Categories
мэдээ спорт

Уяачдын галууд хаагуур байна…?

Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Морины хорхойтнууд маань сэтгэл догдлон наадмаа хүлээж буй… Уяачид маань буудал суудалдаа төвхнөчихсөн морьдынхоо уяа сойлгыг тааруулж байна. 25-аас давхил эхэлнэ.

Уяачдын галууд Хүй долоон худгийн Цагаан хөтөл, Төв аймгийн Сэргэлэн сум, Авдарын уул, Ээж хад, Долоон, Сүжиг, Бухан сэрүүн, Ногоон даваа орчмоор гарцгаажээ. Бага цагаан хөтлийн орчмоор Тод манлай уяач Дугараа, ААУ Т.Ихбаярын Хүй мандал гал уяа, хурдан хонгор азаргаа Их хурдад айрагдуулж, төвийн бүсэд түрүүлгэсэн Дамбын Баяраа, хурдан хүрэн үрээгээ төвийн бүсэд айрагдуулсан Батмөнхийн Шагдаржав, хурдан буурал морьтой Шаравын Мөнгөншагай нарын уяачид одоогоор бууцгаагаад байна. Максынхан тэднээс жаахан цаашлаад хуучин буудагтаа буусан гэнэ лээ. Харин урд энгэрээдээ буюу Галзуу харын худгийн урдруу МУАУ Батчулууны Ерөөлт, МУАУ Түвдэнгийн Батцоож нарын уяачид буусан байна. Долоон худгаас зүүн хойш 61-ын гармын тэрээд Алдарт уяач Гордоогийн Дорпүрэв тэргүүтэй уяачид бас бий.

Сэргэлэн сумын баруун урдруу Тод манлай уяач Ц.Дуламсүрэн, Манлай уяач Батчулууны Мөнхтөр, ААУ Сантүндэвийн Хэрлэн, Ажнай шарга гал, хурдан хар азаргатай Ч.Гансум нарын уяаныхан байгаа сурагтай. Харин замын баруун талдаа буюу Долоон, Ногоон даваа, Бухан сэрүүнээр Тод манлай уяач Д.Онон, Э.Эрдэнэчулуун, Д.Мөнхбатаа, А.Батсүх, Ц.Хэнмэдэх, Манлай уяач “дааган” Цэндээ, Дамбын Хишигжаргал, Д.Одгэрэл, Алдарт уяач Жамбалсүрэн, ААУ Саашкагийн Эрдэнэбат нарын тэргүүтэй уяачид буудалцгааж. ХХ зууны манлай хүлэгч, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нарын уяа Ээж хадны хойд араад байгаа гэнэ. Сэргэлэн сумын хойдруу буюу Өгөөмрөөд Б.Билэгдэмбэрэл манлай, хурдан цавьдар азаргатай Ц.Энхбат нарын уяа байгаа сурагтай.

Багахангайн зүүн талруу бас олон уяачид бий… Агт-Эрдэнэ галынхан, МУАУ Ц.Цэрэнбал, С.Ганзориг, НАУ Б.Дашдорж, Б.Саранхүү, С.Шинэбаатар нар Багахангайд байгаа. Тэнд улсын наадмын өнгө тодорхойлох томоохон сунгаа болох байх. Тод манлай уяач Г.Сандуйжав, Манлай уяач Ч.Улаан, Алдарт уяач Т.Энхтайван, “дааган” Ганаа нарын тэргүүтэй уяачид Налайхын голоор бий… Улсын алдарт уяач Ажгаагийн Алтангадас мөн Налайхын баруун урдруу бий. Тод манлай уяач С.Ганхуяг, ААУ Б.Цэндбаатар, Т.Батзориг нарын “Дорнын унага” гал уяаныхан Дорнод аймагтаа уяа сойлгоо тааруулж байгаа. 

Одоо харин наашлаад Хэнтий хавьд ирэх сурагтай. ААУ Энхбатын Дашчирэв нутагтаа /Баянхутаг/ байгаа байх. Удахгүй Ажнай шарга галдаа ирж нэгдэх байх. Тод манлай уяач Б.Содномцог Сэлэнгийн Ерөөд морьдоо уяж байгаа гэсэн. Дундговийн “Тэнүүн говийн хурд” галынхан Тэргүүн хонгор тэргүүтэй хурдан хүлгүүдээ Баянцагааны баруун тал, Довын гуанзны зүүн урдруу сойж байгаа. За тэгээд сүүлийн үед хөдөө орон нутгаас олон сайн морьд ирж төрийн наадамд дээгүүр хурдалдаг болсон. Тэдгээр уяачид маань нутаг нутагтаа л морьдоо уяцгааж байгаа. Наадам дөхүүлж ирээд л “цахиур хагалцгаах” байх даа.

HIIMORI.mn Б.Ганпүрэв

эх сурвалж www.hiimori.mn