Увс аймгийн Улаангом сумын I багийн “Чандмань” гэдэг газар 2017.02.12-ны өдөр хиймэл нуурын далан сэтэрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Үүний улмаас улсын чанартай автозамын зорчих хэсэг хаагдах, тус багийн 500 гаруй айл усанд автах нөхцөл байдал үүсээд байсан юм. Харин энэ тухай мэдээллийг 2017.02.14-ний өдрийн 17:00 цагт хүлээн авсанаар аврагчид ажиллаж эхэлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 42 албан хаагч, таван автомашин, “АЗЗА” ХХК-ийн 10 албан хаагч, таван автомашин, орон нутгийн хоёр иргэн, нэг автомашинтай, нийт 54 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 105 тн шороо буулгаж, 15 метр сэтэрсэн даланг хаажээ. Мөн 300 метр урт далан босгосон гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээллээ.