Categories
мэдээ улс-төр

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

Засгийн газрын хуралдаанаас:

  • Нийслэл, аймгийн төв, суурин газрын хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд зориулж мал, мах бэлтгэх, 20 мянган тонноос багагүй хэмжээний махны нөөц бүрдүүлэх
  • Мал, махны экспортыг бүх хэлбэрээр дэмжих, нэмэгдүүлэх
  • Отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгад хамруулах, тууврын замд хяналт тавих
  • Байгаль, цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийн талаархи урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэж байх
  • Малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх график гаргах, жирэмсэн, 0-5 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын хяналтад байлгах зэргийг бүх сайд, холбогдох агентлагуудын дарга нарт даалгав.

Мөн:

  • Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих
  • Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг заасан хэмжээнд бүрдүүлэх
  • Малчид, мал бүхий иргэдийг өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан хадлан, гар тэжээл бэлтгүүлэх
  • Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн улсын хилийн зурвас газрын ойролцоо хадлан бэлтгэх талбайг говийн бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад ашиглуулах, дэмжлэг үзүүлэх
  • Улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газарт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоог урьдчилан гаргах, холбогдох төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авч гэрээний дагуу өвөлжүүлж, хаваржуулахдаа газар нутгийн маргаан гаргахгүй байх
  • Отроор өвөлжих, хаваржих малчдыг эрүүл мэндийн даатгалд заавал хамруулах

Малчин өрхийн талаархи мэдээллийг аймаг хоорондоо солилцож, отроор яваа үед нь тухайн орон нутаг эмнэлгийн тусламж /ялангуяа яаралтай тусламж/ үзүүлэх бэлтгэлээ хангахад нь дэмжлэг үзүүлэх зэргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Зуншлагын байдал

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны танилцуулгаас үзвэл 2020 оны 7 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд зуншлага сайн, 40 хувьд дунд, 20 гаруй хувьд тааруу. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх, Төв, Дорноговь аймгийн зарим нутгаар муу байна. Үүнтэй холбоотойгоор отор нүүдэл ихсэх хандлагатай болжээ.

Тухайлбал Дундговь аймгаас 1,331 малчин өрх нэг сая гаруй толгой малтайгаа Хэнтий, Сүхбаатар, Улаанбаатар, Булган, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймагт оторлож байгаа мэдээ иржээ.

Өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас их цас орсноос өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Архангай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өвөрхангай, Завхан аймагт нийт нэг сая мал хорогдсон. Энэ нь улсын хэмжээний нийт хорогдлын 86 хувийг эзэлж байна.

Мал, мах бэлтгэл

Манай улсын нийт хүн амын 2020 оны хүнсний хэрэгцээнд 116 мянга гаруй тонн мах шаардлагатай. Хүн амын бодит хэрэглээ, хүнсний зориулалтаар төхөөрөх малын тоонд үндэслэн тооцоход 354 мянга гаруй тонн мах дотоодын зах зээлд нийлүүлэх нөөцтэй гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзжээ.

2019 онд 11 мянга гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд энэ оны долоодугаар сарын байдлаар 10 мянга орчим тонныг нь худалдан борлуулаад байна.

Бэлчээрийн усан хангамж

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 21 аймгийн 241 суманд 582 худаг шинээр, 184 худаг сэргээн засварлах, 126 булаг, шанд тохижуулах, 9 хөв цөөрөм, 10 худагт сэргээгдэх эрчим хүчээр ажиллах ус өргүүр суурилуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Үүнд улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрөөс 10 тэрбум гаруй төгрөг зарцуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *