Энэ өвөл Өвөрхангай аймгийн хэмжээнд 4479058 толгой мал өвөлжсөнөөс энэ сарын 20-ны байдлаар 4.2 хувь буюу 187265 толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна.
Малын хорогдлоос 88 мянга гаруй ямаа хорогдож, дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Хонь 75 мянга, үхэр 12 мянга, адуу 7 мянга, тэмээ 2 мянга гаруйтай хорогджээ.
Нийт хээлтэгч 1986942 толгой малаас 1430497 мал төллөх бөгөөд 60 орчим хувь буюу 856 мянган толгой мал төллөөд байна. Төл бойжилт 92.8 хувь буюу 794317 мянган төл бойжиж байна.Төллөх малаас 26 мянга гаруй мал хээл хаяжээ.
“Энэ хавар харьцангүй эрт хур тунадас орж, нийт нутаг чийг сайтай байгаагаас ургамлын гарц нэмэгдэн бог мал тэнхэрч эхэлж байна. Говийн сумдад бод мал тэжээлээс арай гараагүй байна” хэмээн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир ярилаа. Отрын малчдыг тухайн аймаг, сумаас хөөж байгаа тул ойрын аймгуудад оторлосон малчид буцаж ирж байгаа аж.