Анааш. “Аймаар” урт хүзүүтэй, бас заримдаа онигооны баатар болдог амьтан. Анааш гэгч ер нь яагаад ийм урт хүзүүтэй, сүрлэг сайхан амьтан болчихсон юм бол оо. Энэ талаар ер бодож үзээгүй байхад хүүхэд л харин “Аав аа, энэ анааш яагаад ийм урт хүзүүтэй болчихсон юм бэ” гэж асуухад нь асуултад бүдрэхгүйн тулд номын хуудас эргүүлсэн юм.
Анааш зөвхөн Африк тивд амьдардаг, салаа туурайтай хөхтөн амьтан. Одоо цагт хуурай газар дээр амьдарч байгаа хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч амьтан ажээ. Нас бие гүйцсэн эр анааш дунджаар 1,2 тонн бол эмэгчин нь 800 орчим кг гэхээр үнэхээр нүсэр амьтан болж таарна. Өндрийн хувьд 4,2-5,3 метр өндөр тэнгэр баганадсан, сүрлэг нь хэтийдсэн амьтан байх нь. Гиннесийн дээд амжилтын бүртгэлд хамгийн өндөр анаашийг зургаан метр өндөр байсан гэж тэмдэглэжээ. Бор шаргал өнгийн толбо, цагаан судлуудаар эрээлжилсэн арьстай, тэрхүү арьсны онцлог хээ нь хэзээ ч давхацдаггүй. Нэг ёсондоо хүнээр бол хурууны хээ шиг хэзээ ч үл давтагдана гэсэн үг. Өвсөрхөг тал нутаг, ойтой газраар голдуу нутагладаг анааш голдуухан хуайс модны навчинд дурладаг. Идэш тэжээлийнх нь дийлэнх нь хуайс гэдэг модны навч байдаг аж. Энэ өндөр сүрлэг амьтан зарим тохиолдолд 55 км.цагаас ч илүү хурдалж чаддаг. Гэхдээ амьдралынх нь ихэнх цаг нь нам гүмхэн, аядуу зөөлөн алхаан дунд үргэлжилнэ.
Анааш арваад кг хүртэл жин татдаг аварга том зүрхтэй бөгөөд тархи хүртлээ хоёр метр урт. Энэ урт замыг ийм аварга том зүрх л тархи руу нь цусаа хүргэж байхын тулд асар өндөр даралтаар шахдаг гэсэн үг. Мөн тэр цусны асар өндөр даралтыг зохицуулж байхын тулд хөл нь ч гэсэн зүрх судасны системтэй нь нягт зохицож ажиллана. Мэдээж анаашны толгой дандаа тэртээ дээр байгаад байхгүй. Ядаж л ус уух хэрэгцээтэй учраас толгойгоо доош тонгойлгоно. Энэ үед өндөр даралттай цусыг тархи руу огцом шахахгүй байхаар зохилджээ. Ер нь анааш яагаад ийм урт хүзүүтэй болсон талаар хэд хэдэн таамаг бий. Зарим судлаачид анаашны идэш тэжээл нь газарт огт ургадаггүй. Дандаа өндөр модонд байдаг учир ийм урт хүзүүтэй болсон гэх таамаг бий. Тэгвэл зарим нь хэт том зүрхтэйн дээр өндөр даралттай болохоор тархинд очих цусны даралтыг дааж байхын тулд байгалийн зохилдлогоор ийм хүзүүтэй болсоон гэдэг. Бас зарим нь өндөр байх нь ирж болзошгүй аюулыг урьдчилан алсаас харах “аюулгүйн систем”-тэй нь холбон авч үздэг. Мэдээж толгой нь тэртээ өндөрт байна гэдэг маш том давуу тал. Өндөр машин унаад явахад замын нүх холоос харагддагтай адилтгаж болохоор. Гэвч амьтан судлаач эрдэмтэн мэргэд яг яагаад ийм хүзүүтэй болсон талаар нэгдсэн нэг дүгнэлтэд хүрээгүй, судалсаар л байгаа юм байна. Анааш нь ердийн буюу бусад хөхтөн амьтнаас хоёр дахин өндөр цусны даралттай. Үнэхээр ч энэ өндөр даралтыг богино хүзүүтэй амьтан яагаад ч тэсэхгүй нь ойлгомжтой л доо. Дэлхий дээр өвөрмөц сонин амьтан хэдэн мянгаараа бий. Бүгд л өөр өөрийн онцлог шинжтэй. Тэгвэл урт хүзүүт анааш дэлхий дээрх цорын ганц хар өнгийн хэлтэй амьтан. Бас тэр хэл нь их урт. Насанд хүрсэн хүний хоёр төө буюу бараг 45 орчим см урт хэлтэй. Энэ урт хэлээрээ модны навчийг ороон авч иднэ. Энэ аварга биеийг тэжээж байхын тулд анааш ер нь маш их иддэг. Өдөрт дунджаар 30 кг-аас дээш навч иднэ. Ийм хэмжээний идэш тэжээлийг олж идэхийн тулд ядаж л 15-18 цаг зарцуулдаг юм байх. Анаашийг аль нь эрэгчин, аль нь эмэгчин гэдгийг модноос навч түүж идэж байгаагаар нь шууд ялгаж болдог. Эрэгчин нь эмэгчиндээ хүзүүгээ гайхуулах зөн совин уу, ямартаа ч хүзүүгээ аль болох сунгаж модны оройн хэсгийн навчийг иддэг бол эмэгчин нь доод мөчрүүдээс иддэг гэнэ.
Монголчууд морь зогсоогоороо унтдаг, маш бага нойртой гэх мэтээр ярьцгаадаг. Тэгвэл анааш бүүр нойргүй шахуу гэж хэлж болохоор амьтан юм. Тун саяхныг болтол анааш ер нь огт унтдаггүй амьтан юм байна гэдэг дээр эрдэмтэд санал нийлэх шахаж байж. Учир нь судлаачид унтаж байгаа анааштай огт таарч байсангүй. Гэтэл харин нэгэн судлаач, зурагчин мань анаашны унтаж байгаа бичлэг болон зургийг олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд баримтжуулж чадсан байна. Тэгээд судалгаагаа лавшруулсаар “За, энэ анааш болбоос ямартаа ч унтах нь унтдаг юм байна аа. Гэхдээ маш бага унтдаг. Хоногийн 24 цагт их сайндаа 10-15 минут унтдаг юм байна. Бүүр онцгой үед нэг цаг унтвал их юм” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үнэгний нүд залгисан юм шиг унтдаггүй амьтан байх нь ээ, анааш гуай. Өмнө өгүүлсэн их хэмжээний идэш тэжээлээ олж идэхийн тулд ийм нойр багатай байхаас ч аргагүй. Унтаад байвал тэр их хоолыг идэж амжихгүй болж таарах нь.
Анаашны үржил ер нь удаан. Эмэгчин анааш үр төлөө 420-460 орчим хоног тээнэ. Голдуухан ганц тугал төрүүлнэ. Номонд тэмдэглэхдээ маш ховор тохиолдолд ихэрлэдэг гэжээ. Мэдээж энэ аварга амьтнаас дориун төл гарах нь тодорхой. Дөнгөж төрсөн тугал нь 1,8 м өндөр. 50 кг-аас ч илүү жинтэй төрнө. Хоёр гуравхан цагийн дараа хөл дээрээ тэнцэн гүйж харайж, орчлонтой танилцаж эхэлдэг гэж байгаа. Дөрвөн настайгаасаа эхлэн нас биед хүрч үржилд орно. Онгон зэрлэг байгальд 25 хүрч наслах боловч хүний асаргаа хамгаалалтад буюу амьтны хүрээлэн зэрэг газарт 35 нас хүрсэн баримт байдаг аж. Энэ өндөр сүртэй амьтанд байгальд дайсан харьцангуй цөөн. Харин тугалыг нь зэрлэг чоно, арслан, ирвэс зэрэг амьтад хоолоо болгочихдог гэмтэй. Нас биед нэгэнт хүрсэн анааш руу дайрах зүрх зоригтой амьтад ч цөөн, дайрсан нэгнийг хүчирхэг туурайгаараа тархийг нь зад өшиглөдөг. Гэхдээ өвсөн тэжээлтэн л бол өвсөн тэжээлтэн. Нүсэр том бие, удаан аажуу хөдөлгөөн нь араатны хоол болгочих эрсдэл өндөртэй. Харин эхээс төрж байгаа тугалнуудын дөнгөж тал хувь нь л нас биед хүрч, үржилд ордог. Анаашны арьсны хээний талаар дээр өгүүлсэн. Тэгвэл анааш гэдэг үг нь өөрөө латин хэлэнд “тэмээн ирвэс” гэсэн утгыг агуулдаг аж. Анааш бас толгойдоо үстэй арьсаар бүрхэгдсэн хоёр, зарим тохиолдолд дөрвөн эвэртэй байдаг. Ер нь л бүх юмаараа өвөрмөц амьтан юм. Анааш гол төлөв 10-15-аараа нийлэн сүрэг болон амьдарна. Анаашийг ер нь дуугүй амьтанд тооцдог. Ер нь барагтай бол ямар нэгэн авиа гаргахгүй бөгөөд хааяахан санаа алдаж байгаа шиг юм уу, ёолж байгаа ч юм шиг авиа гаргадаг гэнэ. Гэхдээ анааш 20 Гц-ээс бага давтамжаар буюу хүний чихэнд үл сонсогдох нууцлагдмал авиагаар хоорондоо харьцдаг болохыг тогтоогоод байгаа гэнэ.
Амаа байдгаар нь ангайчихсан матрын шүдэн дээр төрөл бүрийн жижиг биетэй шувуу суучихсан байдаг даа. Матар тэдгээрийг “хабб” гээд идчихдэггүйн учир нь шүдээ цэвэрлүүлэхэд байдаг. Тэгвэл анаашинд ч гэсэн ийм байгалийн зохилдлогоо бий. Зүүн Африкийн анааш окпекер гэдэг бяцхан шувуу хоёр яг ийм байдлаар маш сайн “нөхөрлөдөг”. Тэдгээр шувууд өндөр амьтны шүдний эмч нь гэхэд болно. Тэд анаашны шүдний завсар орсон хоолны үлдэгдлийг идэж өгдөг. Зарим тохиолдолд бүүр арьсан дээр нь шимэгчлэн байх өт хорхойноос нь ч салгаж өгдөг байх юм. Анааш нь дотроо бас хэд хэдэн дэд зүйлтэй. Ангол, Сомалийн, Уганда, Масай, Өмнөд Африкийн, цэвэр анааш гэж ялгагдана. Угандагийн анааш нь хүрэн өнгөтэй, арьсны хээ нь том хэмжээтэй, жигд бус хэлбэртэй өргөн цагаан судлаар тусгаарлагдсан байдаг бол Масай анаашны толбо нь жижиг бараан өнгөтэй, таван үзүүр бүхий байдаг аж. Харамсалтай нь өдгөө Анголийн анааш устаж үгүй болжээ.