Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод зогсохгүй “Та нар шиг хонинуудыг нядлаад хаячихна шүү” гэж сүрдүүлсэн DNN.mn

Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах өөрийн эзэмшлийн “G center” төвийн үүдэнд бусдын биед халдсан хэрэг энэ сарын 20-нд гарсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж эхэлсэн гэгдэж буй. Тухайн өдөр юу болсон талаар хохирогч залуугийн ээж Т.Мөнхтуяатай ярилцлаа.


-Манлай уяач Т.Галбадрах хүүгийн тань биед халдаж байгаа бичлэг цахим сүлжээнд тархсан. Төрийн шагнал хүртсэн нэр хүндтэй хүн хүний эрхэд бүдүүлгээр хандсан үйлдэлд олон нийт ихээхэн бухимдаж байна. Тэр өдөр чухам юу болсон талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Тэр өдөр баасан гариг байсан. Бид гэр бүл, ахан дүүсээрээ тус төвийн ресторанд буяны цайллага хийгээд 14:00 цагийн үед гарч явцгаасан. Хүү маань мопед унаад түрүүлээд явахаар хөдөлсөн юм. Рестораны хашааных нь хаалга автоматаар нээгддэггүй юм билээ. Дотроос нь ресепшн нь нээдэг. Хүү маань гарах гэж нэлээд нааш цааш эргэлдэж байгаад онгойхгүй болохоор нь тойроод гарсан байдаг. Мопед унасан хүн чинь нэг их зай эзлэхгүй шүү дээ. Хаалт хашлаганд нь хүрээгүй. Гэтэл машин гардаг хаалтыг нь дөнгөж тойроод цааш явтал нэг нөхөр араас нь дуудсан байгаа юм. Хүү маань биднийг дуудаж байна гэж эргэсэн гэсэн. Гэтэл танихгүй нөхөр явж ирээд “Чи яаж байгаа юм” гэж хэлээд л хариу хэлэхийн завдалгүй баруун шанаа руу нь цохиод унагаасан байсан.

-Та өөрөө харсан гэв үү?

-Яг тэр үед нөгөө талынх нь хаалгаар машинтай гараад ирж байсан. Хүүг маань цохиж унагаахыг харсан. Тэр даруй ухасхийгээд хүрээд ирэхэд хүү маань газар ухаангүй, хамарнаас нь цус гарч байсан. Маш их айж сандарсан. “Хүүе ээ чи чинь хүүхэд алчихлаа, яаж байгаа юм бэ” гэхэд нөгөө эр “Хохь чинь” гээд хээв нэг алхаад яваад өгсөн.

Хүний биед халдаад тэр хүн нь газарт унаад өгөхөд ядаж зогтусна биз дээ. Тэгэх ч үгүй байна лээ. Тоохгүй яваад өгсөн. Тэр даруй түргэн, цагдаад дуудлага өгсөн.

-Хүү тань хэзээ ухаан оров?

-Нэлээд удсан шүү. Цохиулаад шууд л хатуу цементэн дээр тархиараа уначихсан шүү дээ. Каск өмссөн тулдаа л амь аврагдсан.

-Эмнэлгийн байгууллага юу гэв. Гэмтлийн тухайд?

-Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр толгой доргилттой, хавантай байна гэж гарсан. Эцсийн хариу бол гараагүй л байна. Бид хэрэгтэй материалуудыг бүрдүүлээд өгсөн байгаа.

-Цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан уу. Шалгаж байгаа юу?

-Дуудлагаар ирсэн цагдаа хүүгээс маань тухайн үед хэдэн зүйл асуугаад явсан. Дараа нь би гэрчээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өгсөн. Өөрөөр асууж тодруулсан зүйл одоохондоо алга.

-Хүүд тань халдсан Т.Галбадрахтай уулзсан уу?

-Би тухайн үед хүүгээ анхаараад цагдаа, эмнэлэг дуудаж байх үед дүү маань ресторан руу Т.Галбадрахын өрөөнд явж орсон байсан. “Та яаж байна аа, зүгээр явсан энгийн иргэний биед халдаж болохгүй ш дээ” гэхэд элдэв янзаар доромжилсон байсан. Дүү маань бичлэг хийсэн байсныг харсан байх. Тэр хүн хийсэн үйлдэлдээ гэмшсэн шинж байгаагүй. Ерөөсөө тоох ч үгүй байна лээ. “Хохь нь, шүүх цагдаагаараа яв. Би стресстэй байсан. Би хар мянган хонь тэжээж байна. Та нар шиг хонинуудыг нядлаад, нядлаад хаячихна шүү” гэх зэргээр маш бүдүүлэг харьцана лээ.

Үнэхээр гайхаж байна. Монгол Улсад энгийн иргэн амьд явах баталгаа алга. Ялангуяа мопед, мотоцикл унасан бол хүнд тооцогдохгүй бололтой. Хууль гэдэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэггүй болохоор л энэ мэтийн нөхдүүд ийм бүдүүлэг байдаг юм байна гэж ойлголоо. Өмнө нь ч ийм харгис хэрцгий зан араншин бусдад гаргаж байсныг үгүйсгэхгүй.

-Уучлалт гуйх биш эсрэгээрээ сүрдүүлж байна гэж ойлгож болох уу?

-Тэр хүнд уучлалт гуйх ямар ч бодол байхгүй нь харагдсан. Яасан ч яадаг юм гэсэн өнгө аястай. Ядаж л би хүний биед халдчихлаа, унаад өгсөн, үхчих вий гэж хүн зогтусмаар даа. Тийм өчүүхэн ч сэтгэл харагдаагүй. Ерөөсөө л балмад, зэрлэг араншинтай хүн юм билээ. Хууль цагдаа үйлчилдэггүй болохоор л ийм нөхөд дураараа аашилж байгаа болов уу даа.

Энгийн иргэд бид чинь хуулийг дээдэлдэг, хууль цагдаа иргэнээ хамгаалдаг гэж л сүрдэж, итгэж явдаг шүү дээ. Гэтэл үгүй юм байна.

-Монгол Улсын манлай уяач цол хэргэмтэй хүн энгийн иргэнд халдаж, бүдүүлгээр харьцаж байгаа үйлдэл нийгмийг цочирдуулж байна л даа. Танд ч бас хүнд байгаа бололтой?

-Маш хүнд байна. Сэтгэл зүйн шок одоо хүртэл гараагүй байна. Бидэнд ингэж хандаж байгаа хүн өөр бусад хүмүүст ч ингэж ханддагаас зайлшгүй. Тухайн үед ийм мундаг шагнал авсан цол хэргэмтэй гэж мэдээгүй. Уг нь төрийн шагнал урамшуулал авсан олны танил хүмүүс илүү хариуцлагатай, соёлтой, ёс суртахуунтай баймаар юм даа.

-Хүү тань юу гэх юм?

-Хүү маань ч гайхсаар байгаа. Гадаадад сургууль төгссөн соёлтой, боловсролтой хүүхэд. Ном журмаар нь явж, цагдаагийн байгууллагаар шалгуулна. Шударга шийдэж өгөх байх гэж л хүлээж байгаа.

-Саяхан бас эмэгтэй жолооч явган хүний зам дээр явсан хүүг цохисон асуудал үүсээд байна. Хуулиараа хүний биед халдсан хэргээр 100 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрч байх шиг байна. Таны кейстэй нэлээд ойролцоо бололтой?

-Хэрэв хүүд минь халдсан асуудлыг ингэж шийдвэрлээд өнгөрвөл маш харамсалтай юм. Ер нь эрүүгийн хэрэг үүссэн ч 450 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрдөг бололтой. Ийм хариуцлагыг энэ мэт нөхөд тоохгүй шүү дээ. Тиймээс ядаж л нийгэм ийм хүмүүсийг хараг, мэдэг. Монголын хууль цагдаа нь хариуцлага тооцож чаддаггүй юм бол олон нийт мэдэж, цочроо өгөг гэж л бичлэгийг цахим сүлжээнд тавьсан. Стресстлээ гээд хүний биед халдаад явна гэдэг хууль журамтай ардчилсан улсад байж боломгүй үйлдэл. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй шүү дээ.

Б.ЭНХЗАЯА

One reply on “Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод зогсохгүй “Та нар шиг хонинуудыг нядлаад хаячихна шүү” гэж сүрдүүлсэн DNN.mn”

Манай улсад нэг тэнэг ойлголт байх юм. Хүн ажиллуулж, ажлаа хийлгээд цалинг нь олгосныгоо тэжээж байна гэж андуурах юм. Тэгж стресстээд байвал өөрөө ажлаа хийгээд мөнгөтэйгөө үлдэх хэрэгтэй ш дээ. Тэгээд зогсоолын мөнгөнөөс болж хүний биед халдана гэдэг гутмаар юм биш үү. Уучлалт ч гуйчихгүй, яасан ч арчаагаа алдсан новш вэидээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *