Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” орон нутагт ажиллаж байна.
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,тэргүүтэй Шуурхай бүлэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл, байдал, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх,өвс тэжээлийн хангамж хүрэлцээтэй газар дээр нь танилцаж, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөх зорилгоор орон нутагт ажиллаж буй аж.
Шуурхай бүлэг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож яаралтай авах зарим арга хэмжээг авлаа.
Өвөрхангай аймгийн хувьд 16087 малчин өрхөд нийт 5.7 сая толгой мал өвөлжиж байгаа, нийт нутгийн 95 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 25-45см, хунгарласан газар, гуу жалгандаа 90-150 см байна.
Улсын төсвийн тодотголоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр 432 сая төгрөгийн санхүүжилтээс сум бүрд 15.9 сая төгрөгийг буюу нийт 302.1 сая төгрөгийг олгож, үлдэгдэл 121 сая төгрөгөөр аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт, ихэнх сумдаар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын нөөцийн өвсийг хөнгөлөлттэй үнээр борлуулах, иргэн, аж ахуй нэгжийн худалдан борлуулж байгаа өвсийг малчдад ноосны урамшууллаар урьдчилан зээлээр олгох боломжийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сантай хамтран судалж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг саналыг тавилаа.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Энэ жилийн хувьд өвөлжилт хүндэрч болзошгүйг урьдаас тооцож Засгийн газар, УИХ, ХХААХҮЯ-наас хэд хэдэн бодлогын зохицуулалт хийсэн. Аймгийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх, ОХУ-аас импортын тэжээлийг оруулж ирэн хямд үнээр худалдаалах зэрэг хүндэрсэн хойно биш хүндрэхээс өмнөх зохицуулалтуудыг хийсэн. Үүний үр дүн бас харагдаж байна гэж болно. Жишээ нь Өвөрхангай аймгийн хувьд одоогийн байдлаар 427 тонн тэжээл борлуулагдсан байгаа нь жилийн турш бэлтгэгдсэн аймгийн аюулгүйн нөөцтэй дүйцэх хэмжээний өвс, тэжээл малчдын хотонд очсон байна гэсэн үг. Цаашид харьцангуй өвөлжилтийн нөхцөл байдал гайгүй байгаа аймагт борлуулагдах тэжээлийг хүндэрсэн зарим аймаг руу татах ажлыг зохион байгуулъя. Үүнийг ХХААХҮЯ шуурхай зохион байгуулна гэлээ.
Зарим аймгуудад өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул мал тэвээргээ алдахаас урьтан малчдын гарт өвс тэжээл хүргэх зорилгоор улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 8000 тн өвсийг үнэгүй, 6500тн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчид, иргэдэд хуваарилан олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ дагуу Өвөрхангай аймагт 550 тн өвсийг үнэгүй, 500 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн. Энэ удаад Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг өвөлжилт хүндэрсэн сумдын Засаг дарга нартай уулзаж нөхцөл байдлыг тодруулж, малчин өрхүүдээр орж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны үндсэн дээр өвөлжилт хүндэрсэн, цаашид хүндрэх төлөвтэй байгааг харгалзан нэмж 320 тонн өвс үнэгүй, 300 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ. Өвөрхангай аймагт нийтдээ 820 тн өвс үнэгүй, 800 тн тэжээл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгогдож, энэхүү тусламжийн эхний цувааг хүлээлгэн өглөө.