Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор хоёрдугаар сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Учир нь дотуур байрны хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн тул аймгийн онцгой комисс хуралдаж, өвчнийг газар авхуулахгүй яаралтай таслан зогсоох үүднээс тус сургуулийг тав хоногийн хугацаатай ийн хаасан байна. Цогцолбор сургуулийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийг мөн амраах аж. Үүнээс гадна энэ сарын 20 хүртэл хүүхдүүдийг хамруулсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг аймгийн нийт сургуулийн захирлуудад даалгажээ.
Одоогоор дотуур байрны 43 хүүхэд аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Нийт тандалт судалгаанд 1657 хүүхдийг хамруулснаас 167 нь буюу арван хувьд нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. 154 хүүхдээс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжлэхэд 44 хүүхдээс “Sh.Flexneri”нян илэрсэн байна.
Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж. Эдгээр хүүхдүүдийн эмчилгээнд шаардлагатай эм тарианы зардлыг аймгийн Онцгой комиссоос гаргахаар болсон байна. Аймгийн МХГ-аас тус дотуур байрны гал тогооноос дээж авч төв лаборатори руугаа явуулсан бөгөөд шинжилгээний хариу энэ сарын 5-нд гарна гэв.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сургуулийн дотуур байранд хүнс нийлүүлдэг байгууллага муудсан мах нийлүүлснээс халдварт өвчин гарсан гэдгийг хэлж байгаа юм.