн байв. Медальтай туузныхаа баруун талд хурдан халзангийн төл аварга хээр азарганыхаа том зургийг залчихсан нь нүдэнд туслаа.
А.Алтангадас манлайн хурдан халзан азарга төрийн наадмын хоёр түрүүг хүртэж Халхад танигдсан түүхтэй. Халзангийн төл аварга хээр ч халхын хурдан хүлгүүдтэй эн тэнцүүхэн уралдаж, улс бүсийн наадмаас олон удаа айраг амссан билээ.
“Би чинь Архангайн Эрдэнэмандалд төрсөн хүн. Аав минь морь хар гэж явсангүй. Ах нь зэвсэгт хүчний 314 дүгээр ангид насаараа шахуу ажилласан даа. Тод манлай уяач Ц.Аюуш багш манай салааны дарга байлаа. Намайг моринд дурлуулсан хүн шүү дээ. Хүү маань төрөхөд “Хүүтэй хүн гүүтэй байдаг юм” гээд цэргээс дөнгөж халагдсан надад Д.Гарамжав гуйгаас хээр алаг гүү авч өглөө. 1989 оны зун Багахангайн наадам Энгэрийн булаг гэдэг газар болсон юм. Аюуш багштайгаа очлоо. Онон гэж залуухан хүүгийн уясан гурван ч хүлэг торгон жолоо өргүүлж шагшигдаж байна. Багш маань унаж очсон морио тавьтал айрагдчихдаг юм байна. Буцаж явахдаа “Төрийн наадамд морь оруулчихаад шогшиж байвал мөн ч сайхан даа” гэж инээлдэж явсан нь хожим биеллээ олсон шүү” гээд инээмсэглэв.
Хурдан халзан азаргатайгаа хэрхэн учирсан талаар тодруулбал “Энгэрийн булагт болсон наадмын үеэр өнөөдрийн цуут уяач Ононтой танилцсан юм. Азарган үрээтэй болох хүслээ хэлбэл толгой дохидог юм байна. Тэр дор нь адуун дээр нь очтол гурван халзан үрээ захлаад зогсож байна. Өөдөөс хараад эвшээсэн адууг нь бэлгэшээдэг зааж орхилоо. Онон манлай ч 2500 төгрөг гэж дуугарч байна. Цэргийн албан хаагчийн таван сарын цалин шүү дээ. Моринд хэтэрхий дуртайдаа л авсан юм” хэмээв.
Халзан азарга соёолон насандаа Төрхурхын Сангийн аж ахуйн наадамд хол тасархай түрүүлсэн нь уяач хүлэг хоёрын амжилтын эх нь байжээ. Тус наадамд өнөөгийн дархан аварга А.Сүхбат жаахан хүү байхдаа очиж барилдаж түрүүлснээр ирээдүйн их амжилтын гараагаа эхлүүлсэн гэнэ.
Таван цалингаараа худалдаж авсан халзан азарга нь 1996, 1997 оны улсын наадмуудад түрүүлж эзнээ алдарт өргөжээ. Халзангийн төл аварга хээр азарга нь улс бүсийн чанартай олон наадамд хурдалж эзнээ баярлуулжээ. Өдгөө 20 настай азарга адуундаа идээшилж байна лээ.
Алдарт уяач А.Алтангадас “Өнөө жил морьдоо зургадугаар сарын 6-нд барьсан. Тавдугаар сар гартал хурдан морьдын уралдааныг хорих шийдвэрийг ЗГ-аас гаргасан. Энэ шийдвэрийг би хувьдаа зөв гэж хардаг юм. Ер нь өвөл газар хөлдүү үед морь уралдуулахад хөлийг нь авчихдаг. Алдарт шарга азарга өвөл уралдаж байсан удаа үгүй. Хөвсгөлийн халиун азарга өвөл зунгүй л давхиад байсан. Ганц хүнийг алдарт болгоод л хойш сууж байгааг уяачид харж байна. Даваахүү манлай ч “Наран хонгор” азаргаа өвөл хаврын уралдаанд мордуулдаггүй. Олон наадмаас айраг амсаж байна шүү дээ, “Наран хонгор”. Ахиад ч хэдэн жил дээгүүр давхих байх. Залуу уяачид маань шуналтаад л морио гамнахгүй байна. Өвөл хаврын наадамд хамаагүй мордуулаад хөлийг нь авчихаж байна. Дээрээс нь моринд дөргүй хүүхдүүдээр унуулах юм. Өнөө хэд нь бүдрэхэд нь л ойчоод өгнө. Энэ нь уяач нарын нэр хүндийг нийгэмд муухай харагдуулж байгаа юм. Адууны дэргэд өссөн хүүхэд мориноос яаж унахаа мэддэг, ядаж л гар хөлөө хугалдаггүй юм шүү” гэж ярилаа.
Энэ жил Алтангадас манлай том, жижиг наадмуудад очилгүй хүлээж байгаад улсын наадмаа зорихоор төлөвлөжээ. Азарга, их нас, соёолон тус бүр гурвыг сойчихсон байна. “Одоо цагт бага насны цэвэр монгол адууг том наадамд уяна гэдэг амьтан тамлах л ажил болсон доо. Эрлийз цустай адууг бага зайд монгол адуу яагаад ч гүйцэхгүй. Дээд насны адууг газрын холдоо гүйцэх боломжтой. Тэвчээрээр бол эрлийз адууг дагуулахгүй. Ер нь монгол наадамд эрлийз адуу эрт үеэс л уралдаж түрүүлж, айрагдаж ирсэн байдаг. Тэр үед уяачид нь өнөөдрийнх шиг хэл ам хийдэггүй байсан байхгүй юу. Зүүнхараа, Батсүмбэр гээд газруудаас томсокнуудын төл ирж уралдаад л түрүүлж байсан тохиолдол олон” гэж ярилаа. Тэрбээр үргэлжлүүлэн “Эрлийз адуу зах замбараагаа алдахаар хөдөөгийн хөх уяачид хохироод байна даа. Нэг насанд гэхэд 1000 адуу мордож байсан тохиолдол олон шүү дээ. Хэдэн сарын өмнөөс адуугаа туугаад зуун зуун км-ийг туулж төрийн наадмаа зорьдог уяачид алга болж. Өнөөдөр хамгийн олондоо морьдын тоо 300 шүргэж байна” гэж ярилаа.
Уяандаа дүүхэлзэж тогтож ядсан азарга сойгдож буй нь Говийн бүсийн даншигт айрагдсан хурдан хүрэн азарга нь ажээ. Алтан гадас уяач азаргаа улсдаа дээгүүр давхичих болов уу гэж төрийн сүлдэндээ залбирч суугаа бололтой. Явдлыг нь анхааралтай ажиглах юм.
Мөн энэ уяанд төрийн наадмын түрүү Тэмүүлэнгиин дөлгөөн хар азарганы төл буурал хязаалан сойгдож байна. “Буурал хязаалангийн маань уяа эвлэг сайхан таарсан. Итгэл хүлээлгэж байгаа хүлгүүдийн маань нэг. Холдоо бол мундаг их морь болох байх гэж хардаг юм” гэв.
Д.Гарамжавын өсгий цагаан халтар, Дамдинсүрэнгийн хилэн хар, том халтар зэрэг түүхэнд тодоор бичигдэж үлдсэн хүлгүүдийн торнисон газар Богд уулын зүүн хойд бэл Шавартын аманд сайд Ч.Улаан тэргүүтэй олон арван уяачид айлсаж морьдынхоо уяа сойлгыг тааруулж байна. Энд ч дэлгэр сайхан зун болж байна. Төрийн наадмын түрүү хүлэг олон жилийн дараа Налайхын голын хөндийгөөс тодорч мэдэх юм шүү. Ногоо эрт зуусан адуу л дийлж уралддаг талаар ахмад уяачид хуучилдаг. Энд таван сарын эхээр л ногоо цухуйсан гэнэ лээ.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН